А.Батдэлгэр ТЭНГЭРИЙН ТАШУУР

Үнэлэмж
(0 үнэлгээ)
А.Батдэлгэр ТЭНГЭРИЙН ТАШУУР

 

Хоёр бүлэг дөрвөн үзэгдэлт балет

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Аттила хаан, дэлхийг чичрүүлж байсан Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж байсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хоч хүртсэн байна.

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Батдэлгэр СТА
  • Цомнол: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
  • Удирдаач: Ц.Мөнхболд УГЗ
  • Балетмейстер: А.Батдэлгэр
  • Туслах найруулагч: Н.Чинзориг
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
  • Анх тайзнаа: 2011-11-26

 

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл

Атилла  /Хүннүгийн хаан/

Ильдико /Хотын захирагчийн охин/

Ульдин /Атиллагийн жанжин/

Гания  /Ромын жанжин/

Хотын захирагч   /ахимаг жанжин/

Хонория /Ромын гүнж/

I жанжин

II жанжин

III жанжин

Асрагч авгай

 

 

Аквилей хотын хаалганы өмнө. Хүннү нар Ромын цэргүүдтэй тулалдаж ялалтаа тэмдэглэн Атилла, түүний шадар туслах Ульдин жанжин, цэргүүдийн хамтаар Хүннү цэргүүдийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан  сүрлэг сэлэмт бүжиг хийцгээнэ.

Атилла цэргүүдээ явуулж Ульдин жанжны хамт дараагийн тулалдааны төлөвлөгөө боловсруулж байх үед  хэрэмний гол хаалгаар Аквилей хотын захирагч ахимаг жанжин, өөрийн охин Ильдико болон хамгаалагч торгон цэргүүдийн хамт гарч ирнэ.

Тэдний хооронд үүссэн тулалдааны төгсгөлд Атилла өвгөн жанжныг жадлан хөнөөнө.

Эцгээ алуулсан Ильдикогийн уй гашуудал, сэтгэлийн гүн хямрал нь аажмаар тэмцэл хорслын гал болон дүрэлзэж тэрээр эцгийнхээ өшөөг авахаар тангараглана.

 

 

Валентиниан хааны ордон. Ромын цэргийн жанжин Гания,  хааныг хүлээж  байх зуур ордны татвар эмс түүнийг тойрон хүрээлж хүндэтгэл үзүүлэн бүжиглэнэ.

Гэнэт бүрээн дуу цангинаж Валентиниан хаан өөрийн дүү Хонория гүнжийг дагуулан орж ирнэ.

Валентиниан хаан Гания жанжинтай уулзан ярилцах үед  дүү гүнж Хонория нь өөрийн үзэсгэлэн гоог гайхуулан бүжиглэхийн зэрэгцээ Валентиниан хаан Гания жанжин хоёрт зориулж татвар эмсийг удирдан бүжиглүүлнэ.

Энэ үеэр дахин бүрээн дуу цангинаж гаднаас Атиллад ялагдсан цэргүүд орж ирэн өршөөл гуйхад Гания жанжин маш ихээр хилэгнэн цэргүүдийг хөөж гаргаад “Би Атиллатай хийх  тулааныг удирдан тулалдъя” хэмээн Валентиниан хаанаас хүсэмжилнэ.

Гаднаас ядарч туйлдсан Ильдико орж ирээд өөрт тохиолдсон зовлонг учирлан ярьж байтал дохио дуугарч Аттилагийн элч ирж захиаг хаанд  өгнө. Энэ  захианд Валентиниан хаанаас өөрийн дүү гүнж Хонорияг өөрийн эхнэр болгохыг Атилла шаардсан байв.

Валентиниан хаан сандарч бухимдах боловч харин дүү гүнж Хонория нь Атиллагийн эхнэр болохыг хүсэмжлэн ахаасаа зөвшөөрөл гуйвч хаан үл зөвшөөрнө.

Харин Ильдико “Би Хонориягийн оронд явж Атиллагаас өшөөгөө авъя” хэмээн хэлэв. Хаан хэсэг зуур бодож байснаа Ильдиког Ганиягийн  удирдлага дор явуулахаар шийдвэрлэж дүү гүнж Хонорияаг дагуулан одно.

Ильдико, Гания хоёр хайр дурлалаа бие биендээ илчлэхийн зэрэгцээ Атиллагийн дарсанд нь хор хийж түүнийг хөнөөхөөр тохирч  явцгаана.

 

 

Хүннүгийн цэргийн хуаран. Хүннү нар ээлжит ялалтын баяраа тэмдэглэж, сүр хүчээ гайхуулан Атилла болон Ульдин жанжин нар гоцлон цэргүүдийн хамт ялалтын бүжгээ бүжиглэнэ. Мөн дайнд олзлогдсон эмс охидыг бүжиглүүлэн зугаацна.

Атилла хаан тулалдаанд шалгарсан гурван жанжныг олзны хүүхнүүдээс дуртайгаа шилж авахыг тушаана. Ульдин болон тулаанд шалгарсан хоёр жанжин сонгосон эмс охидтойгоо бүжиглэн Атиллаг баясгана.

Дохио дуугарч Ромын хааны элч Гания ирж эвийн гэрээ байгуулах тухай Валентиниан хааны захидлыг гардуулан, бэлэг болгон явуулсан гүнжийг оруулж ирнэ. Гүнжийн толгойн бүтээлгийг авахад Ильдико байв.

Атилла хаан Ильдикогийн гоо үзэсгэлэнд бишрэн сэтгэлийн хөдөлгөөнөө барьж ядан зогсоно.

Атилла хаан эвийн гэрээ байгуулахыг зөвшөөрсний бэлэг тэмдэг болгон бүх цэргүүдийн хамт сэлмээ сольж сүр хүчит  ташуурт бүжгийг хийнэ. Гания төлөвлөсөн хэргээ бүтээн буцав.

Атилла цэргүүдээ амрахыг тушаагаад асрагч авгайг дуудан Ильдиког өгч явуулан ганцаараа үлдэнэ.

 

 

Атилла хааны унтлагын асрын дотоод байдал. Асрагч авгай Ильдиког дагуулан Атилла хааны унтлагын асарт оруулж өгөөд гарч явав.

Энэ үед Ильдико чухам яаж Атиллаг хорлох аргаа боловсруулан болгоомжилсон, хүлээсэн сэтгэлийн хөдөлгөөнт бүжиг хийж, эцэст нь хоёр хундаганд сархад дүүргэж нэгэнд нь хор хийж бэлдэв.

Атилла хаан орж ирэн Ильдикогийн гоо үзэсгэлэнд биширэн түүнийг өөрийн хатан болгохыг хүсэмжилнэ. Ильдико түүнд хайртай дүр исгэн уян налархай харилцан манай нутагт  хуримынхаа эхний шөнө унтахын өмнө хундага дарс тулган тогтоодог заншилтай хэмээн өөрийн хундагыг суллан харуулахад Аттила ч хундагаа суллан харуулав.

Атилла хаан асрагч авгайг дуудан Ильдиког унтахын өмнө, өөрийн биеийг бэлдэхэд нь тусал хэмээн тушааж ганцаар үлдэнэ.

Атилла хаан гэнэт толгой нь эргэж дотор нь эвгүйрхэж уусан хор нь үйлчилж эхлэв. Аажмаар хорны үйлчилгээ шүрүүсч Атилла хаан хамаг хүчээрээ үхэлтэй тэмцсэн боловч нэгэнт оройтсон байлаа. Ингээд Хүннүгийн хаан Атилла тэнгэрт халив.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр