А.Батдэлгэр - Гэсэр номун хан


Удирдаач:
Ц.Мөнхболд УГЗ

Хореограф-Балетмейстер: А.Батдэлгэр СТА

Зураач: Ч.Гунгаасүх АЗ
Дүрүүд:
ГЭСЭР-
АРЛАНГУА-
ЦОТОН НОЁН-
ХАРААЛЧ ХАР ШУВУУ -
ХӨХ ШУВУУД-
ХИА НАР-
БУНДЛХАМ -
ДҮРТЭД-ДАГВА-
ХАР ШУВУУНЫ ДАГУУЛУУД-
ДОГШИН ХАНГАЛ БУРХАД-
  • Хөгжмийн зохиолч: А.Батдэлгэр
  • Төрөл Дуурь
  • Он 2007

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Гэсэрийн ордон
Арван зүгийн ачит Гэсэр мэргэн хаан албат ардуудтайгаа найрлан цэнгэж байгаад цэргүүдээ дагуулан ан гөрөө хийхээр мордов. Арлангуа хатан ордондоо ганцаар үлдсэнийг мэдсэн Цотон ноён гэнэт гарч ирэв. Арлангуа Цотон ноёны амар мэндийг асууж хүндлэн дайлав. Гэтэл Цотон “Ай сайхан бэр минь! Гэсэр хаан чамд сүүдрээ үзүүлж ирэхгүй байна. Чи их зовж байна. Чамайг би авъя” гэв. “Цотон авгай минь энэ чинь юу гэсэн үг вэ? Түмэн Цотон байсан ч Гэсэртэй минь яаж тэнцэх вэ? Чамайг нэрээ үл хайрлавал над ямар нэр байх вэ?” гэж ордны хиаг дуудаж Цотон ноёныг гөвшиж өгөөд хөөж явуулав.

Хоёрдугаар үзэгдэл

Хараалч хар шувууны эдлэн
Цотон ноён Арлангуаг занаж, Гэсэрээс хагацаах арга олох гэж тамын Хараалч хар шувуун дээр очив. Шөнө дунд Хараалч хар шувуу дагуулуудынхаа хамт гарч ирэн Цотон ноёнг айлган сүрдүүлж юуны учир ирснийг асуув. Цотон ноён бүх учрыг хэлж өргөл барьц өргөж Хараалч хар шувуутай хуйвалдан Гэсэрийг хараалган доройтуулж, улмаар Гэсэрийг эзгүй хойгуур өшөө хорслоо авахын тулд Арлангуаг тамд унагах зорилготой Хараалч хар шувууны хамт Гэсэрийн ордон руу явна. Гуравдугаар үзэгдэл

Гэсэрийн ордон
Арлангуаг ордондоо бодолд автан суутал Цотон ноён Хараалч хар шувууны хамт Гэсэрийн ордонг дайрч үлдсэн бүх албат, цэргүүдийг нь алан хядаж Гэсэрийн ордонг эзлэв. Арлангуа ганцаараа тэмцсэн боловч хүчин мөхөсдөж баригдав. Хараалч хар шувуу Гэсэрийн ордонд хараал үйлдэж, Арлангуаг тамд унагахаар авч одно. Энэ үед өшөө хорслоо авсан мэт Цотон ноён их л сэтгэл хангалуун Гэсэрийн ордонг түр эзэгнэн үлдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дөрөвдүгээр үзэгдэл

Гэсэрийн ордон
Гэсэр мэргэн хаан ан гөрөөнөөс буцаж ирээд ордон нь эзгүй байхыг үзээд ихэд гайхав. Гэсэр мэргэн хаан тэр дороо мэргэний улаан утсаа татан хувилгаанаар /ид шидээр/ бүхний учрыг мэдэн ихэд хилэгнэв. Тэгээд Цотон ноёнг яаж гэсгээхээ бодож суутал Цотон ноён Гэсэр хаанаас айснаасаа болж өөрийгөө худал үхсэн болгож зарлав гэж дуулаад Цотон ноёны ордон руу явав.

Цотонгийн ордон
Там руу явж Арлангуаг авахаасаа өмнө өөд болсон авга ахынхаа шарилыг шатаан сүнсийг нь тэнгэр хөөргөж орхиё гэж ирэв. Түүдэг асаан худал үхсэн Цотонгийн биеийг шатааж эхэлтэл Цотонгийн гар хөл нь татганаж байснаа тэсэхээ болиод гүйн зугтах гэтэл Гэсэр барин авч, чиний үхсэн чинь яалаа гэв. Цотон ноён Гэсэрээс өршөөл гуйв.

Тавдугаар үзэгдэл

Хөдөө хээр
Гэсэр хаан өндөр уулын оргил дээр гарч, ялгуусан гурван эгчдээ залбирч суутал, гурван эгчийнх нь сахиус хөх шувуу болон хувирч тэнгэрээс бууж ирэв. Гэсэр хаан хөх шувуудтай бүжиглэх ялдамд надад тамд очиж Арлангуаг аврахад минь хүч тэнхээ өгөөч гэв. Гурван эгч нь хүч оруулан зоригжуулж Оюу эрдэнэ оньт гучин цагаан сум өгч явуулав.

Зургаадугаар үзэгдэл

Тамын ордон
Эрлэг номун хааны элч Хараалч хар шувуу Арлангуад сүр хүчээ гайхуулж найр хийж суув. Тамын сахиусууд бүжиглэж байхад Арлангуа уйтгарлан ганцаар сууна. Энэ агшинд Гэсэр тамд унан гэсгээгдэж буй нүгэлтэн болж орж ирэн бөөн үймээн дэгдээв. Хараалч хар шувуу босон харайн Гэсэртэй байлдаж гарав. Тэд удаан байлдсаны эцэст хэн хэнийгээ дийлж үл чаднам, энэ мөчид Арлангуа Хараалч хар шувууны амин сүнс болох Алтан тэвнийг барьж зогстол Гэсэр тэвнийг оньт эрдмийн сумаар тас харваж Хараалч хар шувууг хөнөөв. Гэсэр номун хаан 33 тэнгэрээс гургалдайн сүрэг болон газар дэлхийд бууж ирнэ.

Долоодугаар үзэгдэл

Гэсэрийн ордон
Арлангуаг тамаас гарган, чандмалсан алтан суварганы дэргэд арван зүгийн албат ардаа дуудан, хутга тавилгүй мах шүүс зооглон, хундага тавилгүй дарс айраг сөгнөж, цэгээн чулууг бутартал, цэнгэг нуурыг доргитол бүжин хатирч их найр хийн, энхжингийн орондоо алтан нар, мөнгөн сарыг үүрд мандуулан жаргав аа.
Дээш