Дж.Верди - Риголетто


Удирдаач:
Н.Туулайхүү УГЗ, Д.Нямдаш СТА

Найруулагч: Ё.Цэрэндолгор УГЗ

Зураач: Ч.Гунгаасүх АЗ

Дүрүүд:

РИГОЛЕТТО:
МАНТУАНСКИЙ:
ЖИЛЬДА:
СПАРАФУЧИЛЛЕ:
МАДДАЛЕНА:
ЖИОВАННА:
МОНТЕРОНЕ ГҮН:
МАРУЛЛО:
БОРСА:
ЧЕПРАНО ГҮН:
ЧЕПРАНО ХАТАН:
ПАЖ:
  • Хөгжмийн зохиолч: Дж.Верди
  • Төрөл Дуурь
  • Он 1987



Үйл явдал Италийн Мантуа хотод XVI зууны үед өрнөнө....

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Мантуан эзэн вангийн өргөөнд их найр наадам болж, вантан өөрийн завхай зайдан явдлыг ид хав болгон гайхуулж дуулна. Ордны салбадай Риголетто тэдний дундуур сүлжин явж, хурц ухаан, хорон үгээр дайрч давшлан найр наадмыг улам хөгжөөж өгнө.

Вангийн шалиг явдал, хатуу хэрцгий тоглоом шоглоомыг байнга дэмжин дэвэргэж, түүний итгэлийг хүлээж дураараа аашилж явдаг Риголеттогоос ордныхон цөм айн хулчийж битүүдээ атаархдаг ажээ.

Энэ удаагийн цэнгээнд уригдан ирсэн Чепрано гүнгийн хатанг эзэн ван эргүүлж ордны нэгэн өрөө рүү ичгүүргүй дагуулан ороход Чепрано гүн хичнээн хардаж хорсовч яаж ч чадалгүй хоцорно. Ордны салбадай Риголетто доромжлогдсон Чепраног тавлан бахаа хангана. Бусдыг тавлан бахаа хангаж яваа Риголетто өөрийнхөө хувь тавиланг хаашаа эргэхийг төсөөлөх ч завгүй яваа бололтой.

Энэ үед Марулло ирж, ордны хөгшин салбадай Риголетто залуухан сайхан нууц амрагтай болж, түүнийгээ гэртээ нуугаад байна гэж цуу тараана. Нэгэнт ван эзэнд таалагдаж байгаа бол Чепрано гүнгийн хатанг хулгайлж ордонд авчиръя гэж Риголеттог санал гаргахад Чепрано гүн ихэд хилэгнэн түүнээс өшөө авахаар тангараглана. Риголеттогоос үргэлж айж, атаархаж явдаг ордныхон ч энэ явдлыг далимдуулан түүнээс бас өшөө авахаар шийднэ. Найр наадам үргэлжилсээр... Гэтэл ванд охиноо бузарлуулсан Монтероне гүн ирж ван, салбадай хоёрыг хараан зүхнэ. Монтероны хараал хүрэх вий гэхээс Риголеттод айдас төрнө.

Хоёрдугаар үзэгдэл

Өвгөн салбадай Риголетто Жильда гэдэг өнчин ганц охинтойгоо амьдарна. Үдэш орой харьж явахдаа, охиноо хайрлан хайрлан бодож, гүн Монтероны хараалыг эргэн нэг санаж сэтгэл санаа нь үймрэн зовж явна.

Гэнэт хөлсний алуурч Спарафучиллетэй тааралдаж, охиноо хамгаалах хэрэг гарвал туслахыг хүсч, түүнтэй тохиролцоод гэртээ харина. Риголетто амьдралынхаа гэрэл гэгээ болсон ганц охиноо шалиг самуун явдалтнаас нуун хаацайлж явсаар өдий зэрэгтэй болгожээ. Охиноо сайн харж байхыг зарц бүсгүйд тушаагаад өөрөө явна. Түүнийг явсны дараа эзэн ван энгийн оюутны байдлаар ирж зарц бүсгүйг мөнгөөр хахуульдаж Жильдатай уулзан амраг сэтгэлтэй болсноо илчлэхэд охин түүний үгэнд хязгааргүй итгэн хайр дурлалын галд шатан сууна.

Охиныг нь Риголеттогийн нууц амраг гэж эндүүрсэн ордныхон Жильдаг хулгайлахаар шийджээ. Гэтэл замдаа Риголеттой тааралдаж, таны зөвлөснөөр Чепрано гүнгийн хатанг хулгайлах гэж явна гээд цуг явъя гэж ятган баг өмсгөж авч явна. Ордныхон ингэж шөнийн харанхуй, өвгөний будлиуг далимдуулан хайртай ганц охиныг нь хулгайлах хэрэгт өөрийг нь оролцуулж, түүнээс өшөөгөө авч чадна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар үзэгдэл

Вангийн өргөө. Жильдатай болзсон болзоондоо очоод түүнийг алга болсныг мэдээд ван уйтгарлаж сууна. Ордныхон ирж, шөнө болсон явдлыг гайхуулан ярьцгааж унтлагынхаа өрөөнд орж амраг хүүхнээ таалахыг хүсч ван эзнийхээ бахыг хангана. Өвгөн салбадай болсон явдлыг мэдэж ордныхноос охиноо гаргаж өгөхийг шаардаж байтал Жильда гарч ирнэ. Өөрийн нь амьдралын гэрэл гэгээ болсон өнчин ганц охиноо бузарлуулсан Риголетто ван эзнээсээ өшөө авахаар тангараглана.  Жильда, вангийн амийг өршөөхийг эцгээсээ гуйх боловч, өвгөн тавьсан тангаргаасаа буцахгүйгээр шийджээ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Дөрөвдүгээр үзэгдэл

Хөлсний алуурч Спарафучиллийн гэр. Риголетто, вангийн завхай явдлыг өөрийнхөө нүдээр хараг гэж охиноо дагуулан ирж нуугдана. Удалгүй Ван ирж Спарафучиллийн дүү хүүхэнтэй уулзаж бас л хайртай дуртайгаа илчлэн шалиглахыг завдан байна. Шөнө орой болсныг далимдуулан ван алуурч Спарафучиллийн гэрт хонохоор үлдэнэ.

Риголетто, Спарафучилле хоёр Ванг хороохоор тохиролцож, өвгөн охиноо дагуулан буцна. Спарафучиллийн дүү хүүхэн өөртөө ихэд таалагдаж байгаа залуугийн амийг өршөөхийг хүсч, дараагийн ирэх гийчинг хороож, шуудайд хийгээд Риголеттод амласнаа биелүүлсэн болж өнгөрөөхийг ахаасаа ятган гуйна. Спарафучилле ч дүүгийнхзэ ятгалганд орж, одоо ирсэн хэнийг ч гэсэн алахад бэлэн болно.

Энэ бүхнийг сонсч мэдсэн Жильда хайрт хүнийхээ амийг аварч өөрийгөө золиосонд гаргахаар шийдэн Спарафучиллийнд ирж түүний гарт амь үрэгдэнэ. Тохирсон ёсоор шөнө дунд болгоод вангийн хүүрийг үзэхээр Риголетто иржээ. Спарафучилле шуудайтай үхдлийг Риголеттод өгч хөлсөө авч одно. «Санасандаа хүрч өшөөгөө авч чадлаа» гэж өвгөн салбадай баярлаж байтал Спарафучиллийн гэрээс вангийн дуулах нь сонсдоно. Юу болох нь энэ вэ? Шуудайны амыг нээн үзвэл охин нь алагдсан байх ажээ. Риголетто уй гашууд автан унана.С

Дээш