Ц.Нацагдорж ТУНГАЛАГ ТАМИР /мюзикл/

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Ц.Нацагдорж ТУНГАЛАГ ТАМИР /мюзикл/

 

Ч.Лодойдамбын алдарт романаас сэдэвлэн бүтээсэн

3 бүлэг, 5 үзэгдэл бүхий мюзикл

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ц.Нацагдорж
  • Цомнол: Д.Төрбат Т.Зөнбилэг
  • Удирдаач: Н.Дашбямба СТА
  • Найруулагч: Д.Ганхуяг МУГЖ
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА, ЕНШ
  • Манай тайзнаа: 2011-4-16

 

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Завсрын үзэгдэл

Эрдэнэ  /жирийн ард/               баритон

Итгэлт  /баян/                           тенор

Долгор /Эрдэнийн эхнэр/          сопрона

Дулмаа /Итгэлийн зарц/            сопрона

Төмөр /Шилийн сайн эр/           баритон

Түгжил  /муу эр/                       тенор

Бадарч /тахар/                          тенор

Галсан /Итгэлтийн зарц/           тенор

Довчин /бэйс/                           баритон

Гэрэл /Довчингийн эхнэр/         сопрона

Хятад тогооч                            тенор

Бат /Эрдэнийн хүү/                   баритон

Хонгор /Итгэлтийн хүү/             тенор

Гэрийн эзэн                              баритон

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сард Их Тамирын хойгуур нилээд ачаатай морь тэрэг хөтөлсөн нэгэн хар хүн хүрч ирсэн нь Эрдэнэ. Тэрбээр нохойтой өстэй бол хормойгүй, ноёнтой өстэй бол хонгогүй гэдэг үгийн үнэнийг биеэр амсаж, эхнэр хүүхдээ дагуулан Богдын хүрээ орохоор гарсан нь энэ. Төрсөн ганц дүү нь халх тав, шавь дөрөвт цуутай Цахиур Төмөр гэгч бий. Гэтэл хувь заяаны тохиолоор цагаач Эрдэнэ Тамирын хөвөөнд хоноглож байхад, цахиур Төмөр Луу гүний тамгын газраас оргож тэрэгний ганц морийг нь хулгайлан оджээ. Хар үүрээр, хар гунигт автан байхад Луу гүний эрх тахар Бадарч, Түгжил хоёр ирж хулгайчийг асууж, морио цахиур Төмөрт алдсаныг хэлнэ. Тамирын голыг ширтэн Эрдэнэ санааширч, Тайхар чулуунд залбиран Долгор сүжиглэнэ. Хүний нутаг, гүний газар, нохой явган гахай нүцгэн одоо яана билээ.

Нэрт зохиолч Ч.Лодойдамба гуай маань «Энэ хорвоод сайн хүн нь муугаасаа хавьгүй олон>> гэж бичсэн юм. Эрдэнэ энэ үгэнд итгэдэг хүн.

 

Хоёрдугаар узэгдэл

Амьд хүн аргатай, аргалын гал цогтой гэж эхнэр, хүүхдээ аргадаад Эрдэнэ ойрхон харагдаж буй айлд иржээ. Гэрийн эзнийг Итгэлт гэдэг. Ямар ч язгуур угсаагүй суман эр боловч чулуу мэрэхээс бусдыг хийж байгаад Луу гүний тэргүүн баян болсон юм. Эрдэнэ учир зовлонгоо ярьж тус дэм гуйсан боловч «За даа, та намайг танихгүй би таныг танихгүй мөрөөрөө салах уу даа» гээд нүүр өгсөнгүй. Гэтэл муу хүний заяа завагт гэж үнэн юмсанж. Галсан нэгэн бичиг авчирч Итгэлтэд өгөхөд «... За байз, энэ дамшгийг чинь хэнээр дуудуулна даа» хэмээн гайхашрав. Юухан ч сурсан хэзээ нэгэн цагт хэрэг болдог хойно доо. Эрдэнэ «Би уншиж өгвөл болохсон болов уу>> хэмээн нугалбар юуг ганц ч түгдрэлгүй уншсан нь угийн бичиг үсэггүй суман эр Итгэлтийн нүдийг орой дээр нь гаргав. Итгэлт бичиг үсэгтэй зарцтай болов. Долгор буянтай сайн хүн гэж Итгэлтэд залбирч явдаг билээ. Юутай ч орох оронтой, саах үнээтэй болов.

Завсрын узэгдэл

Хонгор хүүгийн ачаар Бадарч тахарын ширнээс мултарсан цахиур Төмөр "Эрдэнэ засгийн унага"-аа дуулан эр бор харцага шиг дүүлж явахдаа "арван тавны цагдаа" гэж дүрэмдэж ирсэн Түгжилтэй дөрөө харшуулав. Ер юу болдог бол...

 

Гуравдугаар узэгдэл

"Эр хүн эр хүндээ хайртай" гэдэг Төмөр хэлдэг. Харин сүүлийн үед Итгэлтийн харц, хайр хоёр өөр зүгт зулрах болов. Энэ нь авааль гэргий Должингоос илүү, залуу нууц амраг Дулмаагийн хилэнг бадраажээ. Тэрбээр мөрөөрөө амь зууж яваа хөөрхий Долгорыг алхам тутамд нь мөрдөж, мөшгөж Итгэлт баянтай хардах болов. Дэвхрэг Итгэлт ч зүгээр байсангүй жоготой харц чулуудаж, янзтай үг шидэлж зовлон дээр зовлон нэмнэ. Эсгий хийсэн найрын дараа цүү хаяж тоглоход дэвхрэг Итгэлт тэвэрч авав. Бүр хөх дэлэнг нь базалж "цагаан мод" эржээ. Ийн дурлалынхаа үүдийг нээж аваад үлдэхдээ Итгэлт «Ямар аятайхан биетэй дамшиг вэ» гэж тачаадан бодно. Ч.Лодойдамба гуай маань «... Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй» гэж хэлсэнсэн.

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Итгэлт:- Эрдэнээ, санаж байна уу?

Долгор:- За яршиг даа, ямар хүүхэд биш.

Итгэлт:- Өнөө шөнө Эрдэнээг чинь би орлож үзэх үү дээ

Долгор:- Балай юм яриад л...

Их гэрт ийм яриа болно. Тачаалаа барьж ядсан Итгэлт олон өдөр бодсон энгэр задгайлан эзэгнэх хүслээ энэ шөнө биелүүлье гэж шийджээ. Айлын тогоо өнгийж амь зуухын эрхэнд далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явдаг ч Итгэлттэй самуурах хүсэл Долгорт байсангүй. Нойрсохоор хэвтсэн Солонгыг унтуулах санаатай “Ухна ишиг, бухан бяруун”-ны үлгэр хэлсэн ч хойно урд нь оруулж будилав. Долгорыг барьц алдан сандарч буйг соргог анзаарсан Итгэлт хүслийн үүдээ хүчээр нээх гэж ноцолдсон боловч үл чадна. «За яахав. Би чамд сайн санаж явсан байх. Муу санавал бас чадах хүн шүү» гэжээ. Энэ үг Долгорт хүнд тусав. «Гомбо шүтээн минь...» хэмээн залбирч залбирч нойрсон байхад Итгэлт ирж дураар болжээ.

 

 

Тавдугаар узэгдэл

 

Эрдэнэ:- Хүрээ Юндэн чинь их баян хүн үү?

Итгэлт:- Аа юу шальдаг юм бэ? Нэг муу дамын панзчин,.. хэмээх яриа болно. Итгэлт, Эрдэнэ хоёр хүрээ Юндэнгийнд ирж байна. Итгэлт энэ үед «Хүн ашиг олдохын тулд авгайгаа ч гэсэн сэгсэрч байх хэрэгтэй юм. Наймааны дөр нэг иймэрхүү» гэж хэлдэг. Хожмын үр уршгийг зайлуулах гэсэн нүүдэл байж мэдэх юм. Басхүү Хүрээ Юндэнгийн ширээ чимсэн хоол бүхнийг Ангарын хотод, Бээжин дэнд идсэн гэж чамирхдаг билээ. Харин "Эр бор харцага"-ыг давхар шуранхайлж дуулсан нь Гэрэл хатны бүтэлгүй дурлал зүрх эмтэлнэ. Эрдэнэ хайрын хэрмийн үүдээ үл нээв. Харин Долгор...

 

 

"Эрдэнэ засгийн унага" эгшиглэнэ. Төмөр Түгжил хоёр адуу тууж яваа нь энэ.

- Төмөр гуай мах идье! хэмээн царай алдаж явсан Тугжил, гэдэс гарч дотор уужирсаны дараа хэдэн адууунаас болж нөхрөө хутгалах юм гэж эс бодов. Хорвоо гэж..

Эпилог

Долгор залбирна. Анх Тамирын хөндийд ирж байхдаа Тайхар чулуунд залбирч сөгдсөн шигээ сүсэлнэ. Мөргөнө. Гэтэл Дулмаа, Бадарч тахараас зугтан гүйсээр гарч иржээ. Итгэлтийн нууц амраг Дулмаагаас цагийн цагт дальдчиж явах болсон Долгор залбирч асан чулууныхаа араар оров. Гэтэл Эрдэнэ давхин ирж Бадарч тахарыг хөөн явуулаад «Орооны гичий биш дээ, Дулмаа минь...>> хэмээтэл Дупмаа «Өөрнийхөө эхнэрийг Итгэлттэй завхайраад байхад тас дуугүй байж... Аядвал таарна...» гэжээ. Энэ бүгдийг харсан Долгорт эх дэлхийд гишгэх газар үгүй санагдаж хаврын Тамир гол дээгүүр алхана. Хэн рүү... юу руу алхаж буйгаа үл анзааран явсаар гүн цөнд цөмрөн үйнэ. Их Лодойдамба «Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?» гэж асуужээ. Үүнд хариулж чадна гэж үү?

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр