И.Морозов - Амттаны доктор


Удирдаач: Ц.Гансүх СТА

Хореограф-Балетмейстер: Ц.Чинзориг СТА

Зураач: Ч.Батболд
Дүрүүд:
ЭМЧ /Өвгөн доктор/
ОХИН /Эмчийн ач охин бал бурам/
Хүү /Чацарганы чанамал/
ШОРГООЛЖНЫ ХААН /Дээрэмчин/
ХЭРЭЭ /Амттанд дуртай шувуу/
ХӨВӨН ЧИХЭР /Шуудан зөөгч/
  • Хөгжмийн зохиолч: И.Морозов
  • Төрөл Дуурь
  • Он 2019
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Эхлэл
Амттанд ихэд дуртай жаал Хүү байжээ. Байн байн амттан нэхэж эмээгээ зовооно. Гэнэт Хүүгийн шүд айхавтар ихээр өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудан үзүүлтэл шүдийг нь авахгүй бол болохгүй гэнэ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон тул авахуулахаас өөр аргагүйг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг нь авахын тулд эмч унтуулдаг тариа хийлээ. Хүү төд удалгүй гүн нойронд автана.

Нэгдүгээр үзэгдэл

Амттаны орон
Амттаны хотхонд хоёр байшин байна. Зүүн байшинд эмч өвгөн ач Охинтойгоо амьдарч баруун байшинд жаал Хүү эмээгийн хамт суудаг байжээ.
Хүү байшингаас гаран эргэн тойрноо хартал дүүрэн амттан харагдав. Хүү ухаан жолоогүй дайрч идэх гэсэн боловч хүүгийн ам үл нээгдэнэ. Эмчийн гэрийн хаалга онгойж, ач Охин гэрээсээ гаран тоглоно. Охин, Хүүтэй тоглохыг хүсэвч Хүү халгаасангүй. Тэр бүх амттануудыг яагаад идэж болохгүй байгаад гайхан бодолхийлнэ.
Өглөө эрт эмчийн байшин руу өвчтэй амттанууд цувран ирцгээнэ. Хазуулсан жигнэмэг, хайлсан зайрмаг, хатсан резинэн чихэр, хөгцөрсөн давхраат боорцог, муудсан үрлэн чихэр, хугацаа нь дууссан чипс, хагарсан өндгөн шоколад, өтөнд баригдсан цэлцэгнүүр зэрэг хүүгийн дуртай амттанууд дараалан ирцгээлээ. Хүү гайхан алмайрч нүдэндээ ч үл итгэнэ. Амттанууд дараалал үүсгэн маргалдана. Энэ үед Охин, Хүүг сэргээж тэр хоёр хамтдаа маргалдах амттануудыг тайвшруулан зохицуулж эхлэв. Амттанууд хоорондоо маргалдах зуураа ойр орчимдоо нэлээд хог тарьсныг Цэвэрлэгч хараад унтууцан уурлаж гарав. Эмч өвгөн гэрээсээ гарч ирлээ. Хүлээсэн цаг ч болж амттанууд эмчийн байшинд орцгооно. Маргаан өндөрлөсөн тул Охин Хүү хоёр хөгжилдөн бүжиглэнэ. Гэтэл хоцорч ирсэн Хөөсөн чихэр бусдын урдуур дайрч түрүүлэн Эмчид үзүүлэхийг завдан дахин хэрүүл шуугиан үүсгэнэ. Эмчлүүлсэн амттанууд дараалан гарч ирэн баяр хөөр болон бүжнэ. Тэр үед амттанд дуртай Хэрээ нисэн ирж амттануудыг идэхээр завдан үймээн шуугиан дэгдээнэ. Эмч сандран гарч ирэн Хэрээг хөөн явуулна. Энэ үед шууданч Хөвөн чихэр ирж Эмчид захиаг өгнө. Захианд “Алс тэртээх жимсний оронд хүр хорхойн нүүдэл ирж усан үзмийн модыг идэж, үр жимснүүд нь мөхлийн аюулд орж байна. Авралт эмч минь та ирж туслаач” гэсэн байв. Эмч яаран сандран эм тангаа баглан боож явах гэтэл хэрхэн яаж явах аргаа олсонгүй. Алхаж явахад дэндүү хол. Агаараар явахаар эм тариагаа авч явж чадахгүй. Өвгөн Эмч бүхий л арга замыг хайсан боловч бүтсэнгүй. Эмч, Охин, Хүү нар цөхрөнгөө баран сууж байтал хөлөг онгоцны ахмад цэргүүдийн хамт тэдний хажуугаар алхан өнгөрлөө. Хүү ахмадыг дуудаж учир явдлыг тайлбарлатал сайхан сэтгэлт хөлгийн ахмад ачит буурал Эмчийг хүргэж өгөхөөр зөвшөөрөв.
Гадаа аль хэдийн харуй бүрий болжээ. Эмч хөлгийн ахмадад баярласнаа илэрхийлэн, “Маргаашийн ургах нарнаар эртлэн замдаа гарцгаая, эм тариануудыг харин эрэг рүү авч яваад бэлдчихээрэй” хэмээгээд цаг болзон салав. Охин, Хүү хоёр өвөөд хандан хамтдаа явах хүслээ хэлэхэд эмч өвөө үл зөвшөөрөв. Энэ үед Хүү нэгэн арга сэдэж Охиныг дагуулан сүүн далайн эрэг рүү гүйв. Хоёрдугаар үзэгдэл

Сүүн далайн эрэг
Охин, Хүү хоёр Эмч өвгөнөөс түрүүлэн сүүн далайн эрэг дээр ирж эм тариа хийсэн хайрцагт орон нуугдана. Удалгүй үүр гэгээрч болзсон цаг боллоо. Эмч, амттаны хамт сүүн далайн эрэг дээр хүрэлцэн ирлээ. Хөлгийн ахмад ч цог жавхлант таяган цэргүүдтэйгээ ирж аян замын ачаа тээшээ хөлөг онгоцондоо ачив. Алс тэртээх холын замд гарч байгаа тул таяган цэргүүд сүр жавхлант бүжгээ бүжиж олныг баясган хөгжөөв.
Олон олон амттанууд далайн эргээс хайрт эмчээ алсын замд гунигтайяа үдэцгээлээ. Унтаж байгаад хөлөг онгоцноос хоцорсон Өндгөн шоколад харуусангуй... “энэ нойрноос л боллоо” гэж гунигтайгаар эмчийнхээ араас даллан хоцорлоо. Үүнийг харсан Цэвэрлэгч, амттанд дуртай Хэрээ хоёр бүхий л амттануудыг барьж сараалжин торонд хийн хорьлоо.

Гуравдугаар үзэгдэл

Усан үзмийн талбай
Усан үзмүүд өвчин шаналалд автан энд тэнд хорчийн хэвтэнэ. Хөвөн чихэр хөвөлзөн ирж та бүгдийг эмчлэхээр амттаны орноос эмч ирж байгааг дуулгана. Удалгүй эмч ирлээ. Сайхан сэтгэлт Эмчид Жимснүүд өвчин шаналалаа тоочно. Эмч тэднийг тайтгаруулж эмийн авдраа нээтэл Охин, Хүү хоёр гарч ирэв. Ийнхүү Охин, Хүү, Эмч гурвуул Жимснүүдийг эмчилж эхэллээ. Хямсаа хавчуураар, усан үзмийн модонд шигдсэн Хүр хорхойнуудыг суга татан авч хор хөнөөлгүй болголоо. Хатаж хорчийсон хөөрхий усан үзмүүдийг Эмч эмчилж, тэд эдгэрэн Эмч, Охин, Хүү нарт баярласан сэтгэлээ илэрхийлнэ. Ийнхүү амар амгалангийн жимсний орон баяр цэнгэлээр дүүрэв. Ачлалт гурав нар гэрийн зүг хөдөллөө.

Дөрөвдүгээр үзэгдэл

Элсэн цөл
Эмч өвгөн, Охин, Хүү нарын замд чихэрт дуртай Дээрэмчин шоргоолжууд дайралдаж, тэднийг барин хүлж Шоргоолжны хаандаа өгөхөөр ордон руугаа авч одно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Тавдугаар үзэгдэл

Шоргоолжны ордон
Шоргоолжууд тэднийг ордондоо авчирна. Эмчийг харанхуй нүхэнд хийн хорилоо. Шоргоолжны хаан орж ирэв. Охин амтат бал бурам, Хүү чацарганы чанамал тул амттанд дуртай хаандаа тэднийг өргөл болгон барина. Хаан, “амттан бэлтгэх машиныг оруулж ир” хэмээн тушааж, Охин, Хүү хоёрын биенээс эмтлэн авч ундаа бэлдэн ууж баяр хөөр болон бүжин цэнгэнэ. Хүү өөрийгөө хүүхэд биш чацарганы чанамал, Охин амтат бал бурам гэдгээ сая л ойлгож, амттан идэж чадахгүй болсноо ухаарав. Хүү Эмч өвөөгийн эмийн савнаас нэгэн эм авч амжсан ба тэр нь нойрны эм болохыг мэдэж, Шоргоолжны ундаанд эмээ хийнэ. Удалгүй шоргоолжууд унтацгаахад Охиныг суллаж, Эмчээ нүхнээс гарган зугтацгаав.

Зургаадугаар үзэгдэл

Элсэн цөл
Тэд элсэн цөлөөр зугтаан, Шоргоолжууд араас нь хөөсөөр гүйцэн ирлээ. Шоргоолжны хаан нойрны эмэндээ мансууран байхад нь Гүрвэл гарч ирэн түүнийг өдрийн зоогоо болгон идчихнэ. Бүх шоргоолжууд Хаан нь үхсэнд сандралдан зугтацгаалаа. Ийнхүү Эмч, Охин, Хүү гурав амь аврагдан гэрийн зүг явцгаана.

Долоодугаар үзэгдэл

Амттаны орон
Тэд гэртээ ирэхэд нь бүх амттануудыг барьж хүлсэн байлаа. Өвгөн эмч гайхан тэднийг суллаж юу болсон талаар асуув.
Эмчийг эзгүй хойгуур амттанд дуртай Хэрээ амттануудыг идэхээр баривчлан хорьсон ажээ. Эмч хар Хэрээг ийм муухай зүйл хийсэнд уурсаж “Хэрээ чиний хоёр далавчийг чинь тасална” гэхэд тэр “Би дахин хэзээ ч ийм муухай зүйл хийхгүй” хэмээн өршөөл эрэв. Эмч “Хэрэв чи чин үнэнээсээ хэлж байгаа бол тангарагла” гэлээ. Хэрээ чин сэтгэл зүрхнээсээ ам тангараг өргөтөл Хар хэрээ Энхийн цагаан тагтаа болон хувирч дахин хэнд ч муу зүйл хийж чадахгүй сайхан сэтгэлтэн болжээ. Бүх амттанууд бөөн баяр хөөр болон бүжицгээлээ. Гэнэт юу болов гэмээр их дуу гарч бүх амттанууд мансууран гуйвж эхлэв. Бүх зүйлийг хоромхон зуур харанхуй нөмрөн авлаа.

Төгсгөл
Хүүг ийнхүү зүүдэндээ автан хэсэгхэн унтах зуур өвгөн Эмч шүдний багажаа авчран хорхойтой шүдийг нь суга татан авлаа. Хүү ч нойрноос сэрлээ. Эмч “Хүү минь дахиж амттан хэтрүүлэн идвэл бүх шүд чинь яг энэ шүд шиг хорхойд идэгдэх болно шүү” гээд сугалан авсан муухай шүдийг үзүүлэхэд Хүү толгой дохин, амттанд хэт дурлаж болохгүйг ухааран ойлголоо.
Дээш