Ц.Нацагдорж ГҮЮГ ХААН

Үнэлэмж
(0 үнэлгээ)

ГҮЮГ ХААН

Эхлэл бүхий 3 бүлэг, 3 үзэгдэлт балет

Хөгжим: Ц.Нацагдорж

Цомнол: Д.Төрбат

Балетмейстер: Б.Батжаргал

Зураач: Ч.Гунгаасүх АЗ

Удирдаач: Ц.Баатаржав УГЗ

Анх 1992-5-30-нд тоглогдсон.

ДҮРҮҮД:

Гюүг

Турхан/хатан/

Отман/ Турханы нууц амраг ноён/

Фатима /шивэгчин эм/

Өгөөдэй

Чингай

Бөө

Эхлэл

«1240 оны өвлийн адаг сарын шинэдээр их хаан Өгөөдэй хээрийн ордондоо учир битүүлэг байдалд тэнгэр болов» хэмээн түүхэн сударт тэмдэглэж үлдээжээ.

...Бүжгэн жүжиг төрийн хатан Турхан, өөрийн нууц амраг Отман ноёны оролцоо, шивэгчин эм Фатимагийн туслалцаатай их хаанд «амин идээ» амсуулж буйгаар эхэлж байна. Гэтэл тэргүүн Чинсан Чингай тохиолдлоор таарсан нь байдлыг хурцатгаж, хааныг амьсгал хурааж байхад их хүү Гүюг ирсэн нь хуйвалдагчдын хувьд түгшүүр бий болгов.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

«...1241 оноос эхэлж төрийн тамга Турханы мэдэлд бүрэн шилжиж, түүний итгэлт хүн Абдур Рахман тэргүүтэй лалын худалдаачдын эрх мэдэл дээшлэв» гэж түүхэн сударт тэмдэглэжээ.

Турхан, Отман хоёр «хааныг хорлосон нүгэл»-ийг нүдээрээ үзсэн өвгөн Чингайд төрийн цааз оноохоор шийдэж байна. Тэдэнд гэрч хэрэггүй байв. Хотын их зээлд төрийн хатны зарлигаар өвгөн сайдын тэргүүн дээр илд далайх агшинд сум шунгинан ирж зандалчин алагдав. Тэр сум хан хүү Гүюгийнх болой... Энд эх, хүү хоёрын төрийн тамгын төлөөх тэмцэл туйлдаа хүрч, Гүюг хаан хуйвалдааны гол өдөөгч Отман ноёныг цаазалж   байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хоёрдугаар үзэгдэл

«...Энэ нууц хуйвалдаанд лалын шашинт эм Фатимагийн хутган үймүүлэх арга заль их үүрэг гүйцэтгэсэн...» тухай судар өгүүлжээ.

Нууц амрагаа алдсан их хатан төрсөн хүүгээ хороохоос ч буцахаа больж, урьд цагт сэтгэлийн холбоотой явсан Фатимаг хаан Гүюг рүү илгээж байна. Залуу хаан хутга ханцуйлсан Фатимаг хорлохын чинээ саналгүй дотночлон угтана. Гэтэл аз дайрч итгэлт түшмэл Чингай чинсан Фатимагийн хорлолт санааг илчилж чивэлт эмийг хилэнт эрсийн зугаа болгон шийтгэх бөлгөө.

Хаан   суудлын   төлөөх   эх,   хүүгийн   тэмцэл   эцэстээ   хүрэв.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар үзэгдэл

«...Гүюг хаан их ор сууснаас хойш даан удалгүй Турхан хатан гэнэт насан өөд болжээ» хэмээн түүхэн сударт тэмдэглэжээ.

...Гүюг их ор суусны нэгэн жилийн ойн өдөр ихэс дээдэс, мэргэд сайдууд хуран чуулах үес их хаантан хатан эхээ урих авай. Түүнд аягатай дарс барьсаар айсуй хүү нь тэнгэр болсон Өгөөдэй хаан мэт харагдаж өөрийн нүглийг нууж эс чадав. «Төрийн өмнө хүнд ялтай бол төрсөн эх ч хуулиас гадуур байж эс чадах» зарлигийг дагаж «төрийн цааз»-аар авснаар бүжгэн жүжиг   төгсөнө.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр