В.А.Моцарт - Увидаст лимбэ



Удирдаач:
Н.Туулайхүү УГЗ

Найруулагч: Г.Эрдэнэбаатар СТА

Зураач: Г.Ганбаатар УГЗ
Дүрүүд:
ХАРАНХУЙН ХАТАН-
ТАМИНО-Ханхүү
ПАМИНА-Харанхуйн хатны охин
ЗАРАСТРО-
ШАДАР МЭРГЭН-
ПАПАГЕНО-Шувууны гөрөөчин
ПАПАГЕНА-Түүний сүйт бүсгүй
МОНОСТАТОС-
ГУРВАН ХАТАГТАЙ-
ХОЁР САХИУЛ-
ГУРВАН ХҮҮХЭД-
  • Хөгжмийн зохиолч: В.А.Моцарт
  • Төрөл Дуурь
  • Он 1993


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Эзгүй газар төөрсөн ханхүү Таминог нэгэн араатан мөшгөн хөөсөөр... Энэхүү аймшгаас сүрдсэн Тамино аврал эрэн дуудсаар ухаан алдан хөсөр унана. Гэнэт гарч ирсэн гурван хатагтай гүрвэлийг ид шидээр устгана. Тэд Таминод сэтгэл татагдах боловч Шөнийн хатны албат нар тул аргагүйдэн энэ явдлыг хатандаа дуулгахаар явцгаана.
Таминог сэргэхэд Шөнийн хатны барлаг, шувууны гөрөөчин Папагено гарч ирнэ. Тэрээр хатны хэрэгцээнд зориулж амьд шувуу барьж өгөөд хариуд нь хоол хүнсээр шагнуулж гол зогоодог нэгэн аж. Папагено араатныг өөрийн гараар устгаж, Таминог аварсан хэмээн худал ярих ба үүнийг мэдсэн гурван хатагтай эргэж ирээд түүний хошууг цоожилж шийтгэнэ. Тэд Таминод нэгэн жижигхэн гуутай зураг өгөх бөгөөд энэ нь Шөнийн хатны хулгайлагдсан гүнж Паминагийн зураг гэнэ. Тамино зургийг үзээд дурлахын зэрэгцээ өрөвдөн хайрлаж түүнийг ямар ч үнээр хамаагүй олж аврахаар шийднэ.
Гэнэт аянга цахилж, Шөнийн хатан үзэгдэнэ. Хар санаат шидтэн охин Паминаг нь авч одсон тухай гунигтайгаар яриад, хэрэв түүнийг олж ирвэл эхнэр болгон өгөхөө ханхүүд амлана. Хатны өрөвдөм байдал Таминогийн хиргүй сэтгэлд үзэн ядалт, өс хонзонгийн дөлийг үүсгэнэ.
Гурван хатагтай эргэж ирээд хар санаатны нэрийг Зарастро хэмээх бөгөөд аян замдаа сайн явахыг ерөөгөөд Таминод нэгэн увдист лимбийг бэлэглэнэ. Таминогийн бараа бологчоор явахыг Папагенод даалгана. Дахин худал ярихгүй байхыг сануулаад түүнд ид шидтэй бяцхан хонхнуудыг бэлэглэнэ. Мөн хатагтай нарын ярьснаар тэр хоёрыг 3 цэцэн хүү Зарастрогийн шилтгээн рүү газарчлах ажээ.
Зарастрогийн ордны нэгэн өрөөнд башир зальт Моностатос Паминаг харгалзах ба хайр сэтгэлээ хүчээр илэрхийлэхийг оролдоно. Төөрч яваад санаандгүй орж ирсэн Папагеногоос үхтлээ айж зугтан гарна. Папагено Паминатай танилцаж улмаар ирсэн учраа ойлгуулаад тэр хоёр оргон зугтахаар шийднэ.
Гурван цэцэн хүү Таминог ордны гадна хүргэж ирээд зорьсон хэргээ бүтээхийг захиад явцгаана. Сүрлэг байгаль, үзэмж төгөлдөр орд харшийг харсан Тамино ийм газар хорон санаатан байна гэдэгт итгэж яднa. Тамино лимбээрээ тоглож эхлэх зуур уран тансаг хийцтэй орд харш, эргэн тойрны гоёмсог байдал, үзэсгэлэнт байгаль, өнгө зохирол нь хөгжмийн эгшигтэй нийлээд амьд бүхэнд сэтгэлийн цэнгэл, амар амгаланг авчирдаг нууцыг мэдэрнэ. Гэнэт хаа нэгтээ Папагеногийн дэвүүрийн дуу гарах ба Тамино түүнийг хайхаар одно. Энэ үес оргож явсан Папагено, Памина хоёр Моностатостой халз тулгарч шидэт хонхнуудын ачаар мэнд гарсан боловч Зарастротой таарч, гарах замгүй болно. Памина үнэн учраа хэлж, өршөөл хүснэ. Зарастро түүнд өршөөл үзүүлэхийг амлаж, харин түүнийг зовоож байсан Моностатосыг шийтгэх зарлиг буулгана. Мөн Тамино, Папагено нарыг сорьж, ариун сүмийн ёсны дагуу эр зориг, тэвчээр хатуужил, дотоод сэтгэлийн хүч тэнхээг шалгаж үзэхээр шийднэ

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Зарастро мэргэдтэйгээ сорилгыг яаж явуулах тухай хэлэлцэнэ. Тэрээр Паминаг Шөнийн хатнаас булаах болсон шалтгаан хийгээд Таминогийн сэтгэлийн тэвчээрийг шалгаж үзсэний эцэст гүнжийг түүнд өгөх тухай ярилцана. Тэдний шийдвэрээр:
Нэгдүгээрт эмэгтэй хүний үгэнд үл автах ба тэдэнтэй нэг ч солихгүй байх;
Хоёрдугаарт ямар ч үед сэтгэлээ захирч биеэ барьж чаддаг байх;
Гуравдугаарт гал усны аюулыг эр зориг тэвчээрээр туулж чадах ёстой бөгөөд энэ бүхнийг давж чадвал жинхэнэ хайр сэтгэл өөрөө ирж үнэний замд орох ажээ.
Анхны сорилт эхлэхэд Шөнийн хатны илгээсэн гурван хүүхэн ирж, тэр хоёрыг элдвээр ятган эндээс зайлуулахыг оролдоно. Угийн бүтэл муутай Папагено байн байн тэсвэр алдавч Тамино үргэлж сануулснаар гурван хүүхэн хэргээ бүтээж чадалгүй хөөгдөн явцгаана.
Цэцэрлэгт нойрсон буй Паминаг харсан Моностатос, залуу бүсгүйн гоо сайханд шунан аргаа барж байтал Шөнийн хатан ирнэ. Шөнийн хатан Зарастрог устгаж түүний зүрхэнд хадгалагдан байгаа ариун сэтгэлийн алтан дэнлүүг эзэмшихийг санаархаж байгаа бөгөөд үүнийг гүйцэтгэхийг охиндоо тушаагаад эс биелүүлбээс эх үрийн холбоогоо үүрд тасална хэмээн айлган загнаад явна. Учраа олохоо байсан гүнжийг Зарастро ирж тайтгаруулна.
Тамино, Папагено хоёрын дараагийн сорилт эхлэх бөгөөд уух, идэх, гэрлэх гурваас өөр юм боддоггүй Папагено нь энэ удаагийн сорилтыгдавж чадахгүйд хүрнэ.
Тамино ариун сүмийн хуулиар эцсийн сорилтод орохын тулд Паминатай салах ёс гүйцэтгэнэ. Үүнийг Памина буруугаар ойлгож ихэд гайхна. Дарсанд халамцсан Папагено гэргийтэй болохыг мөрөөдөн ганцаар дуулж суух үед Зарастрогийн илбэдэн илгээсэн нэгэн эмгэн түүн рүү ирж өөрийгөө эхнэр чинь хэмээн танилцуулахад Папагено эгдүүцэн эсэргүүцэх боловч эмгэний шахалтаар үнэнч нөхөр нь болохоо андгайлахад хүрнэ. Энэ үед эмгэн залуу бүсгүй Папагена болон хувирч алга болно.
Ариун сүмийн мэргэд гал усны саад буюу эцсийн сорилтод орохоор ирсэн Таминог зоригжуулна. Энэ мөчид Памина түүнийг эрсээр олж ирэх ба хамтдаа туулахаар шийдэж, тэд увдист лимбийн тусламжтайгаар их аюулыг гэтэлнэ.
Бие, сэтгэлийн хүнд хэцүү сорилтуудыг амжилттай туулсан тэр хоёрт ариун сүмийнхэн баяр хүргэж, үнэнч хайр сэтгэлийг магтан дуулна.
Ганцаар үлдсэн Папагено бүтэлгүй хувь заяандаа гомдон өөрийгөө егүүтгэхээр шийдэж ядан байтал гурван цэцэн ирж шидэт хонхыг нь сануулна. Хонхны гайхамшигт дуу Папагено, Папагена хоёрыг учруулна.
Зарастрогоос хөөгдөж өсөрхсөн Моностатос Шөнийн хатнынхныг дагуулан газарчилж ариун сүмийг сөнөөхөөр ирэх боловч залуу хосуудын үнэнч хайраар хүч нэмсэн ариун сэтгэлийн сүмийнхэн хорон санаатнуудыг ялан дийлнэ.
Гэрэл гэгээ, саруул ухаан, нинжин сэтгэлийн их удирдагч Зарастро наран суудалдаа заларч, үнэн хэмээх ариун үйлс хэзээд ялах тавилантайг тунхаглаж, хүндэтгэлийн дууллаар дуурь төгсөнө.

 
Дээш