Ж.Верди "Аида" дуурь 2016.10.29,30 -нд

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Monday, 24 October 2016 10:44

Алдарт хөгжмийн зохиолч Ж.Верди 4 бүлэгт “Аида” дууриа Египетийн Хаан Исмаил Пашагийн хүсэлтээр хааны дуурийн театрын нээлтэнд зориулан бичжээ. Дуурийн хамгийн анхны тоглолт 1871 оны 12 сарын 24 -нд Египетэд, Европын нээлт 1872 оны 2-р сарын 8-нд Миланы Ла Скала театрт тогложээ. УДБЭТеатр “Аида” дуурийг 2011 оны 4-р сарын 30-нд анх тавьсан бөгөөд ОХУ-ын ГЖ А.П.Чепурной найруулж, удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, тайзны зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун нар ажилласан байна. Тоглолтын 54 дэх улиралд 15, 16 дахь удаагаа тоглох юм.

Жилийн дараа ашиглалтад орох Суэцийн сувгийн нээлтэд зориулж египтийн түүхэн сэдвээр дуурь бичиж өгөхийг суут хөгжмийн зохиолч Ж.Вердигээс 1868 онд Египетийн засаг хүсэв. Гэвч Верди бүтэн хоёр жилийн дараа буюу 1870 онд 150,000 франк буюу өнөөдрийн ханшаар 200,000 ам.долларын үнээр бичиж өгөхөөр зөвшөөрчээ. Ингээд Верди францын Египет судлаач Огюст Мариеттад хандан түүхэн эх бичүүлж авсан бөгөөд Мариеттийн хэлснээр үйл явдлыг Фараоны үеийн бодит явдлаас сэдэвлэсэн гэх боловч он цагийг тодорхой хэлээгүй байдаг. Фараоны хаанчлал МЭӨ 5004 оноос МЭ 381 он хүртэл үргэлжилсэн байх тул үе үеийн үзэгчид цагийг эзэлсэн фараонууд, тэдний их эзэнт гүрний тухай том төсөөллийг энэ дууриас авдаг билээ.

Верди Мариеттаас авсан 4 хуудас түүхээ франц найз Камилль Дю Локлийн хамт дөрвөн бүлэгт цомнол болгоод италийн яруу найрагч Гисланцонийн хамт итали хэлэнд хөрвүүлэн, үйл явдлыг дэлгэрүүлж, өрнүүлэн, өөрөө цөөнгүй тооны шүлгийг италиар бичиж өгсөн байдаг. Тэрээр зохиолчдодоо өндөр шан харамж төлж, өөрөө ч мөн цомнолыг төгс болгохын тулд ихээхэн хөдөлмөрлөсөн бөгөөд хөгжмийг бичихэд харин ердөө дөрвөн сарын хугацаа зарцуулжээ.

Ингээд 1871 оны зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавигдсан "Аида" толгой эргэм амжилт олж, тэр өдрөөс хойш дэлхий дахины сонгодог театр бүрийн урын санд заавал ордог гайхамшигт дуурь болсон байна.

Үйл явдлын цар хүрээ, далайц, том найрал дуу, том марш, хөгжмийн том бүрэлдэхүүн, агуулга гээд францын "их дуурийн" онцлог бүрийг асар хурц зөрчил, өрнөл, тэмцэл бүхий шүлэг, төгс төгөлдөр ари, дуэт, чуулга, найралтай хослуулан тавьснаараа хөгжмийн зохиолч энэхүү дуурийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх өндөр түвшинд хүргэж чадсан юм. Сонирхолтой нь тэрээр хөлсөнд авсан мөнгөнийхөө ихээхэн хэсгийг Парисын бүслэлтэд байсан энгийн иргэдэд хандивласан байдаг. Энэ үйлдэл нь түүнийг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэдгийн бас нэгэн баталгаа бөгөөд "хүн бүр аз жаргалтай байх эрхтэй" гэсэн суут Вердигийн уриа "Аида" дуурьт ч мөн тод илэрдэг билээ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр