Монголын балетын урлагийн гайхамшиг

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Friday, 06 January 2017 10:07

Ганбаатарын Цолмон... энэ нэрийг балетын урлагт дуртай үзэгчид андахгүй. Харин зарим монголчууд минь танихгүй, дуулаагүй ч байж мэднэ. Гэхдээ л Г.Цолмон гэх шавилхан биетэй, эгэл бүсгүйг Монголын сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийн энэ цагийн од хэмээн нэрлэдэг. Дэлхийд үнэлэгдсэн нэг нь түүний “жинхэнэ гайхамшиг” хэмээсэн нь бий. 

 

                                                                                                       15822845 688582717970026 7067252792871564256 n
 
 Ганбаатарын Цолмон... энэ нэрийг балетын урлагт дуртай үзэгчид андахгүй. Харин зарим монголчууд минь танихгүй, дуулаагүй ч байж мэднэ. Гэхдээ л Г.Цолмон гэх шавилхан биетэй, эгэл бүсгүйг Монголын сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийн энэ цагийн од хэмээн нэрлэдэг. Дэлхийд үнэлэгдсэн нэг нь түүний “жинхэнэ гайхамшиг” хэмээсэн нь бий. 

Аравхан настайдаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө алс холын Ленинградыг зорьсон бяцхан охин өдгөө Монголын балетын урлагийн гайхамшиг хэмээн нэрлэгдэх болж. Тайзан дээр бол “Жизель” балетын Жизель, “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, “Спартак” балетын Фригия, “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа гээд түүний бүтээсэн дүрүүд одоо ч үзэгчдийн сэтгэлд хоногшин үлддэг. Харин тэр тайзнаас буугаад Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Г.Цолмон, харин шавь нарынхаа өмнө хатуу багш.  

Сонгодог урлагийнхан маань дэндүү даруу хүмүүс. Ялангуяа бүжигчид үг дуу цөөнтэй. Үүнийгээ тэд “хөдөлгөөнөөрөө хэлэх гэсэн үгээ илэрхийлдэг болохоор” гэж тайлбарладаг. Г.Цолмон гавьяатын хувьд ч үг дуу цөөн, даруухан нэгэн. Монголын сайн л гэсэн ихэнх бүжигчид гадаадын театрт бүжиглэж байна. Харин Г.Цолмон Монголынхоо тайзнаа олон жил бүжиглэж, залуу уран бүтээлчдээ сургаж, зааж, зөвлөсөөр ирсэн.

                                                                                6d7fcbb15294d5feoriginal

Хамт ажилладаг театрын солист Б.Саруул түүний тухай “Цолмон эгчийн биед Жизелийн хөдөлгөөн бүр нь шингэчихсэн байдаг. Жизельд Цолмон эгч хамгийн гоё бүжиглэдэг” хэмээн хэлж байсан. А.Аданы “Жизель” балет бол дэлхийн шилдэг балетын нэг. Жүжиглэлт их шаарддаг учир тухайн бүжигчнээс ур чадвар, дүр хувиргалт шаардсан хүнд балетуудын нэг. Хэдий олон дүр бүтээсэн ч Г.Цолмонг үзэгчид Жизелийн дүрээр нь нэрлэдэг. Тэр бол монголчуудын хайртай Жизель. 


Хамгийн гайхалтай нь Г.Цолмон нэгэн ярилцлагадаа “Миний балетын урлагийн оргил нас минь 25-30 нас байсан” гэж байсан. Одоо тэр 38 настай ч тайзнаа бүжиглэсээр л байна. Үзэгчид түүний бүжихийг харахаар театрыг зорьж байна. Тиймээс түүний оргил нас одоо ч хэвийгээгүй. Дахин, дахин олон жил тайзнаа дүүлэн нисэхийг нь харахыг хүссэн үзэгчид дэндүү олон байна. Монголын балетын урлагийн “гайхамшиг” болсон энэ эгэл бүсгүй хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. Эзнээ олсон, нүдээ олсон шагнал. Г.Цолмон танд дахин баяр хүргэе. Үзэгчид таныг хүлээж байна. М.ДӨЛГӨӨН

http://www.news.mn/r/125856

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр