Ж.Россини СЕВИЛИЙН ҮСЧИН

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Ж.Россини СЕВИЛИЙН ҮСЧИН

 Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт хошин дуурь

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Россини
  • Цомнол: Ц.Стербини
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Хувцас дизайнер: 1979-10-13
  • Анх тайзнаа: 1916-2-20

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг

 

Розина                                               

Фигаро /Үсчин залуу/   (баритон)          

Альмавива гүн              (тенор)            

Бартоло /Розинагийн асрагч) (бас)       

Базилио /дууны багш)  (бас)                  

Фиорелло /Зарц)          (баритон)         

Берта                           (сопрано)           

Амброжио                     ( баритон)           

Бичиг батлаач                                        

Харуулын цэргүүд, хөгжимчид, хотын иргэд, бусад дүрд найрал дуучид тоглоно.

Үйл явдал XVIII  зууны үед Испаний Севиль хотод өрнөнө.

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Севиль хотын нэгэн талбайд доктор Бартологийн байшин байна. Ойр хавийн айлуудыг сэрээчихгүйг хичээн зарц Фиорелло хөлсний хэсэг хөгжимчдийг дагуулан сэмхэн гарч ирнэ. Гүн Альмавива хожимдуу ирж өвгөн докторын байшингийн тагтан доогуур дөхөж:

"Найман зүгийг гийгүүлсээр

Нарны туяа туслаа даа

Зүйргүй хонгор минь чи юундаа

Зүүд нойрондоо автагдав даа

Сайхан нойрноосоо сэрээч дээ

Саатаж наддаа гарч ирээч дээ...

гэж дуулавч байшингаас хэн ч гарч ирсэнгүйд урам нь хугарсан гүн хөгжимчдийн хөлсийг чамгүй сайн төлсөнд тэд баяр хөөр болон явцгаана.

Хайр сэтгэлийг нь булаасан үзэсгэлэн төгс Розинаг хараагүйдээ гунихран Альмавива гүн явахаар эргэтэл алсад Фигарогийн баясгалант дуу цуурайтан түүний анхаарлыг татна. Фигаро бол Севильд нэрд гарсан үсчин төдийгүй эмч, байгаль судлаач, малын эмч, ер нь тал бүрийн авъяастай сэргэлэн залуу. Хуучин эзнээ таньсан Фигаро гүн Альмавивагийн зорьсон хэргийг нь мэдэж, түүнд туслахаар шийдэв. Өвгөн докторыг гэрээсээ гарч явахыг харсан Фигаро олдсон завшааныг ашиглан хоёр залууг танилцуулахад Альмавива гүн "Миний хэргэм зэрэг, эд хөрөнгөнд минь биш, надад үнэн хайр сэтгэлээ өгөөсэй" гэсэндээ өөрийгөө Линдор гэж танилцуулна. Гүнгээс харамгүй шан хүртсэн үсчин залуу хашир өвгөн докторын гэрт хэрхэн орох арга сүвэгчлэн түүнийгээ биелүүлэхээр зөвлөлдөн тохироод явцгаана.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Розина хайрт Линдортоо захиа бичээд орж ирсэн Фигарогоор дамжууулан өгөх гэтэл хартай асрагч, өвгөн доктор, энэ нутагтаа ховч, гүтгэгч, мөнгөнд шуналтайгаараа нэрдгарсан дууны багш Базилиогийн хамт орж ирэхэд Фигаро нуугдана. Өвгөн доктор дотнын нөхөр Базилиодоо өөрийн асрагч охин Розинатай "гэрлэн суух" санаагаа илчлэн ярилцсаар нөгөө өрөөнд ороход энэ нууц яриаг нь сонссоноо Фигаро Розинад дамжуулаад түүний бичсэн захиаг нь Линдорт хүргэхээр авч явна. Гаднаас бөөн хэрүүл, шуугиан дэгдээсээр офицер хувцас өмссөн гүн согтуу дүр үзүүлэн орж ирээд самбаачлан байж Розинад бичсэн зурвасаа өгч амжина. Гэтэл эргүүлийн офицер цэргүүдийн хамт ирж Альмавиваг баривчлах гэснээ гүнгийн таних тэмдгийг хармагц тал засан мэхийн ёслоод үг дуугүй гарч одоход учрыг үл ойлгосон өвгөн доктор мэл гайхан алмайрч хоцров.

 

 

Гуравдугаар үзэгдэл

Өвгөн асрагч Бартологийн гэр. Альмавива гүн Розинатай уулзахын тулд дууны багш Базилиогийн үнэнч шавь Алонзо болж орж ирээд "Миний багшийн бие өнөөдөр муу учир би өнөөдөр дууны хичээл заана" гэхэд, хашир өвгөн нэг л үнэмшихгүй байхыг ажигласан Альмавива Фигарогоос авсан Розинагийнхаа захиаг "Гүнгийн гэрээс санаандгүй оллоо" гээд өгөхөд өвгөн доктор аргагүй итгэнэ. Энэ үед Фигаро ирж дурлалт хоёр сэтгэлийн үгээ ярилцах бололцоо олгох гэхдээ докторын үсийг нь засаж эхэлтэл Базилио орж ирнэ. Хамаг хэрэг бишдэхийг мэдсэн Фигаро Базилиогоос маш их сэжиглэсэн дүр үзүүлэн "Танд аймшигт халдварт өвчин туссан байна" гэж сүр үзүүлэн гүтгэхэд, Альмавива ууттай мөнгө сэм атгуулахад зальт багш учрыг ойлгон үг дуугүй гарч явна.

Санаа нь амарсан самбаалаг үсчин залуу үс засах ажлаа үргэлжлүүлэхэд Альмавива Розинад өнөө шөнө ирж өөрийг нь авч явахаа мэдэгдэнэ. Энэ бүгдийг толинд сэмхэн харсан хартай өвгөн хоёр залууг хараан зүхсээр хөөж явуулна.

Хэдхэн мөчийн өмнө олсон мөнгөндөө амташсан Базилио тэвчилгүй эргэж ирэхэд Бартоло хуримын баталгаа үйлдүүлэх хүн авчруулахаар түүнийг буцааж явуулна. Угийн хашир, муу санаатай өвгөн доктор Алонзогоос авсан захиаг Розинад үзүүлж гүнг элдвээр муулан ятгахад гэнэн охин түүнд итгэн өөртэй нь суухаар тохирч, түүгээр ч үл барам хоёр залуутай хэлэлцэн тохиролцсоноо илчлэхэд айн балмагдсан Бартоло харуулын цэргүүдэд мэдэгдэхээр сандран одно.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Фигаро, Альмавива гүн хоёр шөнө Розинагийн тагтанд шат тавьж орж ирэхэд, Базилиогийн заль мэхэнд орсон Розина тэр хоёрт үл итгэн, өвгөн доктортой гэрлэх болсноо мэдэгдэв. Гэвч төдөлгүй бүх хэрэг явдал тайлагдаж төлөвлөсөн ёсоор тэд зугтах гэтэл шат нь алга болсон байлаа. Энэ үед Базилио хуримын бичиг үйлдэгчийг дагуулан ирэхэд самбаалаг Фигаро энэ завшааныг ашиглан амраг хоёрыг гэрлүүлж баталгаа хийлгэж амжина.

Харин асрагч өвгөн мунгинасаар харуулын цэргүүдийг дагуулан ирэхэд хэрэг явдал аль хэдийнээ шийдэгдсэн байлаа.

Тэнд байлцсан хүмүүс Розина, Альмавива хоёрт аз жаргалыг ерөөж, амраг хоёрын нийлэн жаргахад нь авхаалж самбаа, эр зориг, уран санаа гарган тус болсон Фигарогийн хийморийг магтан дуулна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр