Театрын соёл

  Дэлхийн сонгодог урлаг болох дуурь, балет нь танд оюуны таашаал, гоо зүйн өндөр мэдрэмж, урлагийн боловсрол олгох болно. Хэрэв та дуурь, балет үзэхээр шийдсэн бол тэрхүү гайхалтай үдэш олны дунд биеэ хэрхэн авч явах талаар доорхи зөвлөгөөг хүргэж байна. Театрын хаалгаар орж ирэхээс эхлээд дуусах хүртэл дагах ёстой мэдэхэд илүүдэхгүй, бичигдээгүй хуулиуд байдаг юм.
Түүхээс
Сонгодог урлагийг 16-р зууны сүүл үеэс эхтэй гэж үздэг бөгөөд Италийн хөгжмийн зохиолч Якоб Перигийн зохиосон "Дафна" дуурийг анхдагч хэмээн тооцдог. Дуурь нь ихэс, дээдсийн хүрээнд үүсчээ. Улмаар 1637 онд Венец хотноо анхны театр байгуулагдсанаар олны хүртээл болж эхэлсэн байна.
1942 онд Д.Нацагдоржийн зохиолоор сэдэвлэн Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар "Учиртай гурван толгой" хэмээх дуурийг тавьсан нь Монгол улсын хувьд анхдагч бүтээл болжээ.
Төр засаг бодлогоороо сонгодог урлагийн өндөр боловсролтой боловсон хүчнийг гадаад оронд бэлдсэнээр, монголын хөгжмийн театр бүрэлдэн бий болжээ. 1963 онд Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр гэх бие даасан хоёр театрыг байгуулсан бөгөөд манай театр 1963 оны 5 дугаар сарын 15-нд П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар нээлтээ хийсэн түүхтэй.
Үзвэрийн өмнөх өдрүүдэд та юуг анхаарвал зохистой вэ?
Тоглолтоо сонгох:
Үзвэрээ сонгохын өмнө та тухайн уран бүтээлийн талаархи товч танилцуулгыг /хөгжмийн зохиол, цомнолыг хэн, хэзээ бичсэн, гол дүрүүдэд хэн тоглох зэрэг/ мэдээллийг олж унших хэрэгтэй. Тэгвэл таны хувьд тоглолт дээр ойлгомжгүй зүйл гарах нь бага байх болно. Үзвэрийн танхимд орохын өмнө уг бүтээлийн ерөнхий агуулгыг үзэгдлээр нь салгаж товчлон бичсэн хөтөлбөрийг /либретто/ худалдаалдаг юм. Хэрэв та анх удаа дуурь, балет үзэх гэж байгаа бол танил болсон бүтээлээ сонгох нь зөв юм. Гадаадын дуурь эсвэл балет үзэхэд ойлгохгүй байж магадгүй гэж санаа зовох хэрэггүй. Хэрэв та эхлээд балет үзэх үү, дуурь үзэх үү гэдгээ шийдэж чадаагүй байгаа бол балетыг сонгох нь дээр. Гоо зүйн таашаал өгөх талаасаа танд илүү их таалагдах болох юм.
 Цуг тоглолт үзэх хүнээ сонгох:
Дуурь, балет үзэхдээ та хэнтэй ч хамт явж болно. Харин тогтвортой сууж сураагүй балчир хүүхэд, удаан суухаараа унтаад, хурхирдаг хүн, гар утсаараа байнга оролддог хүн, чимээгүй сууж чаддаггүй хүн, ямар нэг тоглолт үзэхээрээ дагаж дуулах, эсвэл бүжиглэх гэж оролддог хүмүүстэй хамт явахгүй байсан нь дээр. Учир нь тоглолтын дундуур бусдын амар тайван байдлыг алдагдуулж, асуудал үүсгэж болзошгүй юм.
Хувцаслалтандаа анхаарах:
Ёслолын хувцас өмсөх нь нийтлэг жишиг хэдий ч өнөө үед энгийн хэрнээ ихэмсэг хувцаслахад л хангалттай. Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд анхаарах зүйл бол яах аргагүй цүнх. Та театрт очихдоо том цүнхнээсээ татгалзаж гоёлын гар цүнх хэрэглэх нь илүү тохиромжтой. Тоглолт болгон өөр өөрийн өнгө аястай байдаг бөгөөд үүнээсээ шалтгаалан зарим үзвэрүүд онцлогт нь тохируулан хувцаслахыг зөвлөсөн байдаг. Тийм учраас үзвэрийнхээ онцлогийг нь лавлаж байгаарай.
Юу авч орох ёстой, хэзээ очих:
Боломжтой бол жижиг дуран, дуурийн шил авчраарай. Гялгар цаасгүй чихэр, гаа, амны алчуур эсвэл сальфетка авч явахад илүүдэхгүй.
Замын түгжрэлийг тооцоолон, тоглолтоосоо 15 минутын өмнө очсон байхаар гэрээсээ гараарай. Аль болох эртхэн ирэх хэрэгтэй. Хэрэв хоцорч ирвэл эхний үзэгдэл дуусч завсарлага автал оруулдаггүй тал бий.
Үзвэр эхлэхээс өмнө
Театр үүднээсээ эхэлдэг
Хаалгаар орохдоо эрчүүд бүсгүйгээ хүндлэн хаалга нээж, араас нь билетээ үзүүлэн орно. Хувцасны өлгүүрт гадуур хувцсаа өлгүүлэхдээ юуны өмнө бүсгүйнхээ хувцсыг тайлахад нь тусална. Хувцасныхаа өлгүүрийг хадсан эсэхээ сайн анхаараарай. Өлгүүргүй гадуур хувцас өмсч ирэх нь бүдүүлэг хэрэг шүү. Монгол ёсонд хувцасны энгэрийг баруун тал руу нь харуулж өгдөг гэдгийг бүү мартаарай. Түүнээс гадна зөвхөн хувцасны өлгүүрийн дэргэдэх толинд хувцсаа засч өмсөөрэй. Өөр толинд тольдохыг соёлгүй хэмээн үздэг байна. Гар утас, дуут төхөөрөмжүүдээ тоглолт эхлэхээс өмнө унтраах хэрэгтэй. Найтаалгах, нусаа татах зэрэг санамсаргүй зүйлс нь таныг эвгүй байдалд оруулж болзошгүй. Иймээс тоглолтон дээр амны алчуур авч ирэх хэрэгтэй.
Үзвэрийн үед
Үзвэрийн үед аль болох зургийн аппарат, гэрэл гэнэт гаргадаг зүйлс хэрэглэхгүй байх ёстой. Энэ нь балетын үед, ялангуяа анхаарлаа төвлөрүүлээд бүжиж байх үед нь хамгийн их хамаатай. Энд тэндээс гэнэт гэрэл гялс хийхэд сандарч, алдаа гаргах, цаашлаад гэмтэх ч аюултай байдаг.
Алга ташилт хамгийн том соёл
Эхлэл, жүжигчид ёслох агшин, төгсгөлийн үед мэдээж алга ташина. Балетын үед үзэгчид гайхалтай бүжиг бүрийн дараа болон хосоороо үзүүлсэн бүжгийн дараа эсвэл гоцлол бүжгийн дараа алга ташина. Бүжигчин нэг хөл дээрээ удаан эргэх юм уу, уналгүйгээр агаарт эргэлт хийж чадсан үед үзэгчид бүжгийн дундуур алга таших тохиолдол гардаг. Харин дуурийн үзэгчид тэр бүр алга ташдаггүй, зөвхөн гайхалтай дуулалтын дараа л алга ташдаг.
 Үзвэр дууссаны дараа
Тоглолт дууссаны дараа, хөшиг хаагдсан ч танхимаас гарах гэж яарах хэрэггүй. Учир нь удирдаач болон жүжигчид тайзан дээр гарч ирж ёслохыг хүлээж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Эхлээд туслах дүрүүд, түүний дараа гол дүрүүд, хамгийн сүүлд удирдаач ёсолно. Дуустал нь тэдэнд баяр хүргэхээ мартуузай. Хамгийн гол нь тоглолтын дараа та үнэхээр таашаал авч чадсан эсэх нь чухал юм шүү. Ингээд танд гайхалтай үдшийг хүсье.
Дээш