А.Адан ЖИЗЕЛЬ

Үнэлэмж
(2 үнэлгээ)
А.Адан ЖИЗЕЛЬ

 

“Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэжээ.

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Адан
  • Цомнол: Т.Готье, Ж.Сен-Жорж
  • Удирдаач: Ц.Мөнхболд СТА
  • Хөрвүүлэн тавьсан: Ф.Г.Кайдани
  • Балетмейстер: Б.Жаргал СТА
  • Туслах найруулагч: Ц.Чинзориг
  • Ерөнхий зураач: А.Морозов

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг

 

Жизель                тариачин охин                      -   Ч.Ганчимэг МУГЖ

Альберт              Гүн                                        -    О.Ганцоож СТА

Ганс                    Ойн захирагч                        -   А.Өлзий-Орших СТА

Мирта                 Их сүнс                                  -     Мирта Тамура

Па де де                                                          -      О.Анужин , А.Билгүдэ

2 вилис                                                            -      У.Анужин , М.Мөнхтуяа

Батильда                                                        -       Б.Саруул СТА

Герцог                                                              -      Х.Чойжилсүрэн  СТА   

Зэвсэгч                                                            -       Ц.Төмөрсүх

Ээж                                                                  -      Р.Байгалмаа

 

 

Наран гиймэл тайван газар бяцхан гацаа байна. Энэ гацаанд энгийн даруу хүмүүс амьдардаг ажээ. Тариачин бүсгүй Жизель цэнхэр огторгуй, шувуудын жиргээн болон бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун хайр сэтгэлийн жаргалд умбан баясна.

Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс, Жизелийн хайрт хүн Альбертыг тариачин хувцас өмссөн язгууртан мөн гэж итгүүлэхийг оролдоно. Ойн захирагч гацаан дахь Альбертын хөлсний байшингаас сүлд тэмдэгтэй мөнгөн туялзуур сэлэм илрүүлээд, Альбертын язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгаад лавтай итгэнэ.

Ихэс ноёд ан ав хийснийхээ дараа олон дагуулынхаа хамт гацаанд буудаллахад тариачид баян зочдыг хөөр болон угтав.

Альберт анчидтай санамсаргүй уулзах үедээ тэдний дунд сүйт хүүхэн Батильда байгаад ихэд тэвдэн сандарч тэдннйг таньдгаа нуухыг оролдоно. Гэтэл ойн захирагч Ганс олны өмнө түүний нуусан сэлмийг үзүүлж заль мэхийг нь илчилнэ. Жизель хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд нь гайхаш алдран гомдоод, сэтгэл, итгэл, мөрөөдөл нь балран унасанд солиорон амь алдан унана.

 

 

Шөнийн нам гүмд гацааны оршуулгын газар сарны гэрэлд сүүтгэнэх сүнсүүд гарч ирцгээв. Хуримын хувцас, цэцгийн эрхитэй сүнсүүд сарны туяанд гайхам агаад, сэтгэл сэртхийм харагдана.

Мөс мэт хүйтэн авсандаа орохын өмнө амжих юмсан гэх мэт… уламч шуурхай бүжнэ. Гэтэл ойн захирагч Ганс уй гашууд автан өөрийнх нь буруугаар сэтгэлийн зовлонд унаж амь алдсан Жизелийн булшийг эргэхээр ирж явааг сүнсүүд харцгаан, өршөөлгүй хатуу толгойлогчийнхоо зарлигаар түүнийг тойрон бүжиж, унан тусан бүжиглүүлж, амийг нь алдуулав.

Бас Альберт гүн хөөрхийлөлтэй үрэгдсэн Жизелийг үл мартан шөнө дөлөөр түүний булшин дээр ирнэ. Сүнсүүд түүнийг тэр даруй тойрон бүжиж эхлэв. Харин энэ мөчид Жизелийн сүнс түүний цэвэр ариун, өөрийгөө гарздахаас үл шантрах хайр нь Альбертыг догшин сүнсүүдийн хилэнгээс аварна. Мандах нарны эхний цацраг тэнгэрийн хаяанаас туяаран алсад хонх дүнгэнэхэд сүнсүүдийн сүүдэр, дүр ч ид шидээ алдан замхарна. Жизелийн хөвөлзөх сүүдэр ч мөн арилан одлоо. Гэвч Альбертын сэтгэлд Жизель мөнхөд оршин, үхлээс хүчтэй хайрыг гэнэт алдсанаа санан санан харууссаар төгсөнө.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр