Л.Минкус БАЯДЕРКА

Үнэлэмж
(0 үнэлгээ)

БАЯДЕРКА

Гурван бүлэг, таван үзэгдэлт балет

Хөгжим:              Л.Минкус

Удирдаач:          Ц.Баатаржав УГЗ

Цомнол:             С.Худекова

Балетмейстер  Д.Өлзийсайхан

Зураач Ч.Гунгаасүх АЗ

Анх 1877-1-21-нд Петербургийн Маринскийн театрт тоглогдсон.

Манай тайзнаа 1995-12-28-нд тоглогджээ.

 

ДҮРҮҮД:

Ники  Баядерэ Бүжиглэгч гэлэнмаа

Солор    Цэргийн жанжин

Гамзатти  Хааны гүнж

Дугманта Хаан

Их ёстон лам

ТопорогваСолорын найз

МагедавейБөө дулдуйчин

Бурхан

Ману

Айа шивэгчин

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Сүрлэг цаст Гимлайн уулын бэлд сүндэрлэх гоёмсог шилтгээний хаалгаар барын анд явсан хааны торгон цэргүүд олз омог ихтэй, сүр жавхлантай орж ирцгээнэ.

Торгон цэрэг Солор дурлалт бүсгүй Никитэйгээ уулзахыг тэсч ядан мөрөөдөх ба өөрийн итгэлт нөхөр бадарчин бөө Магедавейг түүн рүү илгээв.

Сүсэгтэн олон, сүмийн гэлэнмаанууд цугларч "Гал тахилгын" ёслол эхлэх бөгөөд Ники бүжнэ.  Энэ үед сүмийн гол хаалгаар залран гарч ирсэн Их Брахман, Никигийн гуа үзэсгэлэнд сэтгэл алдарч, хэрвээ өөрийнх нь дур хүслийг дагаваас Жагарын орны бүх эд баялгийг бэлэглэхээ амлав. Хайр сэтгэлдээ үнэнч Ники бүсгүйн дургүйцэл Брахманыг бухимдуулна.

Магедавей сиймхийг ашиглан Солорын хүсэлтийг Никид дамжуулна.

Хоёрдугаар үзэгдэл

Шөнө. Хайр дурлалдаа умбах залуу хосыг үнэнч нөхөр бөө Магедавей хамгаалан зогсоно.

Энэ байдлыг сэм мөрдөн ажиглаж байсан Брахман тэднийг салган Никийг өөрийн болгохоо тангараглав.

Солор хайрт бүсгүйгээ сүмээс оргон зайлахыг ятгаж, холын хол, хамтдаа аз жаргалтай, амар жимэр амьдрахыг мөрөөднө.

Никий Солорын хүслийг дагахад бэлэн байгаа бөгөөд хайр дурлалдаа үүрд үнэнч байхыг Солор тангараглана.

Гуравдугаар үзэгдэл

Өглөө. Жагарын хаан Дугмантагийн Ордон. Дугманта хаан ганц охин Гамзаттигаа торгон цэргийн сурвалжит дарга Солортой суулгах болсноо олонд мэдэгдэв.

Ордонд Брахман орж ирэв. Солорт  хонзогносон Брахман түүнийг устгуулахын тулд Солор, Ники хоёрын хайр дурлалын тухай хаантанд хошуу хүргэнэ.

Хаан Солорыг салгахын тулд Никийг устгахыг тушаав. Хэрэг явдал санаснаас тэс өөрөөр эргэхэд Брахман сандарна.

Тэдний яриаг Гамзатти сэм сонсчээ. Тэрээр Никийг дуудан ирүүлж, өөрийн дурлалт хүн Солорт зориулж бүтээлгэсэн сийлбэр хөргийг үзүүлэн, түүнийг хайр дурлалаасаа татгалзахыг шаардав.

Сэтгэлийн цочмог хямралд орсон Ники хутга шүүрэн гүнж рүү дайрахад шивэгчин арайхийн салгав. Энэ явдалд өшсөн Гамзатти гүнж Никийг хөнөөхөө андгайлав.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дөрөвдүгээр үзэгдэл

Шива бурхныг голлуулан тахисан эзэн хааны тансаг цэцэрлэгт хүрээлэнд хааны гүнжийн хуримын ёслол ид эхэлж байна. Дагуул тахилчдаа дагуулан эзэн хаан, гүнж, Солор, Алтан бурхан тэргүүтэн цувран гарч ирцгээнэ.

Уй гашууд автсан Ники сүмийн жаяг дагуу ёслолын бүжгээ бүжнэ. Гүнж Гамзатти хорон санаа агуулан Солор бэлэг болгов хэмээн Никийд сагстай цэцэг илгээв.

Баярласан Ники сэтгэл догдлон бүжихэд сагстай цэцэгнээс хорт могой гарч ирэн хатгав. Солорыг үүрд мартвал могойн хорыг анагаахаа Брахман андгайлах авч ариун дурлалдаа үнэнчээр үхье гээд Ники бүсгүй амьсгал хураана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тавдугаар үзэгдэл

Сэтгэлийн гүн хямрал, уй гашууд дарагдсан Солор амгаланг эс олно. Үнэнч нөхөр Магедавей нь түүний шаналалыг мартуулахын тулд тамхиар мансууруулж нойрсуулахад хий үзэгдлийн өртөнц бий болов.

Алсад цайран сүглийх сүрлэг Гимлайн уулс, мананд бүрхэгдсэн түүний бэлээс сүнс сүүдрүүд цувран хөвөрсөөр ...

Тайз дүүрэн утаа савслагдан сүнс сүүдрийн цагаан хүрээлэн /Их Па/ бүжиг эхэлнэ.

Ники, Солор хоёрын дурлалын адажио ... дахин сүнс сүүдрийн цагаан хүрээлэн /Их  па/ цаст Гимлайн бэл суганд замхран хөвөрсөөр...

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр