Мэдээлэл

Д.ОТГОНБАТ: ДУУЧИН ЛАМ БОЛОХ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ БАЙНА

2019-08-26
Оруулсан Админ, 465 үзсэн

.Отгонбат:”Дуучин лам болох” мөрөөдлөө биелүүлж явна

otgonbat 1ДБЭТ-ын гоцлол дуучин, баритон, өнгөрсөн долдугаар сард Чех улсад болсон дэлхийн дуурийн од Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын “Опералиа” уралдааны оролцогч Э.Отгонбаттай ярилцлаа.

-Чех улсад уралдаанд оролцоод, цаашаа Итали явсан. Сонсох нь ээ тус улсад бас “тоосоо өргөсөн” гэсэн. Энэ ямар уралдаан байв?

-Болонья хотод болсон тус хотын захиргаанаас зохион байгуулдаг уламжлалт уралдаанд манай театрын найрал дууны ангийн дуучин ах оролцох гэж байгаад больсныг наашаа буцахын өмнө мэдсэн юм. Нэгэнт ойрхон байгаагийнх түүний оронд оролцож болдоггүй юм болов уу гэсэн санаа төрөөд, Италид амьдардаг Д.Туяа эгчээр асуулгахад “Болно” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь очсон юм. Өдөр нь буугаад, маргааш нь дуулсан. “Опералиа”-д өрсөлдөж байсан хэд хэдэн залуу бас очсон байлаа. Яах вэ, олон орны сайхан дуучид дунд ёстой л “тоосоо өргөөд” таарса. Эцэст нь шилдэг 30 дуучинд багтсан л амжилттай. Түүнээс цааш яваагүй. Ингээд хоёр уралдаанаас “мултраад” ирлээ.

-Чамлах юм биш. 100 дуучнаас шилдэг 30-д гэдэг чинь бас л амжилт. Баяр хүргэе.

-Баярлалаа.

-Залуу хүн зун амралтаараа судалгаа хийж яваад ирсэн байна шүү дээ.

-Тэгж хэлж болно оо. Э.Амартүвшин ах наймдугаар сарын 2-нд Мачерата хотын 6500 суудалтай задгай театрт “Риголетто”-д тоглож таараад. Ах, эгч хоёр “Ойрхон ирснийх дуурь үзээд яваач” гэж урихаар нь очсон. Очилгүй яах вэ дээ. Тийм боломж олдож байхад. Амраа ах яаж дуулж байгааг, ер нь тэнд дууриа хэрхэн тоглодог юм, оркестр нь яаж дуугарч байна гэх зэргийг харах, сонсох хүсэл байсан. Тэр олон үзэгчийн өмнө ганц монгол дуучин, тэгээд гол дүрд дуулж байгааг сонсоход өөрийн эрхгүй суудал дээрээ өндөлзөөд байлаа. Хажуугийн суудалд байсан үзэгчид Туяа эгч бид хоёрыг монгол гэж мэдээд дуучин бидэнтэй ямар холбоотой болохыг асууж байлаа. Туяа эгчийг гэргий нь гэхэд баяр хүргэн “Ямар мундаг юм бэ. Хаана сураад ийм сайн дуулдаг болсон юм бэ” гэж асууж байлаа. Тэгэхэд нь бид хоёр “Монголдоо сурсан” гэхэд, тэд гайхаад байна лээ. Амраа ахаар маш  их бахархсан. Италичуудад төрөлх хэлээр нь хамгийн сайн мэддэг дуурийг нь ганц эгшиг, авианы  зөрүүгүйгээр дуудаж дуулаад байхаар өөрийн эрхгүй биширч байна лээ. Дууны үг дэлгэцэд итали, англиар бичээстэй. Тэнд бичсэн үгийг цэг, таслал гээлгүй зөв хэлж дуулах гэдэг их өндөр хариуцлага, ур чадвар, хичээл зүтгэл, хамгийн гол нь ухаан юм даа гэж бодож суусан. Амраа ах дэлхийн шилдэг дуучин болсныг үзэгчдийн алга ташилт харуулдаг юм байна. Удахгүй Доминго маэстро шиг бүхний танил од болох замдаа оржээ.  Газар үзэж, хүмүүстэй танилцангаа мэргэжлийн  богино хэмжээний мастер класс сургалтад суугаад ирсэн юм шиг л боллоо.

-Домингогийн уралдааны сонин сайхнаас яриач. Шүүгчид нь чанга юм уу?

-Дуулах дараалал тогтоох сугалаа явуулаагүй байсан. Дуучдыг очсон дарааллаар жагсаахдаа намайг нэг номерт биччихжээ. Үүнээс болсон гэхгүй, туршлага дутсан болов уу, дараагийн шатанд шалгарч чадаагүй.  Гэсэн ч хоёр, гуравдугаар шатанд дуулсан бүх уран бүтээлчдийг сонссон. Тэгээд ч төгсгөлд нь бүх дуучин “Опералиа”-гийн сүлд дууг бүгд хамт дуулах ёстой байсан юм.

-Юу дуулсан бэ?

-Өөрийн сонголтоор хөгжмийн зохиолч “Андре Шенье” дуурийн Жерардын ари, Доминго маэстрогийн нэр зааж өгснөөр “Риголетто” дуурийн Риголеттогийн ари дуулсан.

-Түүний нэрэмжит уралдаанд Э.Амартүвшин долоон жилийн өмнө оролцож, түрүүлсэн. Түүнээс хойш анх удаа монгол дуучин очсон болохоор, “Энэ нөхөр Риголеттог яаж дуулах нь вэ, харъя” гэж бодож л дээ.

-Мэдэхгүй.

-Маэстро ганцаарчилж уулзсан уу. Юу гэж хэлж байх юм?

-“Сайхан хоолойтой юм байна, хичээгээрэй” гэсэн. Гар барьж, зургаа хамт авахуулсан. Тэгээд л ер нь миний очсон хэрэг бүтчих шиг санагдсан даа (инээв). Дэлхийн дуурийн урлагийн домог болсон дуучин, 70 гарсан насандаа одоо хэр тайзнаа дуулж байгаа, цуцаж, ухрахыг мэддэггүй уран бүтээлчтэй зэрэгцэж зогсоод зургаа даруулж байх юм гэж ерөөсөө бодож байгаагүй. Олон улсын томоохон тайзан дээр монгол дуу, аригаа дуулаад л, гараа дэлгээд зогсож байх юм шүү, хичээнэ ээ гэж хааяа боддог болохоор мөрөөдлийнхөө үзүүрээс ямар ч байсан атгаад авлаа, тавихгүй юм шүү гэж өөртөө чангахан хэлсэн.

-Дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаад удаж байна уу?

-Хоёр жил болох гэж байна.

-Яагаад дуучин, тэр дундаа дуурийн дуучин болохоор шийдсэн юм бэ?

-Багаасаа дуулах дуртай байсан юм. Өөрийгөө товч танилцуулъя. Би 1990 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумд төрсөн. 2007 онд дунд сургууль төгсөөд, хоёр жилийн дараагаас ХБК-ийн дуурийн дуулаачийн ангид Гавьяат жүжигчин Ч.Туул багшийн удирдлага дор суралцаж, сургуулиа дүүргэсэн. 2014 оны аравдугаар сараас ДБЭТ-ын найрал дууны ангийн дуучин болсон юм. Тус ангидаа харьяалагдаж хоёр жил ажилласны дараа гоцлол дууны ангийн дэргэдэх бэлтгэл группээр дамжиж гоцлол дуучин болсон. Одоогоор “Севилийн үсчин” дуурийн гол дүр Фигаро, “Ламбугуайн нулимс” дуурийн Лодон, “Лучиа ди Ламмермур” дуурийн Энрико зэрэг гол дүр бүтээгээд байна. Туслах гэвэл “Кармен”-ы Данкайро, Моралес, “Учиртай гурван толгой”-н худалдаачны дүрд дуулж байгаа. , “Чингис хаан” дуурьт бас тоглосон. Цаашид өөр олон гоё дүр бүтээхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Дунд сургуулийн дөрөвдүгээр ангид байхаас манай анги удирдсан багш Энхмэнд “Чи дуулах хүүхэд” гээд урлагийн үзлэг, дууны наадмуудад оролцуулдаг байлаа. Бүр багадаа юмны учир мэдэхгүй байж юм л бол дуулах гэдэг, “Би том болоод дуучин лам болно” гэж ярьдаг хүүхэд байсан юм. Хийдийн лам нар унзад хоолойгоор ном уншихад нь дуулж байна гэж боддог байж л дээ. Дагаж дуугарах гэж оролдоход хамаатан садангийнхан маань намайг онгироож их дуулуулна аа. Багын хүслээ биелүүлсэн.

otgonbat 2-Яаж?

-Театртаа бүтээсэн анхны гол дүр маань “Ламбугуайн нулимс” дуурийн Лодон гэвш байсан юм. Их бэлгэшээдэг. Тухайн үедээ фэйсбүүкт “Аав, ээжийнхээ хүслийг, багын мөрөөдлөө биелүүллээ, Дуурийн театрын жинхэнэ дуучин боллоо” гэж бичихэд ах дүү нар маань “Миний дүү, дуучин лам болох мөрөөдлөө биелүүлжээ” гэж байлаа.

-Дуурийн дуучин болох тууштай зорилготойгоор ХБК-д элсжээ.

-Сургуульд байхад үеийнхний дунд Жавхлан, Баясгалан шиг, тэднээс илүү дуучин болох мөрөөдөлтэй хүүхэд нэлээд байлаа. Би ч гэсэн адилхан, тийм бодолтой элсэлтийн шалгалт өгсөн юм. Тэнцээд сургуульдаа ортол их өөр орчин, ертөнц угтсан. Дуурийн урлаг таалагдсан. Зурагтаар хардаг багш нар бүгд хичээл зааж байх нь гоё санагдсан. Дууг зүгээр ч нэг дуулчихдаггүй, хэцүү юм байна гэдгийг ойлгоход энэ урлагт дурлаж эхэлсэн. Тэгээд л дуурийн дуучин болъё гэж шийдсэн. Бадрал, Анхбаяр, Дэлгэрбаяр ах нар үлгэр жишээ болж байлаа. Тэд дандаа сонгодог бүтээлүүд сонсоно, гоё юм ярина. Бид сонсох дуртай. Бид хэдийг хурцална. Хоёр найзтайгаа “Консононс” хамтлаг байгуулж, хэсэгтээ чамгүй дуулсан. Тэр найз нарыгаа, ангийнхнаа ярьж байна л дээ.

-Дуучдыг ах гэлээ. Олон насны зөрүүгүй болов уу.

-Манай сургуулийнхны хувьд ахлах курсийнх л бол нэг насаар ах байсан ч дүү нар нь хүндэлж харилцдаг. Ах нар бидэнд их юм зааж, сургасан. “Чи ингэвэл зүгээр шүү, тэгэхээр болж байна, ингэх хэрэггүй” гэхчилэн илэн далангүй хэлж өгөх нь гоё. Тэд маань олон улсын уралдаануудад амжилттай оролцоод ирэхэд нь сэтгэл хөдөлнө. Тийм үед нэг биш удаа өөртөө “Би яагаад чадахгүй гэж” хэлж байлаа. Сая олон улсын уралдаанд очоод, тайзан дээр шагналтнууд гарч ирэхийг хараад “Манай Амартүвшин, Ариунбаатар, Бадрал, Анхбаяр гээд ах нар маань энэ дуучид шиг ингээд улсынхаа нэрээр дуудуулаад зогсож байдаг байх нь. Бас л ухаан, тэвчээр зааж ийм өндөр амжилтад хүрдэг юм байна даа” гэж бодож байлаа. Монгол гээд бодоход огшоод байдаг юм билээ. Би ганц, хоёрхон  л уралдаанд оролцлоо. Цаашид орхихгүй гэж бодож байгаа. Уралдаж, шагнал авахад гол нь биш, туршлага хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэн, дуурьт гоё дуулах нь чухал. Ер нь дуурийн дуучдын гол хүсэл, зорилго дуурьт дүр сайн бүтээх, үзэгчдийн сэтгэлийг ханатал тоглох гэдэг. Тийм л дуучин байхыг зорьж байна.

-Одоо ямар дүрд дуулахаар бэлтгэж байна вэ?

-“Травиата”-гийн Жермонд хамгийн түрүүнд дуулах болов уу.

-Аймгийн төвд өссөн хүүхэд байна. Хөдөө хэр явдаг вэ, адуу малд хэр вэ?

-Хөдөө бараг явж байгаагүй. Айлын бага болохоор тэр юм уу, гэр амьтай. Гэхдээ нэг удаа наадамд уралдаж үзсэн. Манай нэг ах жижиг биетэй, таарна гээд уралдааны морь унуулаад, бүр наадамд давхиулсан.

-Дуулахаас өөр сонирхол бий юү?

-Багадаа бусад хүүхдийн адил юм юм сонирхдог байсан. Чөлөөт бөх, боксоор хичээллэж үзсэн.  Боксын секцэд явж байхдаа нэг удаа тархи хөдөлгөөд. Гайгүй болохоор нь буцаад очтол багш “Ирж, очиж байдаг туйлбаргүй хүнй хийдэг ажил бокс биш. Чи нэг бол байнга яв, үгүй бол боль” гэж зэмлэхээр нь очоогүй. Тэр үед аав “Касио” хөгжим авчирсан байсан юм. Түүн дээр өдөржин сууна. Ямар нэг дуу тоглоод сурчихсан гээд оролдоод байдаг байлаа. Нэг мэдсэн нэлээд дөртэй болчихсон. Дуу тоглож чаддаг болохоор бүр гэрээс гарахаа байсан.

-Дууны урлагт аргагүй хөтлөгджээ.

-Миний явах зам мөн юм шиг байна.

-Одоо олон улсын ямар томоохон уралдаан санаанд нь багтаж байна вэ. Тухайлбал “Кардифф”-т үзээд алдвал ямар вэ?

-Сайн бэлдээд оролцохыг хүсэж байна. Ер нь өөрийгөө дайчилъя, бага сага бэрхшээлийг тоохгүй байж чаддаг болъё гэж бодсон. Нойргүй хоносон байсан ч дуулж чаддаг хүмүүс нь тийм өндөр түвшний дуулаачид болчихсон байгааг харлаа. Бид, залуу дуучид хэтэрхий даварсан хүмүүс юм байна гэдгээ ойлгосон. Амраа ах гадаадад тэр олон хүний өмнө дуулахын урьд өөрөө өөрийгөө бэлдээд гарч байна. Гэтэл бид 17:00 цагт дуулахын наана мэргэжлийн багш ирж бэлдүүлэхийг хүлээгээд байж байдаг шүү дээ. Ямар ч нөхцөл байдалд бэлэн байж чаддаг болтлоо өөрийгөө бэлдэж байж хол явах юм байна гэдгийг ойлгосон.

Р.Оюунжаргал

2019.8.23

 

 
ХУВААЛЦАХ
Facebook
Twitter
 

 

Бусад мэдээ
Дээш