С

Cонгодог урлагийн эрхэм үзэгч танд УДБЭТ-ын тоглолтын 53 дахь улирлын мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүр шинэхэн бүтээлтэй, шинэ амжилттай, шинэхэн алдартантайгаар үзэгч тантай уулзах нь манай театрын хамт олны баяр баяслын дээд байдаг билээ. 
УДБЭТ-ын хувьд тоглолтын 53 дахь улирал маань уран бүтээлийн ургац арвинтай, гадаад арга хэмжээ ихтэй, түүхэн тэмдэглэлт ой олонтой, онцлогтой эхэлж байна. Бид тоглолтын улирлаа нээгээд тун удалгүй Италийн алдарт хөгжмийн зохиолч Г.Доницетийн “Лучиа ди Ламмермур” дуурийг анх удаа шинээр тавилаа. Ингэснээр манай театр дэлхийн топ 10 дуурийн хөгжмийн зохиолчийн 9 хүний уран бүтээлийг өөрийн тайзнаа тавьсан томоохон амжилтанд хүрч байгаа юм.

11 сард Солонгос улсад симфони найрал хөгжим, дуучдын хамт өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчлан очиж Тежон хотын дуурийн театрт “Лучиа ди Ламмермур” дуурийг, мөн Тежон, Пусан, Сөүл хотуудад “Монголиан Гала” концерт тоглож Монголын сонгодог урлагийг сурталчлах болно. Энэ удаагийн тоглолт цаашид улам өргөжин тэлж, Азийн бусад олон оронд хүрэх үүд хаалгыг нээнэ гэж итгэж байна.

Дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан уран бүтээлчдийнхээ тайлан тоглолтыг хийх, театрынхаа хамгийн анхны ууган балетын нэгэн жарны ойг тэмдэглэх, шинэхэн дуурь, балетыг бүтээх гээд бидний хувьд үзэгчиддээ өргөн барих бэлэг арвинтай нэгэн шинэ улирал эхэлж байгаа нь нэн таатай.

Мэргэн үзэгч түмэндээ зориулдаг бидний хүч хөдөлмөр эрхэм таны зүрхний нандин утсыг хөндөж, дэлхийн урлагийг дэргэдээ байгааг мэдрэн таашаах, үнэлэн дэмжих сэтгэлийг хөдөлгөж чадвал эгэл уран бүтээлч бидний, энэ театрын хамт олны туйлын зорилго биелэх билээ.

Мөн тоглолтын шинэ улиралтай хамт шинэчилсэн вэб хуудас маань танд хүрч байгаад баяртай байна. Та бүхэн шинэ, шинэлэг мэдээ, мэдээллийг эндээс авч, бидэнтэй хамт байгаарай.

Та бүхэнд сайн сайхан, ариун гэгээн бүхний дээдийг ерөөе.

УДБЭТ-ын Ерөнхий захирал Ч.МӨНХЗУЛ

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр