Захирлын мэндчилгээ

УДБЭТ-ын Захирал Ц.Төвшинтөгс

    Хүн төрөлхтний түүхэнд оюун сэтгэлгээний өнө эртний гайхамшигт өвийг байгалтайгаа хослуулан үлдээж чадсан үндэстний нэг нь Монголчууд юм. 20-р зууны шинэ Монголын нийгмийн оюуны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрийг тасралтгүй оруулж ирсэн цаашид үргэлжилсээр байх тэнгэрлэг хүчин зүйл нь урлаг билээ. Мөн л тухайн үедээ авьяас ухааны хүч чадлаараа шалгаран сонгогдсон монгол залуус, дэлхийн оюуны гэгээрлийг тэргүүлж эхэлсэн Европын сонгодог урлагийг өөрийн соёл урлагийн уламжлалт сэтгэлгээний онцлогтой хослуулан хөгжүүлж 21-р зууны босгон дээр олон улсын түвшинд хүргэж чадсан.
   Үүний тод нотолгоо бол 1940-өөд оноос эх үүсвэр нь бий болсоор 1950 онд зориулалтын шинэ барилга ашиглалтад орж, алдарт Учиртай гурван толгой дуурийн 1000 дахь тоглолтоор Монгол улсад мэргэжлийн хөгжмийн театр үүдээ нээсэн түүхтэй. Тэр үеэс эдүгээг хүртэл тус театраас хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, гавьяат зүтгэлтэн, гавьяат жүжигчид, төрийн шагналтнууд олноор төрөн гарч нүүдэлчин Монголчууд дэлхийн соёл иргэншилтэй эн зэрэгцэн алхсаар ирлээ.
   Энэ бүхэн нь тухайн үеийн төр засгийн бодлого, ард түмнээсээ сонгогдон шалгарч тус театрын хөгжилд бүх амьдралаа зориулж ирсэн бурханлаг уран бүтээлчдийн гэгээн үйлс хичээл зүтгэл, театрыг удирдаж байсан эрдэмтэд, авьяас билигтнүүдийн алсын хараатай үйл ажиллагаанууд нь дэлхийн сонгодог урлагийн нандин өвийг өөрийн уламжлалд тохируулан хөгжүүлж чадсаны үр дүн юм. Үзэгч гэдэг нь театрын хувьд эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн нэг төлөөлөгч байдаг тул улс үндэстэн, хэл, соёл харгалзахгүйгээр чанартай үйлчилгээ үзүүлэх үүргийг аль ч театр хүлээж байдаг.
    Ази тивийн чээжин дээр Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр гэсэн эрхэм алдрыг алтан үсгээр сийлсэн үе үеийн энэ хамт олон эдүгээ 21-р зууны дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, монгол үндэстний авьяас оюуны чадлыг дэлхийд харуулсан бүх талаараа төгс, бренд бүтээгдэхүүн туурвих алсын замдаа хөтлөгдөн, хүн төрөлхтний оюунд мөнхийн гэрэл гэгээг хайрласаар явна.   
   УДБЭТеатр нь Дэлхийн болон Монголын үндэсний уран бүтээлийг эх орондоо сурталчилан таниулах  түгээн дэлгэрүүлэх ариун үйлсэд гадаадын олон улс оронтой туршлага солилцон ажиллаж байгаа 68 түүхтэй хамт олон билээ. Бид энэ хугацаанд сонгодог урлагийг дэлхийн түвшинд гаргах чадвартай уран бүтээлчдийг төрүүлж байгаагаараа бахархаж байна. Бид энэ хугацаанд  ОХУ, БНСУ,  ХБНГУ, Америк, Япон,  Австрали, зэрэг улсуудтай гадаад хамтын ажиллагаатай  ажиллаж байна. 2018 онд Олон улсын балетын наадам манай театрын тайзнаа анх удаа зохион байгуулагдаж байсныг дурьдахад таатай байна
  Cонгодог урлагийн эрхэм үзэгч танд УДБЭТ-ын тоглолтын 57 дахь улирлын мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүр шинэхэн бүтээлтэй, шинэ амжилттай, шинэхэн алдартантайгаар үзэгч тантай уулзах нь манай театрын хамт олны баяр баяслын дээд  билээ.  УДБЭТ-ын хувьд тоглолтын 57 дахь улиралд уран бүтээлийн ургац арвинтай, гадаад арга хэмжээ, гадаадын улс оронд Монголын сонгодог уран бүтээлээ толилуулахаар төлөвлөж буй  онцгой улирал юм.
   Мэргэн үзэгч түмэндээ зориулдаг бидний хүч хөдөлмөр эрхэм таны зүрхний нандин утсыг хөндөж, дэлхийн урлагийг дэргэдээ байгааг мэдрэн таашаах, үнэлэн дэмжих сэтгэлийг хөдөлгөж чадвал эгэл уран бүтээлч бидний, энэ театрын хамт олны туйлын зорилго биелэх билээ.Та бүхэн манай вэб сайтнаас шинэ, шинэлэг мэдээ, мэдээлэл,  сар бүрийн  тоглолтын хөтөлбөрийг  авч, бидэнтэй хамт байгаарай.

Та бүхэнд сайн сайхан, ариун гэгээн бүхний дээдийг ерөөе.   

УДБЭТ-ын Захирал Ц.Төвшинтөгс                   

 

Дээш