Мэдээлэл

Г.Оюун: Хувцасны зураач дизайнераас тэс өөр

2018-09-06
Оруулсан Админ, 158 үзсэн

Сонгодог урлагийн амин сүнс нь хувцас юм. Уран бүтээлчдийг гоёмсог хувцас, хэрэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. УДБЭТ-ын хувцасны зураач Г.Оюунтай сонгодог урлагийн хувцас болон ажил мэргэжлийнх нь онцлогийн талаар ярилцлаа.


–Саяхан театрт “Тэнгэрийн ташуур” балетыг  тоглолоо. Таны хувьд хувцасны зураачаар ажилласан?

-“Тэнгэрийн ташуур” балет Хүннү гүрний удирдагч Атилла хааны амьдралыг харуулсан бүтээл. Судалж үзэхэд Атилла хаан догшин, ширүүн атлаа ганган хүн байгаагүй юм билээ. Тиймээс бүжиглэхэд саад болохгүй хувцас, хэрэглэл хэрэгтэй. Үслэг материал, арьс ширийг түлхүү ашигласан.

–Энэ балетад зориулж хэчнээн хувцас урласан бэ?

-“Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжгийг анх долоон жилийн өмнө манай театрт тоглож байсан. Энэ удаад тухайн үеийн хувцсыг дахин ашигласан тул нарийн тоог нь сайн санахгүй байна.

–Загварын хувьд шинэчилсэн үү?

-Хувцас, хэрэглэл нь шинээрээ байсан. Тиймээс дахин шинэчлэх ажил хийгээгүй. Харин энэ жил Атиллагийн дүрд өөр хүн тоглосон тул тухайн бүжигчнийхээ биеийн онцлогт тохируулсан хувцас шинээр урласан.

–Таны хувьд УДБЭТ-тай хэзээнээс холбогдсон бэ?

-Би театр ажиллаад 10 гаруй жил болж байна. Өмнө нь гэрээгээр ажилладаг байсан. Тэр үед миний аав Гунгаасүх зөвлөх зураачаар, ах Г.Ганбаатар маань ерөнхий зураачаар ажиллаж байлаа. Аав минь сүүлд ажлаа өгч, би үргэлжлүүлэн 2008 оноос хувцасны зураачаар ажиллах болсон.

–Таны аав, ах хоёр дуурийн урлагт хийсэн зүйлтэй мундаг авьяастнууд. Тэднийг дагаж ирсээн та энэ театрт элэгтэй болсон байх?

-Би байнга аавыгаа дагаж явдаг байсан учир миний бага нас театр өнгөрсөн. Хамгийн сайхан нь би 2008 онд театртаа албан ёсоор ороход бүгдийг нь таньдаг болчихсон байж билээ. Намайг алдсан ч, оносон ч бүгд хүлээцтэй хандаж, туслаж, дэмждэгт нь театрынхаа хамт олонд баярлаж явдаг.

–Загваруудаа аавдаа үзүүлдэг байсан уу?

-Би оюутан байхдаа зурагнуудаа ааваас нуудаг байсан. Харин театрт ороод нуух биш, эсрэгээрээ зөвлөдөг болсон. Зурсан загвараа бодит болгох хэцүү. Заримдаа барьц алдана. Барьц алдахдаа ааваасаа туслалцаа хүснэ. Аав минь туршлагатай учир зөвлөгөө өгдөг байсан. Би театрт орохоос өмнө “Гоёл” наадамд оролцож байсан. Загварын хувцас 100 хувь надаас шалтгаална. Загвар өмсөгчид би энийг өмсөхгүй гэж хэлэхгүй. Харин театр гэдэг бүхэл бүтэн баг. Уран бүтээлчид маань санал бодлоо хэлж, зөвлөлдсөний үндсэн дээр хийдэг учир хамтын бүтээл.

–Та анх орж ирээд ямар бүтээл дээр ажиллаж байв?

-Манай театрт Итали найруулагч ирж, “Дон жуан” дуурийг тавьсан юм. Тэр үед анх хувцас гардан хийж, их зүйлийг сурсан. Өмнө нь аав, ах хоёр л бүгдийг гардаж хийдэг байсан юм. Тэр дуурьт бие дааж ажилласнаар гараагаа их зөв эхэлсэн гэж боддог.

–Сонгодог бүтээлийн хувцас урлах нь бусад дизайнеруудын хийдэг ажлаас юугаараа ялгаатай вэ?

-Хувцасны зураач гэдэг дизайнеруудаас тэс өөр. Тухайн жүжиг аль зуунд хамрах, гол дүр нь баян, ядуу, сэхээтэн, язгууртан гээд аль давхаргынх болох гээд их зүйл судлах хэрэгтэй. Мөн судалгааны хажуугаар өөрийн өнгө аясыг оруулдаг. Түүгээрээ дамжуулан тухайн дүрийг гаргаж, тухайн зууных нь хувцасыг илэрхийлэх хэрэгтэй. Харин дизайнеруудын хувьд зөвхөн загвар гаргаж, гоо сайхныг л  харуулдаг.

–Дуурийн хувцас, балетын хувцас урлах ч тэс өөр ажиллагаа шаарддаг уу?

-Дуурийн хувцасны хувьд олон давхарлаж, нүсэр болгох тусам сүртэй, гоё болдог. Харин балетын хувцсыг хөнгөн, бүжиглэхэд саад болохооргүй шийдэж өгөх ёстой.

–Зөвхөн таны гараар бүтсэн хувцас театрт олон байдаг байх даа?

-Их олон бий. “Спартак”, “Шелкун­чик”, “Нойрсож буй гүнж”, “Дэггүй Лиз”гээд л.

-“Дэггүй Лиз” балет их хөнгөн, хөгжилтэй бүтээл. Хув­цсыг нь урлахдаа та юуг анхаарч ажилласан бэ?

-“Дэггүй Лиз” балет өөрөө хөнгөн жана­рынх. Тиймээс хувцсанд нь сонгодог хэв маяг, хүнд өнгө оруулахаас зайлсхийсэн. Гэгээлэг өнгийг түлхүү ашигласан. Материалын хувьд сунадаг, уян хатан материал сонгосон.

–Сонгодог бүтээлийн хувцас жижиг, чимхлүүр ажил ихтэй байх даа?

-Ихэвчлэн түүхэн сэдэвтэй дуурь, балетад жижиг чимэглэлүүд их ордог. Гэхдээ түүнийгээ 10 метрийн зайнаас харагдахаар тооцоолж хийх ёстой. Хэтэрхий жижиг байвал үзэгчдэд харагдахгүй. Миний хувьд энэ бүхэнд суралцаад л явж байна. Би ямар ч бүтээлийн ард гарсан өөрийгөө чамлах, тэрийг нь тэгчихдэг байж дээ гэсэн бодол төрдөг.

–Нэг бүтээл дээр ажиллахад ойролцоогоор хэдэн төрлийн загвар гаргадаг вэ?

-Үзэгдэл, дүрээсээ шалтгаалаад янз бүр байдаг. Дүр дараагийн үзэгдэл дээр хувцасаа солих бол түүнийг урлах л ёстой.

–Танай үйлдвэр хэдэн ажилчинтай вэ. Ажлын ачаалал их байдаг юм шиг санагдлаа?

-Үйлдвэр анги маань хоёр оёдолчин, нэг эсгүүрчинтэй. Цөөхүүлээ учир ачаалал их. Гэхдээ жилд шинэ бүтээл цөөхөн тавьдаг учир байнга ачаалалтай байдаггүй.

–Гадаадын найруу­лаг­чидтай хамтарч ажил­лахад ямар байдаг бэ?

-Бид саяхан Итали найруулагчтай “Севилийн үсчин” дуурь дээр хамтарч ажилласан. Энэ дуурь XVII зуунд хамаардаг ч бид 1930-аад он руу хөрвүүлсэн. Хувцсаа хийх явцдаа дуучидтайгаа ярилцана, найруу­­лагчийнхаа хэлс­­нээр тухайн зууныг судална гээд ажиллагаа ихтэй байлаа. Найруу­лагчтайгаа анх уулзахад бидэнд 100 хувь итгэхгүй байгаа нь ажиглагдсан. Харин заг­варуудаа зу­раад үзүүлэхэд санаанд нь нийцэж, баяр хүргэ­сэн. Гэхдээ загвар зурах, түүнийхээ дагуу боди­тоор хийнэ гэдэг амаргүй даваа. Хийх явцад загвараасаа өөр болох тохиолдол байдаг. Тий­­мээс их санаа зовж байсан. Гэвч бүх зүй­лийн ард амжилттай гарч, найруулагч маань ч сэтгэл хангалуун үлдсэн бо­­ло­хоор их баяртай байгаа.

Эх сурвалж: Зууны мэдээ

Бусад мэдээ

Дээш