БНСУ-ын гурван хотод УДБЭТ-ын 70 гаруй уран бүтээлч тоглолтоо хийнэ.

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Sunday, 13 December 2015 11:13

Монголын ДБЭТ-ын гоцлол дуучид, симфони найрал хөгжимчдийн 70 хүний бүрэлдэхүүнтэй баг маргааш өглөө БНСУ-ыг зорин нисэх гэж байна.

 

Хоёр улсын хоорондох соёлын харилцаа, “Монголд Солонгосын уран бүтээлчид”, “Солонгост УДБЭТ” гэсэн холбоо хоёр төслийн хүрээнд тус театрын уран бүтээлчид тус улсын хотуудад 20 хоног аялан тоглох юм. Дуурийн гоцлол дуучид дэлхийн улс гүрнүүдэд очиж уралдаан тэмцээнд оролцох, жүжигт тоглох зэргээр ур чадвараа олон улсын түвшинд сорьсоор байдаг. Харин симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ ингэж холыг зорьж байсан нь төдий олон биш. Казахстан, ОХУ-ын Улаан-Үд, БНХАУ-ын Тянь Жиньд явж тоглож байсан түүх бий.

Энэ удаа уран бүтээлчид олон газар тоглоно. Театрын зарим гоцлол дуучин БНСУ-ын Тежон хотод “Лучиа Ди Ламмермур” дуурийн бэлтгэлд оролцож байгаа юм. Тежон хотод энэ сарын 26-29-нд “Лучиа Ди Ламмермур” дуурь, 12-р сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг тоглох бол, гоцлол дуучдын хамт 11-р сарын 30-нд Пусан, 12-р сарын 4-нд Тежон, 12-р сарын 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан Гала” концерт тоглоно. Тоглолтын хөтөлбөрт Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудын хэсгээс багтаж байгаа бөгөөд “Монголиан Гала” концертонд МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцоно.

Төслийг хэрэгжүүлэхийн тулд нийт 400 сая гаруй төгрөгийн фандрэйзинг хийсний 80 гаруй хувийг Тежон хотын Дуурийн театр, Сөүл Эс Эйч корпораци зэрэг БНСУ-ын байгууллага, хувь хүмүүсээс босгосон байна. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд БСШУЯ, МИАТ ХК, Сөүл дэх Монголын ЭСЯ, Сөүл хотын захиргаа, Сөүл хот дахь УБ хотын төлөөлөгчийн газар зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна.

Ийнхүү Монголын сонгодог урлагийн уурхай болсон ДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-д өргөн бүрэлдэхүүнээр олон удаа тоглож хоёр улсын соёл урлагийн амьдралд нэгэн шинэ хуудас нээж, мартагдашгүй түүх үлдээх гэж байна.

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудад найз нөхдөөрөө хүрэлцэн очиж Монголын дуурийн урлагийнхныхаа тоглолтыг үзэж, дэлхийн түвшний дуучдаараа бахархах ховорхон боломж олдож байна. Хаана дуучид, уран бүтээлчид очно, тэнд монгол үзэгчид олноор уухайлан тосох биз ээ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр