Ж.Пуччини - Богема

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Найруулагч: Д.Эрдэнэбаатар СТА 

Зураач: Г.Ганбаатар  УГЗ 

Хормейстер: Г.Энхбаяр УГЗ 

Рудольф- Яруу найрагч 

Марсель- Зураач 

Шонар- Хөгжимчин 

Коллен- Гүн ухаанч 

Бенуа- Байрны эзэн 

Альциндор- Баярн эр 

Мими- Рудольфын найз бүсгүй 

Мюзетта- Марселийн найз бүсгүй 

Парпиньол- Тоглоом худалдагч 

Гаалийн түрүүч 

  • Хөгжмийн зохиолч: Ж.Пуччини
  • Төрөл Дуурь
  • Он 2004

БОГЕМА Оюутны дүүрэг Нэгэн байшингийн дээврийн хонгилыг яруу найрагч Рудольф, зураач Марсель, хөгжимчин Шонар, гүн ухаанч Коллен нарын дөрвөн залуу хөлслөн амьдарна. Мөнгөөр үргэлж гачигдаж хүйтэн өрөөнд идэх уухаар хомс амьдардаг хэдий ч залуу насны мөрөөдөл, бүтээн туурвих хүслээр дүүрэн байдаг тэд тарчиг амьдралаа гэрэл гэгээтэй болгон хошигнон хөгжилтэй сууцгаадаг ажээ.

 1-р үзэгдэл  

Яруу найрагч Рудольф, зураач Марсель хоёр түлэх түлээгүйн улмаас тав тух алдахын хажуугаар хайр сэтгэлийн тухай ярилцан сууснаа нэгэн санаа олж Рудольфийн бичсэн жүжгийн зохиолыг зуух руу илгээн түр дулаацна. Гүн ухаанч Коллен хэдэн номоо аваад мөнгө олохоор барьцаат зээлийн газар руу явсан боловч бүтэлгүйтэн эргэж ирнэ. Рудольфийн жүжиг шатаж дуусмагц дахин галгүй боллоо.   Энэ үеэр хөгжимчин Шонар орж ирэн яаж мөнгө олсон тухайгаа ярих боловч нөхөд нь авчирсан зүйл рүү нь хошуураад хэн ч түүнийг анхаарсангүй. Ганцаараа ярьж байгаагаа гэнэт мэдсэн Шонар унтууцан авчирсан зүйлээ нөөцлөөд “Латин” хороололд очин наргиж цэнгэхийг нөхөддөө санал болгоно. Бүгдээрээ явахаар шийдтэл хаалга тогшин байрын эзэн Бенуа хөлсөө төлөхийг шаардсаар орж ирэв. Тэд ухаан сийлж Бенуаг архиар шахаж байгаад залуу цагийнх нь явдлыг яриулж, хүүхэмсэг эр хэмээн загнан хөөн гаргана.   Рудольф сонинд өгөх нийтлэлээ хурдхан дуусгахаар үлдэж, бусад нь хүлээж байхаар тохиролцон гарцгаана. Энэ үед хаалга тогшин хөрш айлын бие муутай Мими бүсгүй гал сураглан орж ирснээ муужран унана. Бүсгүйн ерөнхий төрх байдал Рудольфод машид таалагдаж ухаан ороход нь хэсэг ярилцснаар танилцаж бие биедээ татагдана.   Хүлээж ядсан нөхөд нь гаднаас дуудацгаах бөгөөд Мими, Рудольфтай цуг явах санал тавихад тэрээр зөвшөөрч хамт гарцгаана.

 2-р үзэгдэл 

 Үдэш. Латин хороололд ирсэн найзууд дор бүрдээ лангуу сонирхож өөртөө хэрэгтэй барааг үзэж явна. Рудольф Мимид гоёмсог толгойн боолт авч өгнө. Энэ үеэр Марселийн сэтгэлт бүсгүй үзэсгэлэнт Мюзетта, хамтран амьдрагч чинээлэг өвгөн Альциндорыг дагуулан ирэн олны анхаарлыг татна. Тэрээр Альциндорыг нохой мэт үзэх бөгөөд Марселийн анхаарлыг өөртөө татахыг хичээнэ. Рудольф Мимийг найзууддаа танилцуулж ширээний ард бүгд тухлан юу дуртайгаа захиалан зооглоно.   Мюзетта Марселийг татахын тулд үйлчлэгчдийг загнан авирлана. Марсель үл тоох дүр эсгэвч эцэст нь тэсэлгүй бууж өгнө. Энэ үед хүүхдийн тоглоом зардаг Парниньол ирэн хүүхдүүдийг баярлуулж, торгон цэргийн үлээвэр хөгжимчид ирэн олныг цэнгүүлнэ.  Нэгэнт Марсельтай ойлголцсон Мюзетта, хөл барьсан шалтгаанаар гутлаа солиулахаар Альциндорыг явуулна. Үйлчлэгчид тооцоогоо хийхийг шаардахад “Альциндор ирээд төлөх ёстой” хэмээн Мюзетто арга сэдээд, хөл нүцгэн тэрээр Рудольф, Марсель нараар өргүүлэн одно. Альциндорыг эргэн ирэхэд 6 хүний тооцооны хуудас барьсан үйлчлэгчид тосно.

3-р үзэгдэл  

Парижийн застав.Үүр цайхад  шөнөжин наргисан хүмүүсийн дуу гуанзнаас сонсогдоно. Эртлэн ирсэн ажилчид, цэргүүд тээшээ шалгуулж, тус тусын замаар одно. Гэгээ ороход Мими ирж Марсельтэй уулзана. Марсель энд Мюзеттагийн хамт ажиллаж байгаа болон Рудольф ч энд ирсэн тухай түүнд ярина. Мими хүндээр ханиалгах ба Рудольфийн ааш зан хувирч, байнга харддаг болсон тухай гомдолтой өгүүлнэ. Энэ үед Рудольф гарч ирэх ба Мимиг нуугдахыг Марсель зөвлөнө.   Марсель, Рудольф хоёрын хооронд чин сэтгэлийн яриа өрнөж Мимид өгсөн хайр, өөрийн ядуу зүдүү байдал, Мимигийн өвчин хүндэрсэнээс шалтгаалан түүнээс холдохоор шийдсэнээ Рудольф ярина. Мими тэсгэлгүй өөрийгөө илчилж, тэр хоёр бие биедээ хичнээн хайртайгаа мэдрэнэ.Энэ үед Мюзетта гуанзанд өөр хүнтэй хөгжилдөж Марселийн уурыг хүргэснээр тэр хоёр дахин муудалцаж Мюзетта түүнийг орхин одно. Рудольф, Мими хоёр хавар болтол хагацахаар тохиролцоно.

 4-р үзэгдэл  

Нөгөө л дээврийн хонгилдоо Марсель, Рудольф хоёр зургаа зуран, зохиолоо бичиж сууна. Тэр нэгэн өглөө Мими, Мюзетта нараас салснаас хойш хэдэн сар өнгөрчээ. Тэр хоёр ажлаа хийх завсар бүсгүйчүүлээ санагалзах боловч бие биедээ мэдэгдэхгүйг хичээнэ.   Өдрийн хоол олж ирэхээр явсан Шонар, Коллен нар талх, загаснаас өөр юмгүй ирсэн ч тэд том хурим найр хийж байгаа мэтээр егөөдөн дүрслэж загас талхаа усаар даруулан хооллож, дуулж бүжиглэн хөгжилтэй байтал, гэнэт сандарсан Мюзетта орж ирэн бие нь ихэд муудсан Мимиг хүргэж ирснээ хэлнэ.Тэд Мимиг оруулж ирэн орон дээр хэвтүүлж чадах ядахаараа асрахыг хичээвч мөнгөгүй тул цөхөрөнгөө барна. Коллен биенээсээ салгадаггүй цуваа зарахаар болж, Мюзетта ээмгээ зарж эм олж, эмч авчирахаар нөхөд нь одоцгооно.  Мими, Рудольф хоёр анх учирсан гэгээн дурсамжаа сэргээж бие биенээ хайраар бялхаана. Мими намуухан ярьсаар унтаж байгаа мэт амьсгал хураах бөгөөд Рудольф үүнийг нь тайван унтаж байна хэмээн бодсоор байна.   Мимигийн талийгаач болсныг Шонар мэдэх ба нөхдөөсөө сэжиг авсан Рудольф  Мими! хэмээн эмгэнэлтэйгээр дуудна.  

Дээш