С.Гончигсумлаа НАЙЗ ЗАЛУУС

Үнэлэмж
(0 үнэлгээ)
С.Гончигсумлаа НАЙЗ ЗАЛУУС

 

3 бүлэг ,4 үзэгдэлт балет

 

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: С.Гончигсумлаа
  • Цомнол: Б.Ширэндэв
  • Удирдаач: Ж.Чулуун АЖ, ТШ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
  • Ерөнхий зураач: Д.Сүхбаатар
  • Анх тайзнаа: 1970-6-14

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл

Сүнжидмаа /зарц эмэгтэй/

Насан /Сүнжидмаагийн сэтгэлт залуу/

Сергей/зарц залуу/

Галдан занги

Цагааны офицер

Очир гүн

Түүний хатан

 

Үүр цайж, бөглүү жижиг тосгоныг гийгүүлнэ. Баян орос пүүсний гадаа ядуу зарц Сергей унтаж байснаа гуйлгачны хөлийн чимээгээр сэрж, байгалийн гоо сайхныг нүдээр ширтэн, агаарын сайхныг амтлан, сэтгэл тааламжтайгаар биеийн чилээг гаргаж, хувьсгалын хэрэгт санаа нэгтэй монгол нөхдөө хүлээн, зориг золбоотой бүжиглэнэ.

Насан, Сүнжидмаа нар ирж, тэд өөрсдийн цуглуулсан зэвсгийг баян эзний пүүсний зооринд нууж улмаар партизануудад хэрхэн дамжуулахаа ярилцаж тохирно.

Баян эзэн пүүс нээх цаг нэгэнт болсонд Сергейг пүүсээ нээсэн эсэхийг шалгахаар гартал Сергей алга байна. Эзэн нь ихэд уурлан, эргэтэл  Сергей хажууд нь ирсэн байна.

Элбэг бараат эзний пүүсэнд худалдагчид, орос, хятад үндэстнүүд, лам дээлтэй банди нар хүртэл цугларч, захын хөл үймээн хөгжинө.

Авхаалж самбаатай орос залуу ирэгсдийг урин бүжиг хийлгэх далимаар Насан тэргүүтэй хэдэн залуустай хувьсгалын тухай  ярилцана.

Гэнэт бүхний анхаарлыг татан Очир гүн, хатан, Галдан занги, зарц бүсгүй   Сүнжидмаа нартай ирэв.

Пүүсийн эзэн гоёмсог үнэт зүйлийг үзүүлсэнд Очир гүний сэтгэлд нь нийцэж, худалдан аваад зарц Сүнжидмаад бариулна. Энэ үед Сергей анд нөхөр Насангаа Сүнжидмаатай уулзуулахаар арга сүвэгчлэн мөн л орос, хятад, буриад зэрэг бүжгүүдийг урин бүжиглүүлж нөхөдтэйгээ цагаантны тухай ярьж амжив. Цугларагсдын дунд цагааны офнцер их л сүржин орж ирэв. Тэр зарц бүсгүй Сүнжидмааг шохоорхож, өөрийн санааг ойлгуулах гэж элдэв марзан бүжиг хийх нь инээдэмтэй харагдан, бүсгүйн дургүйцлийг улам хүргэнэ. Айж хэлмэгдсэн зарц бүсгүй   баяны худалдаж авсан үнэт эдлэлийг унагааж хагална.

Энэ байдлыг Очир гүн, хатан хоёр үзээд ихэд уурлан Сүнжидмааг зодохыг завдахад Насан барьж явсан үнэт чулуун гаансаа тэдэнд барьтал шүлсээ залгисан хомхой баян хурдан явж одов.

Насан баядын шунаг байдлыг шоолон бүжиглэхэд цагааны офицер түүнийг учир зүггүй зодож, ардууд аврахыг хичээх бөгөөд үеийн нөхөр Сергей нь офицерт   архи   өгч, пүүсний эзний гэрт урина.

Үдэш болмогц захын хөл үймээн намдаж, Насан, Сергей, Сүнжидмаа нар тохиролцсон ёсоор ирж нуусан зэвсгээ аваад явцгаав.

Цагааны офицер, пүүсний эзэн хоёр тэдний наасан ухуулах хуудсыг үзээд мөрдөхөөр явна

 

Ойн дунд Сергей модны тайрдас хөрөөдөж, зэвсэг нуух арга сүвэгчилэн олсонд гурван найз баярлан бүжиглэнэ.

Төдөлгүй партизан цэргүүд ирж, тэр гуравт баярлан зэвсгийг авч явна. Хоёр найзынхаа   сэтгэлийг мэдсэн Сергей ч явна.

Үлдсэн хоёр үзэсгэлэнт байгалийн дунд хайр сэтгэлээ илчлэн бүжиглэнэ. Гэнэт тэднийг мөрдсөн цагааны офицер Галдан зангийн хамт ирж Насанг баривчлан, дурлалт хүүхэн Сүнжидмааг аваад явав.

Насанд унатал цохиулсан цагааны цэрэг сэхэж босоод хариугаа авах гэсэн боловч хээр хаягдсандаа бусаддаа өшсөн буюу орос хүний энэрэнгүй сэтгэл нь дийлж Насанг суллан тавив.

 

 

Хошууны хорих газар хувьсгалын хэргээр хүмүүсийг тамлаж гав гинжээр дөнгөлжээ. Энд Сүнжидмааг Галдан занги эхнэрээ болгох бодлоо хэлж, хэрэв зөвшөөрвөл шоронгоос суллана гэнэ.

Цагааны офицер Сергей болон хэдэн монгол хүмүүсээс өчиг авч чадаагүйдээ хорсон уурлаж Сергей, Сүнжидмаа нарыг дүүжлэхийг тушаана.

Галдан занги Сүнжидмааг аврах гэсэн нь биелэгдсэнгүй. Энэ мөчид уухай хашгиран Зөвлөлтийн улаан цэрэг, Монголын партизанууд шоронг эзэлж хоригдогсдыг суллав.

 

Насан, Сергей, Сүнжидмаа мэтийн цог золбоот найз залуусын хувь нэмэр орж, ардын хувьсгалын төгс ялалтын эхлэлт болсон баярт үйл хэргээ Монгол-Зөвлөлтийн залуус хөгжилтэй тэмдэглэж байгаагаар энэ балет төгсөнө.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр