Wednesday, 19 June 2013 03:57

С.Мөнгөнцэцэг: Би нэр алдраас гэр бүлийн аз жаргалыг илүүд үзсэн

Ж.Эрдэнэцэцэг

Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд  алтан гургалдай хэмээгддэг Бэла Руденко,  Елена Образцова, Монтсеррат Кабаллетай эн зэрэгцэх чадалтай дуучин  монголчуудын дунд бий. ДБЭТ-ын байнгын зочид уянгалаг хоолойтой тэрхүү алтан гургалдайг андахгүй.  Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны  тэргүүн байрт шалгараад ирэхэд нь түүнд гавьяат гэдэг эрхэм цол  хүртээсэн тэр  үед л хүмүүс С.Мөнгөнцэцэг гэдэг залуухан, үзэсгэлэнтэй дуучин бүсгүйг зүс мэдэх болсон.  Гэр бүлийн аз жаргалын төлөө дэлхийд алдартай театрын гоцлооч болж, нэрээ мөнхлөх боломжоос татгалзаж байсан энэ бүсгүйг хүмүүс  “дэндүү даруухан, дайчин, хөдөлмөрч” гэж тодорхойлдог юм билээ.   

-С.Мөнгөнцэцэг Ч.Чайковскийн нэрэмжит уралдаанд яагаад оролцоогүй юм бол гэж гайхах хүн цөөнгүй байгаа?

 -Үнэхээр харамсмаар. Энэ уралдаанд 33 хүртэлх насны дуучид оролцох ёстой. Гэтэл би 34 настай. Дэндүү харамсалтай байсан.

-Уг нь дэлхийн жишгээр 40 настай дуучдыг залуу үед хамруулдаг шүү дээ. Сүүлийн үед дуурийн урлагт залуучууд хүч түрэн орж ирээд насны хязгаарыг урагшлуулж байгаа хэрэг үү?

-Ер нь жишиг нь ийм байдаг юм. Мэргэжлийн зарим уралдаанд  эмэгтэй дуучдын насны хязгаарыг 32 гээд заачихсан байдаг. Гэхдээ Америк, Европт 37 хүртэлх насны дуучдын уралдаан байдаг гэж сонссон.

-Хэрэв сонгодог урлагийн олимпод оролцож чадсан бол лав нэг юм дуулгах байсан даа?

-Уралдаанд орж өөрийгөө сорих нь сайхан ч сэтгэл зүйн хувьд маш том дарамттай байдаг. Тэрхүү дарамтыг амжилтаар л давахгүй бол хэцүү л дээ. Амжилтын тухай мэдээний ард ямар их ачаа, хариуцлага, айдас, догдлол байдгийг бие, сэтгэлээрээ мэдрэхгүй бол тэр бүр ойлгохгүй байх.  Манай  театрын залуу дуулаачид энэ мөчид Глинкийн уралдаан оролцож байгаа. Тэдэнд маань ч гэсэн тийм л хэцүү байгаа болохоор би өмнөөс нь бас догдолж сууна. Би энэ уралдаанд орж, Москвад бараг 14 хоног байхдаа нойр ч хүрэхгүй хэцүү байсан. Толгойд зөвхөн уралдаан л эргэлдээд маш дарамттай. Тийм байдалтай байгаа намайг хараад багшийн санаа  нь зовчихно. Уралдааны дараа ч нэг хэсэг тэр байдлаасаа гарч чадахгүй байсан. Миний хувьд үр дүнд нь сайн байсан болохоор жаахан ч гэсэн уужирч байсан л даа. Хэрэв амжилт муутай байсан бол хэдэн жилээр шаналах байсан болов уу. 

-Аливаа зүйлд сэтгэлээ бүрэн зориулж, махран зүтгэдэг нь Мөнгөөгийн төрөлх зантай холбоотой юм болов уу?

 

 

 

 

-Ер нь ихэнх уран бүтээлч тийм байдаг болов уу.  Гэхдээ гаднаас нь харахад ямар нэгэн илрэл байхгүй хүн байдаг л даа. Тэглээ гээд тэр хүн  огт юм бодохгүй байна гэж үгүй л дээ. Сэтгэл хөдлөл, хямралаа ил гаргалгүй өөртөө барьж чаддагт л байгаа хэрэг. Би ер нь хөдөлмөрлөж байж л амжилтаас атгадаг гэж боддог.

-Амжилтаас атгах  хүртэл мэдээж унаж, босох үетэй тулна. Унасан үедээ Мөнгөө яаж тайвширдаг байв?

-Дашиймаа багшийнхаа зөвлөж, зоригжуулснаар би Банди багшийн нэрэмжит анхны  уралдаанд орж, гуравдугаар байрт шалгарч байсан. Тэр бол миний анхны том уралдаан байсан  юм. Дуучны хувьд  дөнгөж л мөлхөж эхэлж байгаа хүүхэдтэй зүйрлэх хэмжээнд байсан л даа. Тийм болохоор  гуравдугаар байрт гэдэг маш том амжилт байсан. Тэгээд би гайгүй дуучин болчихож гэж бодож билээ. Ингээд уралдаанд ороод байвал болдог юм байна гэсэн итгэлтэй болчихсон байж л дээ одоо бодох нь ээ. Тэгээд  дараа жилд нь нэг уралдаанд ороод нэгдүгээр шатнаас нь хасагдчихлаа. Амьдрал ингээд дууусаж байгаа юм шиг санагдаад санаагаар унаж, маш их уйлж билээ.  Дашиймаа багш маань хүртэл миний хүүхдийг хасчихлаа гээд бөөн юм болсон. Дандаа л ялах ёстой мэт боддог,  юу ч мэдэхгүй дэндүү балчир байж. Тэр ялагдлаас хойш харин гайгүй болсон шүү. Ялах,  ялагдах нь гол биш, өөрийгөө сорих нь чухал гэдгийг мэдэрч эхэлсэн. Тэрнээс хойш гадаад, дотоодын олон уралдаанд өөрийгөө сорьж байлаа. Тэр хэрээр чадвар минь дээшилсэн. Энэ хугацаанд дандаа амжилттай байж, баярлаж байгаагүй  л дээ. Уйлж, нус нулимстайгаа холилдож байсан үе ч бий. Болгарт байхад  ч багш маань намайг олон уралдаанд оролцуулж, сорьж, урам өгч, дэмжиж байсан. Тэнд байхдаа том жижиг гэлтгүй уралдаан болгонд ордог байсан. Уралдаан болно гэдэг сургаар Мөнгөнцэцэг хэдийнэ тэнд оччихсон л байдаг байлаа. Ялагдал байх ёстой гэдгийг би тэр үед хүлээн зөвшөөрчихсөн байсан. Болгарын үндэсний хэмжээний том уралдаанд хүртэл оролцуулж байсан. Энэ мэтчилэн олон улсын 20 гаруй уралдаанд оролцож, чадвараа өсгөж байж, Глинкийн нэрэмжит уралдаанд  өрсөлдсөн л дөө. Уран бүтээлч хүн ядарч зүдэрч байж ялагдах, ялахын амт шимтийг мэдэрч, шат бүрийг туулж үзэх хэрэгтэй санагддаг. Тэгж байж л хөгждөг. Уралдаанаас уралдаанд хүн туршлагажиж, тайзан дээр гарахаас эхлээд төгөлдөр хуурчтайгаа хэрхэн харилцах, хэсэгхэн хоромд ч хоолойгоо амраагаад авах арга гээд маш их үшйлийг сурдаг  юм билээ. Сандарч тэвдэж байсан ч нууж чаддаг болдог. Энэ бүтээлийг ингэж дуулбал илүү амилж, хүнд  хүрнэ гэхчилэн уралдаанаас сурангаа, дээшилдэг. Том уралдаанд шат ахих тусам даалгавар хүндэрдэг учраас тэр бүгдийг туулаад гарах сэтгэлийн хат хэрэгтэй.  Глинкийн уралдаан  надад их итгэл найдварыг өгсөн. 

-Өрсөлдөөн уран бүтээлчийг хурцалдаг гэдэг шүү дээ.

-Чухам өрсөлдөөний мөн чанар нь тэр байх л даа. Уралдаанд орох бүртээ л бусдаас юугаараа онцгой байж, ялгарах вэ, юун дээр алдаж, байна вэ гэх мэтчилэн эрэл хайгуул хийдэг.  Өрсөлдөөн дунд амьдарч сурч байна гэсэн үг. Би өрсөлдөөн дундаас л гарч ирсэн. Сэтгэл зүйн хувьд ч маш их зүйл сурдаг юм.  

-СУИС-ийн төгсөх курсэд орох жилээ Болгар явсан уу?

-1998 онд төгсөх  курст ордог жилээ Болгар руу явсан. Тэнд би  бакалаврын сүүлчийн жилээ хийгээд магистрт сурсан. Бараг 10 жил Болгарт сурч, амьдарсан.

-Дунд сургуулиа Төв аймагт төгссөн гэл үү?

-Би Төв аймгийн Зуунмод суманд төрж, өссөн шүү дээ. Тэндээ дунд сурргууль төгссөн. Аав, ээж маань амьдралын төлөө, дөрвөн хүүхдээ хүн болгохоор зүтгэсэн эгэл  жирийн л хүмүүс. Би тэрсхэн гурван эрэгтэй дүүтэй, айлын ганц  охин. Аав, ээж маань намайг ёстой л бөөцийлж өсгөсөн дөө. “Ганц эгчээрээ түлээ хагалуулж, ус зөөлгөөд үзээрэй” гэдэг байж билээ. Бүсгүй хүн болохоор гар хөлийг нь хайрлаж байж л дээ.

-Дуулах дургүй хүүхэд байсан гэлүү?

-Дуучин болох зам амьдралын минь төөрөгт зурагдчихсан болоод л одоо ингэж яваа юм болов уу. Тэрнээс биш хүүхэд байхдаа би дуулах ёстой дургүй байж билээ. Дунд сургуульд хүүхэд бүр л урлагийн үзлэгт оролцож, дуулж, бүжиглэдэг шүү дээ. Би ч гэсэн тэгж л явсан. Тал талын авьяастай, юм юманд идэвхтэй хүүхэд байлаа.  Тавдугаар ангидаа сургуулийн дууны аварга хүртэл болж байсан. Тэгсэн хэрнээ л дуулах дургүй. Аргагүй л сургуулиас зохиож байгаа ажил болохоор дуулахаас өөр аргагүй замгүй. Дуулах үед хамаг цус нүүр рүү өгсөөд чавга шиг  улаан хүрэн болчихно. Тэгэхэээр хүүхдүүд янз бүрийн нэр хоч өгөөд шоолдог байсан болохоор тэгж их дургүйцдэг байсан юм. Гэхдээ их сонин. Олуулаа дуулах, бүжиглэх үед ерөөсөө тэгж улайдаггүй. Ганцаараа дуулахаар л түнтүүтэл улайчихдаг байж билээ. Өөрийн эрхгүй л доороос огшоод нүүр рүү цус шахагдаж байгаа нь мэдрэгддэг. Тийм болохоор “Одоо яана аа, яг улайж эхэллээ. Ямар харагдаж байгаа бол” гэж бодоод сандраад шал ширтэж байгаад дуулж дуусгадаг байсан. 

-Дуулах дургүй хэрнээ яаж яваад дуурийн дуучин болчихов?

-Аравдугаар анги төгсөхдөө л  СУИС-ийн жүжигчний ангид орно гээд шийдчихсэн байсан. Тэгсэн чинь намайг төгсдөг жил жүжигчний ангийн хуваарь аймагт маань ирээгүй юм. Харин дууулаачийн ангийн хоёр хуваарь байсан. Тэгээд яах вэ дээ, юу ч гэсэн зорьсон сургуульдаа орчихоод дараа нь ангиа солиулж болох байх гэж бодоод шалгалтыг нь өгөхөөр боллоо. Шалгалт өгөхөөр очтол СУИС-ийн хуваарийг эргүүлээд татчихсан гэдэг хариу сонссон.  Тэр л сургуульд орно гэдэг мөрөөдөлд хөтлүүлчихсэн охиныхоо  урмыг хугалахгүй гээд аав маань дагуулаад хотод ирэв ээ. Улаанбаатарыг сайн мэдэхгүй болохоор нөгөө СУИС-иа хайсаар байтал  өдрийн тал өнгөрчихөж. Арай  гэж олоод очтол шалгалт нь хэдийнэ дуусчихсан гэдэг байгаа. Тэгээд аав маань ХБК-д төгөлдөр хуурын багшаар ажилладаг Цэцгээ эгч рүүгээ утасдаж, учир байдлаа хэлж, би гэдэг хүн СУИС-ийн босго алхах боломж олдсон юм.

-Тэгээд ангиа солиулж чадаагүй юм уу?

-Ангиа солихгүй байх нэг шалтгаан нь Дашиймаа багш минь байсан. Тэр хүн намайг маш их дэмжиж,  урамшуулсан. “Би чамаас анх юу ч олж хараагүй. Гэхдээ явах тусам бүдэг гэрэл ёлтойж,  аажимдаа тодорч байна. Чамд маш том ирээдүй байгаа шүү” гэж хэлэхээр нь юун ангиа солих энэ тэр. Урамшаад хачин их баярлаж байгаа юм чинь. Тэгээд ч хэн дуртай хүнийх нь хүссэнээр мэргэжилийн анги солих боломж байдаггүйг орсон хойноо мэдэрсэн.

-“Монголд чадалтай хоолойтой, мундаг дуучин олон бий. Гэхдээ тэр дундаас онцгой виртуоз дуучин нь яах аргагүй  Мөнгөнцэцэг” гэж мэргэжилтнүүд дүгнэдэг юм билээ. Үүнтэй санал нэгдэх жирийн  үзэгч ч олон байгаа. Олон улсын том уралдаануудад тэргүүн байр эзэлсэн дуучдад дэлхийд алдартай тайзнаа дуулах боломж нээгддэг. Мөнгөнцэцэгт урилга ирж байна уу?

-Болгарт сургуулиа төгсөөд эх орондоо ирээд нэг мэдэх нь ээ зургаан жил өнгөрчихөж. Цаг хугацаа нисэх шиг хурдан өнгөрч байна.  Энэ хугацаанд албаны болоод хувийн амьдралаа төвхнүүлэх гээд тун завгүй байлаа.  Одооноос л энэ талаар бодно доо. Хэд хэдэн газраас санал тавьсан. Мөнгөнцэцэг хаана  ч очсон гологдохооргүй борлогдох хэмжээний зэрэгтэй дуучин болсон нь  багшийн минь,  театрын минь ач. “Аида”, “Чио Чио Сан”, “Тоска”, “Сарьсан багваахай” зэрэг алдартай 10 гаруй дуурийн гол дүр бүтээжээ. Энэ бол залуу хүний хувьд маш том амжилт, хэр хэрээр туршлагатай гэсэн үг. Европын залуу  дуучдад ийм боломж тэр бүр олддоггүй. Монголын ДБЭТ-ын гоцлоочдод тэрхүү ховор боломж нь нээлттэй байна. Тэр хүн хичээж, зүтгэвэл шүү дээ.

-Тэгэхээр Монголд сонгодог урлагийн зах зээл нээлттэй, өөрийгөө харуулах боломж өндөр байсан гэсэн үг үү?

-Тийм. Энэ утгаараа бид их азтай.

-Урлагийн төлөө бие, сэтгэлээ зориулахад хувийн амьдралаа золиосолдог гэдэг?

-Үнэхээр урлагийн төлөө л гээд зүтгэвэл хувийн амьдрал яах  аргагүй хаягддаг. Тийм жишээ олон бий. Би ч гэсэн тийм сонголтын заагт очиж байсан. Гэхдээ би үр хүүхэдтэй, хань ижилтэй байж, эмэгтэй хүний аз жаргалтай амьдралыг  хаяхыг хүсээгүй. Урлагт ч гэр бүлдээ ч цаг зав гаргаж, хүн шиг л амьдрахыг хүссэн. Зөвхөн урлагийн төлөө гэж зүтгээд насны эцэст үр хүүхэд ч үгүй, тулж түшэх ч ханьгүй байх эмгэнэлтэй. Жигтэйхэн мундаг дуучин байгаад яах юм бэ. Хорвоогийн жамаар хөгширнө шүү дээ. Зөвхөн урлагийг, нэр алдрыг сонгох боломж надад байсан. Миний зорилго бол нэр алдар байгаагүй учраас Болгарын театрын гоцлоочоор үлдэх боломжийг би сонгоогүй.  Уг нь дуучин хүний хувьд тэр бүр олдоод байхгүй маш том боломж л доо.  Гэхдээ  миний хувьд үүнээс илүү  хань минь чухал байсан учраас түүнийгээ дагаад Монголдоо ирсэн. “Ямар тэнэг юм бэ, тийм сайхан боломжийг алдлаа” гэх хүн байсан ч би өөрийхөө сонголтыг хэзээ ч буруу гэж боддоггүй. Харамсдаггүй. Үүний эцэст би хөөрхөн охинтой болсон.

-Охин нь дүү нэхэж байна уу?

-Гэртээ ороход тосоод ирэх  нэг биш нэлээд хэдэн хүүхэдтэй байхыг би хүсдэг. Охиноо бага байхад нь  дүү  төрүүлж өгөх санаатай байсан ч амжилгүй байсаар өдий хүрчихлээ. Ер нь ойрын төлөвлөгөөнд энэ асуудал багтаж байгаа.   Охин минь нэг хэсэг эрэгтэй, эмэгтэй дүү гаргаж өг гэж нэхдэг байсан. Тэгэхээр нь би “Маамаа гаргахад ээж нь их өвддөг байхгүй юу. Ээж нь жаахан айгаад байна. Гэхдээ охиноо дөрвөн настай болохоор хоёр юм уу, гурван дүү гаргаж өгнө өө” гэж хэлсэн.

-Дуулахаас өөр юу хийх дуртай вэ?

-Цас орсны дараагаар хашааны цас цэвэрлэх дуртай хүүхэд байлаа.  Хамуураар зам гаргаж тоглоод их л хөгжилтэй санагддаг байсан. Одоо ч гэсэн цас орсны дараагаар  хацраа халуу дүүгтэл алхах дуртай. Цас орсны дараа тогтуун, дулаахан байдаг даа. Тийм л үед цэвэр агаар амьсгалан  алхах сайхан. 

-Рок попынхон, нийтийн дуучид гэхчилэн янз бүрийн л тоглолт хийж байна л даа.  Сонгодог урлагийнханд  тийм боломж нь хэр байдаг бол. Тухайлбал,  С.Мөнгөнцэцэг тоглолтоо хийх болоогүй юу?

-Бэлтгэлээ базааж, энэ сарын 15-нд тоглохоор  өдөр хоногоо хүртэл товлочихсон байсан л даа. Гэтэл бас л нөгөө цаг заваас болоод хойшлуулсан. Гадаадад зохион байгуулах соёлын өдрүүдийн тоглолт эсвэл том уран бүтээлийн ажил гэх мэтчилэн гэнэтийн ажлаас болоод цаг зав  ер гарахгүй л байна. Дээрээс нь би цомог  гаргахаар ажиллаж байгаа юм.

-Тэгвэл Мөнгөнцэцэгийн анхны цомог тун  удахгүй  бэлэн болох нь ээ?

-Чанартай, сайхан бүтээлтэй, гайгүй зүйл хийчих санаатай зүтгэж л байна.

-Мөнгөнцэцэгийн охинд ээжийнх нь авьяас хэр өвлөгдсөн байна вэ?

-Гурван настай хэрнээ хөөрхөн, эвлэгхэн дуулчихдаг хүүхдүүд байдаг даа. Миний охин тийм хэмжээнд дуулахгүй ч гэсэн маш мэдрэмжтэй. Миний хувьд тэр л их  чухал.  Хүн урлагаар дамжуулан мэдрэмжийг авдаг.  Мэдрэмжтэй байхад  ямар ч ажлыг хийж чадна. Мэдрэмж  бол ямарваа зүйлийн холбоос нь болдог гэж боддог. Тэр утгаараа охин минь өндөр мэдрэмжтэй байгаад нь их олзуурхдаг. Зарим хүн “Гэдсэнд байхаасаа л ари, романс сонсож,  бүүвэйлэгдсэн хүүхэд  юм чинь мэдрэмжтэй байхаас яах вэ” гэдэг юм. Тэр үнэн байх гэж боддог шүү дээ.

-Мөнгөөгийн хэлэх дуртай үг?

-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Энэ үгийг би байнга боддог. Хичээж, зүтгэсэн хүн амжилтад хүрдэг юм байна. Жирийн л нэг айлын охин  Мөнгөнцэцэг олон хүүхдийн дундаас шалгараад Болгарт сурах болсон нь хичээл зүтгэлтэй минь холбоотой байх гэж боддог.  Тэгж бодоод илүү их хичээж, сурсан.

-Заяагдсан авьяастай хүн гэж ярьдаг шүү дээ. Эсвэл авьяасын 99 хувийг оролдлого, зүтгэлээр бий болгодог  ч гэдэг.  Мөнгөнцэцэгт  дуулах авьяас заяагдсан уу?

-Манай театрын дуучин Ө.Уянга, Наранчимэг хоёр бол авьяасын уурхай. Бурхан тэдэнд авьяасыг харамгүй өгсөн. Нараагийн дуулахыг би анх сонсоод гайхаж, биширсэн. Ёстой арааны шүлс асгарсан. Түүний хоолойн өнгө хачин гоё. Гэтэл надад тийм их 

924 удаа уншсан
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр