Мэдээлэл

УДБЭТ-ын хамт олон тоглолтын 57 дахь улирлын уран бүтээлээ толилуулахаар бэлтгэл ажилдаа орлоо.

2019-08-16
Оруулсан Админ, 489 үзсэн


УДБЭТ-ын хамт олон тоглолтын
57 дахь улирлын бэлтгэл ажлаа эхлүүлж байна.

УДБЭТ-ын хамт олон тоглолтын 56 дахь улирлын тоглолтуудаа дуусган 2019 оны 07-р сарын 16 -ны өдрөөс 2019 оны 08-р сарын 16-ны өдрийг дуустал амарч бүтэн жил ажиллах эрч хүчээ хуримтлуулан ажилдаа орлоо. Тоглолтын 56 дахь улиралд театр гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх томоохон тоглолт арга хэмжээг амжилттай хамтран зохион байгуулсан. Үүнд: БНХГУ-ын дипломат харилцаа тогтоосны ойд зориулсан тоглолт, Европын холбооны ойн арга хэмжээ, БНСУ-ын "WISE" балет театртай хамтарсан "High Feeling" модерн тоглолт, УДБЭТеатр, Монголын балетын холбоо БНСУ-ын өсвөрийн балетын од балетын компани, ОХУ-ын Буриадын театр, Монголын Улсын Консерватори зэрэг байгууллагуудтай хамтран " Олон улсын өсвөрийн балетын одууд" хамтарсан тоглолт, БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтарсан "Минсон хатан" Солонгосын үндэсний хөгжмийн алдартай уран бүтээлчдээс бүрдсэн "Солонгосын ардын хөгжмийн гайхамшиг" тоглолт зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. УДБЭТ нь ажилтан албан хаагчид уран бүтээлчдийн ажиллах орчинг сайжруулах зорилтын хүрээнд 7-8-р саруудад театрын дотоод орчиндоо засвар хийх их ажлыг өрнүүлж эхэлсэн бөгөөд ажил дуусах шатандаа орж, театрын ажилтан албан хаагч, уран бүтээлчид цэвэр цэмцгэр орчинд шинэ улирлын нээлтэндээ бэлдэх гэж байна.
Театр тоглолтын 57 дахь улирлын нээлтээ уламжлал ёсоороо 2019 оны 10-р сарын эхний долоо хоногт Монголын үндэсний сонгодог бүтээлээр хийхээр төлөвлөөд байна.
Ийнхүү театрын хамт олон сонгодог урлагаар та бүхний сонор мэлмийг мялаах их ажлынхаа бэлтгэлд орж байна.
Тоглолтын 57 дахь улиралд шинэ соргог уран бүтээл хийхээр төлөвлөснөөс гадна гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд 09-р сард БНХАУ-ын Хөх хотноо Монголын үндэсний бүтээл Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дууриа тоглох, 11-р сард БНСУ-ын Сөүл хотноо А.Адан "Жизель" балетаа тоглох гээд томоохон ажлуудыг төлөвлөөд байна. Ийнхүү УДБЭТ-ын хамт олон Монголдоо төдийгүй гадаадын улс орнуудад сонгодог бүтээлээ сурталчилан таниулах нүсэр их ажлынхаа бэлтгэлд орлоо.

Бусад мэдээ
Дээш