Б.Асафьев БАХЧИСАРАЙН ОРГИЛОЛТ БУЛАГ

Үнэлэмж
(2 үнэлгээ)
Б.Асафьев БАХЧИСАРАЙН ОРГИЛОЛТ БУЛАГ

Дөрвөн бүлэгт  балет

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Асафьев
  • Цомнол: Н.Волков
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Балетмейстер: А.В.Хабаева
  • Туслах найруулагч: Н.Чинзориг
  • Ерөнхий зураач: Л.Гаваа АЗ
  • Анх тайзнаа: 1934-09-28
  • Манай тайзнаа: 1956-07-05

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар
  • Гуравдугаар бүлэг
  • Дөрөвдүгээр бүлэг

 

Мария /үзэсгэлэнт Польш бүсгүй/   

Вацлав /Мариягийн сэтгэлт хархүү/

Гирей /Крымын хаан/                

Зарема /Гирейд хайртай хатан/     

Нурали /дайчин/                         

Аав                                          

Хар хатан                                 

Няня                                            

2 өвгөн                                    

 

 

Бахчисарайн ордны сэрүүн лаврин. «Хөөрхийлөлт» Мариягийн дурсгалд зориулсан гантиг усан оргилуурын дэргэд   хаан   Гирей   гунигтайгаар   сөгдөнө.

 

 

 

Польшийн шилтгээний цэцэрлэг. Залуу бүсгүй Мариягийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байна. Мария Вацлав нар цэцэрлэгт нуугдаж тоглоно. Хөгжилтэй, амарлингуй бүсгүйн гоо үзэсгэлэнг залуу Вацлав биширнэ. Крымийн хаан Гирейн татар цэргийн тагнуулууд сэм туршаад явлаа. Тэд шилтгээнд гэнэт довтлон дайрахаар шийджээ. Зочид гийчид баясгалант полонез бүжиг хийсээр цэцэрлэгт гарч ирэв. Бүжиг тасралтгүй үргэлжилнэ. Зочид болон эцгийнхээ хүсэлтээр Мария бүжиглэнэ. Мария, Вацлавын хослол бүжиг хайр сэтгэлийнх нь нууцыг дэлгэнэ.

Цэнгээн ид дундаа болж байтал шархадсан польш цэрэг ирж, шилтгээнийг хаан Гирейгийнхэн бүсэлснийг мэдэгдэв. Татарууд цэцэрлэгт нэвтрэн орж, ширүүн тулалдаан боллоо. Шилтгээнээс Мария, Вацлав хоёр гарч зугтаах гэтэл хаан Гирейтэй тааралдав. Вацлав, Гирейтэй тэмцэлдэхээр дайртал хааны мэсэнд тэрээр хатгуулна. Гирей, Мариягийн толгойноос алчуурыг нь хуу татсанаа бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхан зог тусав.

 

 

 

 

 

 

Гирей хааны Бахчисарайн ордон. Хааны олзны олон хатагтайн   уйтгарт   амьдрал

Сэргэлэн залуу гоо хатад

Сэтгэл бодлоо хуваах санаатай

Янз янзын гоёлоо ч солилцоно

Яриа хөөрөө тоглоом ч сонирхоно

Хашир тайган дунд нь явж

Хаашаа ч зайлах аргагүй дагана.

Олон хатагтайн дунд Гирей хааны янагийн од болсон Гүрж бүсгүй Зарема байна. Хаан ээлжит аян дайнаасаа буцан  ирж байгаагийн дохио цэргийн  бүрээ гэнэт хангинав. Хатад баярлацгаана. Гирейд үнэхээр хайртай Зарема бүр ч их баяртай. Ордонд хаан Гирей ирэв. Мария бүсгүйг дамнан авчирна. Гирей, Мариягийн үзэсгэлэн сайханд үнэхээр дурласнаас Зарема болон бусад хатадаа тоохоо больжээ. Хатагтай нар Марияг атаархан сонирхон, сониучлан харна. Ганц Зарема өшөө хорсол өвөрлөв. Эх нутаг, хайрт хүнийхээ ганц дурсгал болж үлдсэн ятга хөгжмөө тэвэрсэн Мария зарц авгайг даган явна. Зарема, хааны сэтгэл хувирсныг   ойлгож   уй   гашууд   автана.

 

 

 

 

Мария бүсгүйн унтлагын өрөө Мария ятга хөгжмөө барьсаар эх орон, хайрт эцэг, сэтгэлт залуу Вацлаваа дурсан байна. Гирей хаан ирж хайр сэтгэлээ илэрхийллээ. Мариягийн хүсэл бүхнийг биелүүлэхийг тангараглавч Мария хэзээ ч түүнийх болохгүй шалтгаанаа хэлэхэд, хайрыг хүчээр авч болохгүйг Гирей ойлгосноос гарч явна. Зарц авгай нь Мариягийн төлөө санаашран зовно. Мария нойрсов. Энэ үед сэм гэтсээр Зарема ирж, унтаж байгаа Марияг сэрээгээд «Гирей хаанд хязгааргүй хайртайгаа илэрхийлж, Гирейн сэтгэл надаас хувирвал би амьд явж чадахгүй» гэж үнэнээ хэллээ.

Мария, Гирей хаан надад хэрэггүй, би эх нутаг, эцэг эх хайрт Вацлаваа хэзээ ч мартахгүй гэдгээ хариу болгов. Гэтэл Гирей хаан ирж малгайгаа орхиод явсныг Зарема хармагц хардаж уурласандаа Марияг хутгалж ална. Зарц авгайн мэдээгээр ирсэн Гирей уйлан балмагдана. Заремаг Гирей алах гэж хутга далайхад Зарема айх нь байтугай «Чиний сэтгэлд  хайрлагдахгүй амьд явахаар чиний хутганд үхсэн нь дээр» гэж өмнө нь ирж сөгдөхөд Гирей «Улам хатуу цээрлүүлнэ» гэж шийдээд «аваад яв» гэж зарц нартаа тушаав. Зарема хаан Гирейг хайрласан нүдээр харсаар явна. Гирей хаан хөөрхий Мариягийн цогцсын дэргэд   сөгдөн   гашуудна.

 

 

 

Заремаг цаазлахыг зарласан бүрээн дуунаар ардууд хүлцэнгүйгээр цугларцгаав. Цэргийн дарга Нурали цэргүүдтэйгээ аян дайнаас эргэж ирээд хаанд олзлон авсан тугнуудыг бөхийлгөн тавьж, олзлогдсон охидыг авчирч үзүүлнэ. Гэвч хаан Гирей олз, омог шинэ хүүхнүүдийг үл анхаарна. Алуурчид Заремаг цаазлахаар авч явахад Зарема хайр дүүрэн харцаар Гирейг харахад Гирей түүнийг үл анзаарна. Нурали эгц өндрөөс Заремаг түлхэн унагаав. Нурали болон дайчдын хийсэн галтай бүжгүүд хаан Гирейн гунигт сэтгэлийг сэргээсэнгүй. Гирей, Мариягийн дурсгалд зориулан босгосон гантиг усан оргилуур бүхий сэрүүн лавринд   очлоо.

Төгсгөл

Бодолд дарагдсан хаан Гирей усан оргилуурын дэргэд ирээд болсон хэрэг, өнгөрсөн явдлаа дахин бодож, таалал төгссөн сэтгэлт Мариягийнхаа зүг гараа сунган.

Хүн    чанартаа   эргэн   орсноо

Хүлцэн   түүндээ   хэлье   гэсэн   ч

Хөөрхий  Мария нь алга болжээ

Энэ  бол  Гирей хааны хий бодол

Хүсэл  сэтгэлийнх нь зэрэглээ байжээ

Усан  оргилуурын  нулимс  адил  уйтгарт дуслууд чимээгүйн   дунд   бөнжигнөнө.

 

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр