Ж.Чулуун УРАН ХАС балет

Үнэлэмж
(2 үнэлгээ)
Ж.Чулуун УРАН ХАС балет

 

3 бүлэг, 5 үзэгдэлт балет

 

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Чулуун
  • Цомнол: Б.Ширэндэв
  • Удирдаач: Ц.Мөнхболд УГЗ
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
  • Туслах найруулагч: Н.Чинзориг
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1973-12-30

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Харанхуйлал
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл

Хас /уран залуу/ - М.Од СТА, Б.Пүрэв-Очир                          

Хандармаа /Хасын сэтгэлт бүсгүй/ - Ч.Ганчимэг МУГЖ, Г.Батчимэг СТА

Ханд /Хасын ээж/- Р.Байгалмаа СТА                         

Хандармаагийн найз хүүхнүүд  - М.Мөнхтуяа, У.Анужин    

Лам   - О.Ганбаатар АЖ               

                          

УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн оюутнууд оролцон тоглоно.

 

 

Хангай нутаг, Идэр мөрний хойт хөвөө, уулархаг хадан хясаануудаар чимэглэгджээ. Хясааны хажуу талд ганц бор гэр харагдах нь уран Хасынх бөгөөд  Хас ээжийн хамт энд амьдардаг ажээ. Хөшиг нээгдэхэд:

Хас төрөл бүрийн зүйлс урлан хийж байна. Тэр урлан хийсэн далавчаа үзэж, хясааны орой дээрээс үсрэн буухаар зориглон хөдөлтөл Хасын сэтгэлт бүсгүй Хандармаагийн найз хүүхнүүд ирж түүнд саад боллоо. Удалгүй Хасын  сэтгэлт бүсгүй Хандармаа ч ирнэ. Хас гурван бүсгүйд далавчаа үзүүлж, өндөр хясаанаас үсрэхээ хэлсэнд тэдний хэн ч түүнд үл итгэн харин ч тоглоом тохуу хийцгээнэ. Гэтэл Хас хясааны орой дээр гарч үсрэхээр завдахад гурван хүүхэн ихэд айн сандарцгаана.          

Хандармаа сэтгэл зовнин Хасын араас очно. Өндөр хясаанаас үсэрсэн Хас энх тунхаа мэдэгдэн үсрэн бүжихэд найз хүүхнүүд ч  хөгжилдөнө. Энэ чимээнээр Хасын ээж гарч ирнэ. Энэ үед нэгэн лам хүрэлцэн ирж Хасыг хүрээнд аваачиж Цорж ламд шавь оруулах болсныг мэдэгдэн дагуулан одоход  найз нөхөд, ээж нь түүнийг үдэж  мордуулна.

 

Сүмийн дотоод байдал. Цорж лам Хасын уран авъяасыг ашиглах зорилгоор элдэв бурхдыг  урлан хийхийг даалгаад ихэмсэг дүр үзүүлэн буцна. Банди нар ч гурил мод, төмөр, шар тос зэрэг хэрэгслийг багажийн хамт Хасад авчирч өгөөд, түүнийг ихэд тохуурхана. Ганцаар үлдсэн Хас угийн шүтлэггүй учир багаж хэрэгслийг ашиглан олон янзын хүүхэлдэйн дүрс хийхийн хажуугаар цорж ламыг айлгах нэгэн муухай дүрс хийхээр шийдвэрлэнэ.

 

 Хэд хоног өнгөрсөн бололтой. Хасын урлан хийсэн хүүхэлдэйнүүд бүтээлэгтэй харагдана. Хас бурхны нэг ч дүрс хийсэнгүй, харин охин, ноён, хатан зэрэг хүүхэлдэйнүүдийг урлан хийснээ амилуулан бүжиглүүлнэ. Цорж ламын ирэх чимээнээр  хүүхэлдэйнүүдээ далдлаад, ламыг айлгахаар хийсэн том  дүрсийн ард нуугдана. Бурхдын дүрийг урлан хийсэн гэж баярласан Цорж лам, гэнэт амилсан лүдийн дүрийг харж айсандаа ном уншин тарнидсаар ухаан алдан унана.  Банди нар  Хасыг баривчилна.

 

Хүрээний зах газар. Цорж ламыг айлгасан, лүдийн дүрсийг шатаахаар хуурай мод овоолон, асаахад бэлтгэжээ. Түүнийг хэдэн банди нар харж хамгаална. Хүрээний ардууд ч цугларна. Хайртай хүнийхээ хойноос холоос ирсэн Хандармаа болон Хасын найзууд цугларагсдын дотор харагдана. Лам нар, золигт гарган хүрээнээс хөөхөөр шийдсэн Хасыг дагуулан ирцгээлээ. Харин цорж лам хараахан ирээгүй байхад дээрэнгүй банди нар зодоон үймээн гаргана.

Цорж лам ирж зодооныг зогсоон лүдийг шатаан, Хасыг хүрээнээс хөөн явуулжээ. Хүмүүс тарахад Хандармаа бүсгүй ганцаар үлдэж элдвийг бодсоор Хасыг олохоор одно.

 

Буга согоо бүжин наадсан Хангай нутгийн үзэсгэлэнт байгальд уран Хас хүрч  ирнэ. Мөн Хасыг эрж явсан Хандармаа энд ирж, хайртай хүнтэйгээ уулзаж учрах нь үнэхээр жаргалтай.         

Хас, энэ сайхан нутагт ээжийгээ авчран гурвуулаа хамтран амьдрахыг Хандармаад хэлэхэд Хандармаа зөвшөөрсөнгүй, харин нутагтаа очихыг ятган Хасыг дагуулан явцгаахад үзэсгэлэнт согоонууд үдэн гаргах мэт.

 

Хадан хясааны өвөр талд асар том зүйл бүтээлэгтэй харагдах нь Хасын, нутагтаа ирээд урласан бүтээл ажээ. Нутгийн ардууд түүнийг үзэхээр хүрэлцэн ирцгээнэ.

Хасын ээж, хадаг барин бүтээлгийг авч наадам эхэллээ.  Хасын энэ бүтээл бол 12 жилээр хийсэн цаг бөгөөд үнэхээр гайхамшигтай урласныг нь нутгийн хүмүүс шагшран магтана.

Хас ч тэр баярт зориулан 12 жил бүрд баг хийж найз залуусаа бүжиглүүлэхээр бэлджээ. Багт наадам эхэлж, ивээл 3 жилүүдээр бүжиглэх нь хүчтэй нь хүчгүйдээ эвлэрэн орж, эв найрамдлаар найрсан дуусах нь энх тайвны бэлэг тэмдэг гэлтэй.

Нутгийн ардууд цогтойяа бүжиглэж Хас, Хандармаа хоёрыгоо дээдлэн хүндэлж, сайн сайхныг хүсэн ерөөж, ард түмэндээ улам ихийг бүтээхийг хүсэж байгаагаар балет төгсөнө.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр