Мөнхийн нөхөрлөл гала концерт Вечная дружба

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Thursday, 22 September 2016 07:56

 

УДБЭТеатр тоглолтынхоо шинэ улирлын босгон дээр дэлхийд алдартай ОХУ-ын Их Театрын (Большой театр) шилдэг уран бүтээлчидтэй хамтарсан “Мөнхийн нөхөрлөл” тоглолтыг 10-р сарын 04-ний өдрийн 18:00 цагт зохион байгуулах гэж байна.

Энэхүү тоглолтыг Монгол, Орос улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан хийж байгаа бөгөөд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийн ажиллагаа болж байгаа юм.

“Мөнхийн нөхөрлөл” тоглолтонд Их театрын удирдаач, ОХУ-ын Гавьяат жүжигчин А.М.Поляничко, Их театрын гоцлол дуучид  ОХУ-ын Ардын жүжигчин М.Казаков /басс/, ОХУ-ын Гавьяат жүжигчин Е.Манистина /меццо-сопрано/ болон залуу гоцлооч Е.Морозова /сопрано/ нар хүрэлцэн ирж оролцоно. УДБЭТ-ын Ерөнхий удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх, гоцлол дуучин МУСТА Ч.Энхтайван, МУСТА Э.Бумхүү, Б.Батжаргал, Б.Энхнаран нар их театрын дуучидтай хамтран тоглох юм.

Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог, мөн Оросын болон Монголын үндэсний дууриудын хэсгүүд багтсан бөгөөд Монголын үзэгчдэд танил болсон бүтээлүүдээс гадна урд өмнө сонсож байгаагүй өвөрмөц сайхан бүтээлүүдийн хэсгүүд ч орсон байна.

Бид театрынхаа шилдэг дуучдын “Монголын алтан хоолойтнууд” тоглолтыг 2014 оны 11-р сарын 20-ны өдөр Их театрын түүхэн тайзнаа амжилттай зохион байгуулсан. Тэрхүү тоглолтонд хамтран ажилласан ОХУ-ын Гавьяат жүжигчин А.М.Поляничко, ОХУ-ын Гавьяат жүжигчин Е.Манистина нар ийнхүү УДБЭТ-ын тайзнаа, Монголын үзэгчдэд зориулан уран бүтээлээ өргөх гэж байгаа юм.

“Мөнхийн нөхөрлөл” тоглолтыг УДБЭТеатр, ОХУ-ын хөгжим, фестивалийн “Росконцерт” агентлаг хамтран зохион байгуулж, БСШУСЯ, ОХУ-ын Соёлын яам болон Монгол дахь ОХУ-ын ЭСЯ, Монгол дахь Оросын соёл шинжлэх ухааны төв зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Тоглолтын тасалбарыг УДБЭТеатрын касс болон онлайнаар худалдаалж байна.

 

 Харилцах утас: 70110389, 99196609, 91114570

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр