С.Гончигсумлаа ГАНХУЯГ

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
С.Гончигсумлаа ГАНХУЯГ

 

Ардын аман үлгэрээс сэдэвлэсэн

3 бүлэг, 5 үзэгдэлт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: С.Гончигсумлаа
  • Цомнол: Д.Лхасүрэн УГЗ
  • Удирдаач: Ж.Чулуун АЖ, ТШ
  • Балетмейстер: Д.Лхасүрэн УГЗ
  • Ерөнхий зураач: Ц.Доржпалам
  • Анх тайзнаа: 1959

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл

Мангас

Ганхуяг /Анчин залуу/

Мөнгөнтуяа /малчин бүсгүй/

Мангасын түшмэл

Түмэн /Ганхуягийн найз  залуу/

Мөнгөнтуяагийн эцэг

Мөнгөнтуяагийн эх

Зарц авгай

Өвгөд

Залуус, хөгшид эмгэд, сахиул цэрэг, зарц,шивэгчин

 

Жирийн малчин бүсгүй Мөнгөнтуяагийн өнгө үзэсгэлэн, гуа жавхлан нь аль эрт ховдог сэтгэлт Мангасын зүрх сэтгэлийг эзлээд, түүнийг нойр хоолноос нь  гаргажээ.

Мангас тэр бүсгүйг баатар эрийн зориг чадал, хүч ухаанаар авч чадахгүй, насны ихэд дарагдсандаа бухимдаж арга буюу өөрийи зарц түшмэдийг явуулж, тэр хүүхнийг олж ирвэл уулын чинээ алт өгнө, эс чадвал толгойг чинь авна гэж гуйх занахыг зэрэгцүүлэн байж түшмэлээ холын замд үдэж явуулна.

 

Монголын сүрлэг өндөр уулс ихэмсэг бөгөөд чимэгтэйеэ харагдана. Дээр нь хязгааргүй ариун хөх тэнгэр манхайна. Алсын уулын оргилууд суунагласан будангийн дунд цэнхэртэхэд ойролцоо харагдах хадан хясаан дээр шилбүүр барьсан, малчин бүсгүй Мөнгөнтуяа гарч ирэв. Мөнгөнтуяа хүүхэн төрөлх нутгийнхаа өнгө үзэсгэлэн, сүр жавхланг  магтан бахдаж уран хөдөлгөөнт бүжгээ бүжиглэсээр далд орно. Энэ үед Ганхуяг тэргүүтэй хэсэг анчид гарч ирэв.

Ан гөрөөнд олзтой сайн явсандаа бахдал хөөр болсон зарим нэг нь алсан ангаа дуурайж бүжиглэнэ. Эцэстээ бүх анчид бүгдээр нум сумтай эрэлхэг сайхан бүжгийг хийхэд Мөнгөнтуяа хүүхэн ирэв. Анчид явлаа. Ганхуяг Мөнгөнтуяа хоёр бие биедээ хайр сэтгэлтэйгээ илэрхийлж, сэтгэлийнхээ үгийг ярьж байтал, Мангасын зарц түшмэл ирэн, яавал энэ хоёрыг салгах вэ? гэсэн юм шиг хойноос нь заналтайгаар харж зогсоно.

 

Зуны үдэш алсад харагдах нуурын ус дөлгөөнөөр мяралзана. Хөдөлмөрийн өдрийн дараагаар өвгөд хөгшид амарч залуу охид уянгат хөгжмийн эгшгэнд уран хөдөлгөөнт бүжгээ хийхэд эдний дундаас Мөнгөнтуяа хүүхэн бусдаас содон харагдана.

Мөнгөнтуяа үерхдэг хүүхнүүддээ өөрийнхөө хайртай хүний тухай ярьж байтал Ганхуяг орж ирэв. Дахин тэр хоёрын эрчимт бүжиг үүсгэхэд таяг тулсан буурал эмгэн уух юм гуйна. Энэ нь Мангасын түшмэл бөгөөд Ганхуягийг далд орсон хойно хүүхнийг нь авч зугтлаа. Хамаг учрыг мэдсэн Ганхуяг Мөнгөнтуяаг олж ирнэ гэж тангараглахад бусад зоримог залуус түүний хамт явав.

 

Гүн, битүү сүрлэг ой. Шөнийн гал энд тэнд гялсхийнэ. Өвгөн болсон хүчит модод өтгөн навчсаа даахгүй, найган ганхахаа залхуурсан юм шиг салхины аясаар алгуурхан нахилзана. Өтгөн навчсын дундуур шөнийн саран шагайна. Хажуугийн нэгэн хожуул дээр түшмэлийн гарт баригдсан Мөнгөнтуяа хүүхэн ухаангүй байснаа ухаан орж, Түшмэл ба Мөнгөнтуяа хоёр өрсөлдөж, тэмцэлдсэн бүжиг хийнэ. Энэ үед алс тэртээгээс морины төвөргөөн сонсдох нь Ганхуяг нөхдийнхөө хамт ирж яваа нь тэр биз. Түшмэл хүүхнийг модны цаагуур нуулаа.

Ганхуяг нөхдийн хамт ирж, хүн дайралдсанд баярлан асуухад, аргат түшмэл эелдэг зөөлөн зан гаргаж, өөр зүгийг хичээнгүйлэн заав. Ганхуягийн нөхөд заасан зүг тийш ухасхийн далд орно. Бодолд дарагдсан Ганхуяг түр зуур зогстол хар санаат түшмэл Ганхуягийн араас нь дайрч тэр хоёр хүч сорин тэмцэлдэж, Ганхуяг Түшмэлийг хөдөлгөхгүйгээр барьж зогсоход бусад нөхөд нь эргэж ирэв. Түшмэл элдэв арга саам хэрэглэж амь өршөөхийг дуу тавин гуйж байснаа гэнэт Мангасаа дуудахад аюулт Мангас гарч ирэн тэнгэрийн аянга, цахилгаан, муу хүчин бүхнийг урин залан дуудаж зоригт хүмүүсийн өөдөөс тавина. Шуурга, цахилгаан улам ширүүсч Ганхуягийн өөдөөс нүүр нүдгүй шороо цацлан, орчин тойронд юу ч харагдахгүй. Тэр самбаанд түшмэл Мөнгөнтуяаг авч одов. Ганхуяг нөхдийнхөө хамт хойноос нь гүйх гэтэл аймшигт салхи урагш нь гишгүүлэхгүй. Арай ядан салхийг давж цаашлах гэтэл өмнөх хоёр өндөр хад нийлж, замыг нь бүр ч хаалаа. Ганхуяг нөхдийнхөө зоригийг хөгжөөн хад уул өөд авиран гарахад бүх хүмүүс Ганхуягийн хойноос дагалдан мангасын агуйг довтлохоор цааш  хөдлөв.

 

Аюулт Мангасын аймшигт хар агуй байна. Мөнгөнтуяа хүүхэн амраг нөхөд, ачит эхээ мөрөөдөн бүжиглэнэ. Зарц эмгэн түүнийг саатуулна. Гэнэт аймшигт хөгжим дуугарч Мангас бараа бологсод ба сахиулуудын хамт орж ирэн Мөнгөнтуяад хайртай дуртайгаа хэлэхэд хүүхэн сонсох  нь бүү хэл харах ч үгүй.

Мангас ордны дотор байсан бүх улсуудыг хөөн явуулаад дахин тэр үгээ ярьж байтал түшмэл орж ирэн Ганхуяг ирлээ! гэдэг мэдээг авчирлаа.

Мангасын уриагаар цэргүүд нь давшиж эхлэв. Ганхуягийн талынхан дайрч орон тулалдана. Ширүүн тэмцлийн оргилд Мангас Ганхуяг хоёр учран тулалдаад, зоригт эр Ганхуягийн хүчит сэлмэнд Мангасын толгой цавчигдав.

Хайртай хоёрыг уулзахад хамаг олон бүгдээрээ биширч, хайр сэтгэл үнэнч байвал ямарч саадыг давна гэдэг дийлсэн олны ялалтын цуурай ертөнц дахинд дуурсаж байгаагаар жүжиг төгсөнө.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр