10 мянган үзэгчид ая дуугаа өргөх Юндэн, Нансалмаа хоёр тодорлоо

Written by Админ
Ангилал: Мэдээ мэдээлэл Огноо: Friday, 01 July 2016 02:30

Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд үнэнч хайр дурлалыг бэлгэдэн мөнхөрсөн “Ромео, Жульетта” хоёроос дутуугүй өгүү­лэмжтэй, монголчуудын өв соёлыг багтаасан үндэсний сонгодог бүтээл бол “Учиртай гурван толгой”. Их зохиолч Д.Нацагдоржийн цомнолоор Б.Смирнов, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн нар үндэсний анхны дуурийг туурвисан  нь өнөөг хүртэл тасралтгүй тоглосоор ирэх сарын 10-нд Төв талбайд 2419 дэх удаагаа үзэгчдэд хүрэх гэж буй. Өнгөрсөн жилээс эхлэн задгай талбайд бүхэл бүтэн дуурь тоглох шийдвэр гаргаж, монголчууд Үндэсний их баяр наадмаараа “Учиртай гурван толгой” дууриа, 10 мянгуулаа үзэж цэнгэсэн.

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, ДБЭТ-ын гоцлооч Ш.Наранчимэг нар Юндэн, Нансалмаагийн дүрд тоглож, талбайн баруун талаас морь унан гарч ирсэн нь ч гэнэтийн бэлэг байсан. Өнгөрсөн жил мэргэжлийн шилдэг дуучдын дунд шалгаруулалт явуулж, гол дүрийн дөрвөн жүжигчнээ сонгож байсны нэгэн адил энэ удаа ч бас сонгон шалгаруулалт хийлээ. Өнөөдөр ДБЭТ-т болсон сонгон шалгаруулалтад дөрвөн Юндэн, Нансалмаа, гурван Хоролмаа, таван Балган оролцсон юм.

10 мянган үзэгчид ая дуугаа өргөх Юндэн, Нансалмаа хоёр тодорлоо

Гол дүрд тоглохоор шалгарсан дөр­вөн дуучныг тус бүр 10 сая төгрөгөөр урам­шуулах болзолтой байгааг нийслэ­лийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл танилцуулсан. Түүнтэй хамт ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Б.Жав­зандулам, Урлагийн гавьяат зүтгэл­тэн Ж.Бүрэнбэх, Гавьяат жүжигчин М.Болд, ДБЭТ-ын туслах найруулагч Е.Сарантуяа  нар шүүж, дуучдыг тод­руулсан юм.

Дуучдын ур чадвар, дүрээ илэр­хий­лэх байдал, жүжиглэлт, тайзны ур чадварыг харгалзан 100 хүртэлх оноогоор дүгнэсэн бөгөөд сонгон шал­гаруулалтад оролцох дуучдад морь унаж чаддаг байх гэсэн болзол мөн тавьсан юм билээ.

Төв талбайд тоглох “Учиртай гур­ван толгой” дуурийн найруулагчаар А.Дашпэлжээ ажиллах бөгөөд тэрбээр “Монголчуудын гайхамшигт өв соёл, сонгодог урлагийн баялаг ур чадварыг улсынхаа иргэд болон гадаадын жуулч­дад харуулах ховор боломж юм” хэмээн энэ тоглолтыг онцлоод, гол дүрийн дуучдаа сонгосны дараа бусад дүрд тоглох хүмүүсийг оноож бэлтгэлээ хийнэ гэв.

Энэ жил Гавьяат жүжигчин Ө.Уян­га, М.Глинкийн уралдааны шаг­налт Ч.Энхтайван нараас гадна за­луу дуучид сонгон шалгаруулалтад орол­цож, Юндэнд Э.Бумхүү, Нан­салмаад Б.Энхнаран, Хоролмаад Гавь­­яат жүжигчин Ө.Уянга, Балганд  С.Бат-Эрдэнэ дуулах боллоо. Энэ шалгаруулалтад ДБЭТ-ын гоцлооч Э.Бумхүү Юндэн, Балган хоёрын дү­рээр нэгэн зэрэг өрсөлдсөн нь олны ан­хаарлыг татав. Харин өнгөрсөн жил Нансалмаад дуулсан Ш.Наранчимэг энэ удаа Хоролмаа болохоор “шийджээ”. Буриадын театр болон “Сүлд” чуулгын дуучдаар хүрээгээ тэлж, зөвхөн ДБЭТ-ын дуучдаас сонгодог гэсэн та­шаа ойлголтыг эвдсэн энэ удаагийн шалга­руулалт бүтэн өдрийн турш үр­гэлжилж, өнөөдөр орой 19.00 цагт дүнгээ гар­гасан юм.

Дашрамд дуулгахад, ДБЭТ-ын уран бүтээлчид бямба гаригийн орой “Best of classic open air” тоглолтоо 5000 үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэх аж. Гурав дахь жилдээ болох гэж буй энэ тоглолтод БНСУ-д болсон олон улсын балетчдын уралдаанаас шагнал хүртсэн О.Анужин, О.Ганцоож нарын балетчид, ДБЭТ-ын шилдэг уран бү­тээлчид оролцох юм. Тоглолт 21.00 цагт эхлэх юм.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр