А.Адан КОРСАР

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
А.Адан КОРСАР

Гурван бүлэг гурван үзэгдэлт балет

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Адан
  • Цомнол: Ж.Мазилье, Ж.Сен-Жорж
  • Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ
  • Хөрвүүлэн тавьсан: И.К.Строде
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1856-1-23
  • Манай тайзнаа: 1986-11-20

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Конрад                Корсаруудын толгойлогч

Бирбанто            Конрадын найз

Ахмед                  Худалдаачин

Медора Ахмедынд өссөн грек бүсгүй

Ноён Сеид         Худалдаачин

Гюльнара           Сеидын хатан

Зюльма               Сеидын хатан

Боолын худалдаачин

Эмэгтэй боол

Цэцэг худалдагч

Корсарууд

 

 

Дорно зүгийн нэгэн хотын зах зээлийн газар. Энд худалдаачид өөр өөрсдийн эд барааг худалдаж их л хөлтэй байх юм. Мөн олзны эмсийг ч худалдаж байна. Гэтэл далайн сайн эрс Корсарууд, толгойлогч Конрадынхаа хамт гарч ирэв. Хотын баян худалдаачин Ахмедьн гэрт өссөн грек бүсгүй Медорад, Конрадын эрэмгий байдал таалагдаж, талархсан сэтгэлийнхээ бэлэг болгож цэцэг чулуудахад Конрад хүндэтгэлтэйгээр хүлээж авна.

Энэ үед олзны эмсээс худалдаж авахаар ирсэн ноён Сеид  Медорын ялдам сайхныг бишрэн алмайрахыг ажиглаж амжсан худалдаачин Ахмед Медораг түүнд даруйхан худалдахаар шийднэ.

Үнэ хаялцаж байгаа Сеид, Ахмед хоёрыг сэтгэл түгшин ажиглаж байгаа Медораг Конрад тайтгаруулна. Бүрэнхий болж хүний хөл татрах үед корсарууд Конрадын дохиогоор Медораг Ахмедаас холдуулан холдуулсаар эр зориг эрх чөлөөгөө магтан дуулсан хөгжөөнт бүжгээ хийцгээнэ.Орой болж сэтгэл нь хөөрч баяссан Корсарууд Ахмед, Медора хоёрыг олзны эмсийн хамт авч   одов.

 

 

Далайн эрэг. Корсарууд аянаас буцаж ирцгээв. Хайр сэтгэлээ харилцан илчилсэн Медора, Конрад хоёр аз жаргалтай. Конрад найз нөхөр Бирбантогийн хүсэлтээр олзны эмсийг авч үлдэхээр шийдсэн боловч энэрэнгүй сэтгэлт Медорагийнхаа гуйлтыг ёсоор болгон эмсийг суллаж явуулав.

Конрадын итгэл хайрыг хүлээж, өөрөөс  нь илүү нэр хүндтэй болж байгаа Медорад зэвүүрхэж өшөрхсөн Бирбанто Конрадыг алахаар завдсан боловч чадсангүй. Гэвч тэр сэтгэлдээ өшөө хонзонгоо хадгалан үлдэнэ. Энэ үед Ахмед Бирбанто дээр ирж, өөрийгөө суллахыг гуйна. Бирбанто түүний хүсэлтийг овжин ашиглаж, „Гар татахгүй" бол бас дээр нь Медораг ч эргүүлэн өгч чадахаа амлав.

Ахмед, унтуулах эм шингээсэн цэцгийн баглааг Бирбантогийн тушаалаар Медорад өгнө. Тэдний  хорон санааг мэдээгүй Медора цэцгээ хайрт хүндээ барихад баярласан Конрад авч үнэрлээд дороо унтаж орхив. Сандарч тэвдсэн Медора Конрадыг сэрээхийг оролдон тусламж гуйн дуудна. Корсарууд ирж Медорад Конрадын амь насыг бүрэлгэв гэж ял тулгав.

Энэ будлианы үеэр Медора Бирбантогийн гарыг шархдуулав.

 

 

Ноён Сеидийн ордон. Корсарууд хотын талбай дээр дураараа аашилсанд дургүйцэн хилэгнэж, уур нь дарагдаагүй ноён   Сеид   эмсүүдээ   дуулгавартай байж, шадар эм Зюльмагийн үгэнд орохыг тушаав. Ганцхан, Сеидийн сэтгэлийн од болсон гоо үзэсгэлэнт Гюльнара л эрх дураараа аашилна.

Энэ үед худалдаачин Ахмед хөөрхий Медораг авчирч Сеидэд тушаав. Ордонд нэгэн бядан явагч хүн ирж, түр саатан амрах байдал үзүүлж явснаа оройн мөргөлийн үед Медорад ойртон очиж хиймэл сахлаа сөхвөл Конрад байх ажээ. Мөргөлийн дараа ноён Сеид зочдыг цэцэрлэгт хүрээлэнд урьж, наргин цэнгэж  сууна.

Медораг оргуулах арга сүвэгчилж ядан байсан  Гюльнара ордонд нууцаар шургалсан Бирбантотой санамсаргүй таарч харц тулгарахад залуус бие биендээ өөрийн эрхгүй татагдав.

Корсарууд ордныг гэнэт дайран орж эзлэв. Медора хүүхэн хайрт Конрадтайгаа уулзаж, урвагч Бирбантог   илчилнэ.

Бирбанто баригдаж, уй гашууд дарагдсан Гюльнара араас дагав.

Далайн мандал намуухан цалгилж, Медора Конрад хоёрын хайр сэтгэлийг талархан бүүвэйлэх мэт. Уй гашууд дарагдсан Гюльнара Бирбантог суллаж, өршөөл үзүүлэхийг Конрадаас гуйхыг  харсан Медорагийн сэтгэл хөдлөн түүнд   тусална.

Гэнэт их шуурга болж, хөлөг онгоц хоромхон зуур хөмөрч хүмүүсийнхээ хамт далайн ёроолд живж үгүй болох нь үнэхээр аймшигтай.

Зөвхөн Медора,  Конрад хоёр амь аврагдаж үлдэх   нь хайрын сэтгэл үхэшгүй мөнхийн баталгаа   гэлтэй.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр