"Учиртай гурван толгой"

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Saturday, 05 November 2016 05:34

Их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" жүжиг монгол хүний хайр сэтгэлийн дуулал, хайрын бэлэгдэл билээ. Д.Нацагдорж Орос, Герман улсад зорчиж, өрнийн соёлыг үзэж судалж ирээд сонгодог бүтээл хийхийг хүсэн “Үйлийн гурван толгой” нэрээр анх энэхүү зохиолоо 1934 онд бичиж байсан түүхтэй. “Учиртай гурван толгой” анхандаа Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдлын тухай зохиол байжээ.

"Амны бэлгээс ашдын бэлгэ" гэдэг үгийг санаж их зохиолч маань жүжгийн төгсгөлийг эерүүлэн бичсэн гэдэг. Түүнийгээ “Гандий мод”, “Хулсан ташуур”, “Цэнхэрлэн харагдана”, “Гунан хар” зэрэг дуугаар тайзнаа амилуулж, нэрт зохиолч Д.Намдаг гуай найруулсан түүхтэй.

Энэхүү 5 үзэгдэлт дуурийн удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, Ерөнхий хормейстероор СТА Н.Дашбямба, Ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, бүжиг дэглээчээр Ц.Чинзориг, Ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаазүх нар ажилласан бол Юндэнгийн дүрд Л.Бүүвэйбаатар, Нансалмаагийн дүрд СТА Ш.Наранчимэг, Хоролмаагийн дүрд СТА Б.Эрдэнэтуяа, Балганы дүрд СТА Э.Бумхүү нар тогложээ. 

Найрал дуучид, балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөх аж. 

Монгол хүний хайр дурлалын бэлэг тэмдэг "Учиртай гурван толгой" дуурийг үзэгч та маргааш 17:00 цагт УДБЭТ-д үзэж сонирхоорой. 

М.Ариунцэцэг 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр