Л.Мөрдорж ЖАРГАЛ

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Л.Мөрдорж ЖАРГАЛ

 

Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

Үйл явдал нь 1932-1933 онд хязгаар нутгийн нэгэн аймагт болно.

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Л.Мөрдорж
  • Цомнол: Ц.Гайтав
  • Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ
  • Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ Ц.Пүрэвдорж
  • Ерөнхий зураач: Л.Гаваа АЗ
  • Манай тайзнаа: 1978-12-29

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

Жаргал /хувьсгалч эмэгтэй/      сопрано           

Суурь  /Жаргалын үехдэг залуутенор                                                  

Дэмчиг/шудрага ард/   баритон           

Пэл  /Дэмчигийн эхнэр/меццо сопрано                        

Цогт /Сумын дарга/баритон     

Хувилгаан бас

Феодал            бас                  

Насан  /нутгийн залуу/  баритон           

Шовгор /худалдаачин залуу/     тенор   

Чойжин

Ерөөлч

           

Бусад дүрд найрал дуучид, гоцлон дуулаачид, бүжигчид тоглоно.

 

 

Нэгдүгээр үзэгдэл

 

Зуны дэлгэр сайхан цаг. Малчин ард Дэмчигийн гадаа хөл үймээн их, хөөр баярын дуу алсад цуурайтна.Энд залуучууд зонхилон цугларчээ. Эвлэлийн дарга Жаргалын санаачилгаар ойр хавийн айлуудын залуучууд цугларч эдний эсгийг хийлцээд дуусаж байна. Хүн бүхэн хөөр баяртай, харсан зүг бүрт зун цагийн ногоон униар татна.

Залуучуудын тусархаг санаачилга, оргилуун хөдөлмөрт сэтгэл нь хөдөлсөн Дэмчиг:

Номин тэнгэрийн элгэн дээр

Цагийн сайхан залгаад байна.

Ногоон торгон зүлгэн дээр

Цагаан эсгийгээ дэлгээд байна.

Сэтгэл цугтай бид нар

Итгэл нэгтэй сайхан байна.

Энэ ажлыг хийхэд идэвхи чармайлт гаргаж хамт олныг зохион байгуулсан эвлэлийн үүрийн дарга Жаргалд гэрийн эзний хувьд гарын бэлэг өгөх гэхэд түүний эхнэр Пэл дургүйцэж:

"Жаргал, Жаргал" гээд чи

Жавжаа мэдэж яриарай

"Залуус, залуус" гээд чи

Хөлөө мэдэж гишгээрэй" гэнэ. Дэмчиг хүмүүсийг цуглуулж хийсэн ажлын баяр болгож айраг цагаа барина.

Залуус цэнгэн бүжиж, наргиант дууны ая өргөнө. Цугларсан хүмүүс сайн сайхны энэ ерөөл сааршгүй оршихыг хүсээд, залуу нас, хамтын хөдөлмөрийн сайхныг магтан бахдаж байтал наргиант залуу Шовгор олонд хандаж:

Тончигийн Шовгор худалдагчтай

Ганзагын худалдаа ирлээ шүү

Яваарай, яваарай нөхөд минь

Аваарай, аваарай бараагий минь" гээд гангар шаазан, гаансны мод, дүнсэн тамхи, тэнзэн ташуур зэргийг үзүүлэн худалдаа хийнэ. Гэтэл Дэмчигийн эхнэр Пэл олны дундаас гарч ирэн:

Юмаа авч гүйцсэн бол

Замаа одоо бодоцгоо

Ноосоор хийсэн эсгий дээр минь

Нохой шиг битгий цуглаад бай" хэмээж цугларсан олныг хөөж тараахыг завдан байтал нутгийн залуу Насан яаралтай давхин ирж эвлэлийн үүрийн дарга Жаргалд нутгийн зарим хэсэгт эсэргүү бослого дэгдэж, ардын засгийг гүтгэж, айлуудыг хилийн зүг рүү нүүлгэж байгаа тухай мэдэгдэнэ.

Энэ мэдээ Пэл мэтийн зарим хүмүүст таалагдаж ардын засгийн бодлогыг далдуур эсэргүүцэгч ухамсар мөчид хэсгийг эвлэлдүүлэн бөөгнөрүүлэхэд хүргэж байгааг Жаргал зэрэг ухаалаг хүмүүс нь ойлгож:

Амьдралын сайхан жаргалд

Атаат дайснууд өсөж байна.

Хувьсгалын үйлсийг бүтээгээд

Хувийн амьдралаа зохиоё" гэж шийдэж байхад Пэл нарын хэдэн хүн олны нүд харуулдаж, бослого үймээн дэгдээгчдийн тийш явна.

 

Хоёрдугаар үзэгдэл

 

Харийн нутаг руу нүүх гэж байгаа айлуудад хувилгаан, феодал, Чойжин нар ирж санаа сэтгэлийг нь үймүүлэн:

"Бурханы олон шавь нар аа!

Буяны ариун санваартан нар аа!

Яаж ийгээд та нар явж одоохон нүүцгээ

Улаан хувьсгалгүй нутаг

Улсын аминд орно" гэж олныг сандарган түйвээхэд зарим нэг хүн эсэргүү нарын ятгалганд орж:

"Нар хүртэл хиртээд

Сар хүртэл хүрээлээд

Ер нь ойрдоо та минь

Ёр нь ороод байгаа юм" гэтэл ардын хувьсгалд илт дургүйцсэн Пэл нарын хэсэг хүн ирж хувилгаан, феодал нарт хандаж:

Улсын олонхи нь нүүхгүй гэж

Улааны талынханд амлаж байна.

Сумын дарга Цогт гэж

Сум болсон дайсан байна.

Эвлэлийн үүрийн дарга Жаргал гэж

Эмийн муу өлөгчин байна.

Дэмчиг, мэмчиг энэ тэр гээд

Дэмжиж гүйсэн юмнууд байна.

Эртлэхгүй бол эндэх нь

Хурдлахгүй бол гэндэх нь" гэхэд Чойжин гэгч зальт этгээдийн олны сандралыг овжин ашиглаж элдвээр аашилж байгаад дургүйцсэн зарим нэг хүнийг хувилгаан нар зэвсгээр айлган сүрдүүлж сандаргана. Энэ үед Жаргал нарын хэдэн хүн ирж нүүдэл хийхээр бэлтгэж байсан ардуудыг цуглуулан учир байдлыг ухуулж, намын үнэн үгийг тэдний сэтгэл зүрхэнд шингэтэл ярихад хүмүүс учрыг ойлгож эх нутгийн зүг эргэж явахаар зориг шулуудна.

 

 

Гуравдугаар үзэгдэл

Говь талын дээгүүр цэнхэр зэрэглээ дунд займалзан, нутгийн зүг буцаж яваа айлуудын замыг Ганц худаг гэдэг газар тосож сумын дарга Цогт, шударга ард Дэмчиг, Жаргалын үерхдэг залуу Суурь нар хүлээнэ.

Олон хоног нүүдэл хийж аяншиж алжаасан хүмүүс нутгийн захад орж ирээд хээрийн цайгаа чанаж хүүхэд, хөгшдөө асрах зуур хувилгаан феодлын даалгавараар тэднийг буцаах зорилгоор хойноос нь хөөж ирсэн Пэл нарын хэдэн хүн олонд хандаж:

Хоосон хар нутагтаа

Хоргодоод та нар яах гээ вэ

Бурханы номыг тэрслээд

Болохгүй байгаа та нарыг

Бууны ам долоолгоод өгнө дөө, гайгүй"  гэхэд олон түмэн Пэлд хандаж:

"Түшмэл, лам, та нарын үгний

Түмэн худлыг ойлгож мэдээд

Үнэний үнэн ардын төрөө

Үгүйлээд бид нар эргэж ирлээ" гэж өөр хоорондоо ярилцах үеэр зарим нэг хүн эргэлзсээр байгаа болох нь харагдана.

Энэ үед сандарсан олон дээр Жаргал ирж "Том толгой лам нарын үгэнд битгий хуурт. Урвагч Пэл мэтийн үгийг бүү сонсцгоо" гэж уриалахад Пэл ихэд уурлаж олны өмнө Жаргалын нэр хүндийг унагахаар:

"Улааны цусан өнгөнд

Улцан нүд чинь ёнхойсон

Хоосон газрын шороонд

Ходоод гэдэс чинь хонхойсон

Зарцын ядуу чамд

Заяа гэж байдаг уу

Харцын ядуу эмд

Хараа гэж байдаг уу" гэж элдвээр доромжилж байхад олон түмэн намын үг, Жаргалын ярианд итгэж нутгийн зүг яаран хөдөлнө.

Бухимдаж хоцорсон дайснууд байх, суухаа олж ядаад эрээгээ алдсан эсэргүү нартай эвсэж нийлэхээр шийдлээ.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Хувилгаан ламын хээрийн өргөө. Энд хувилгаан, феодал, Пэл тэргүүтэй хэсэг хүмүүс архи дарс ууцгааж, шударга үйл хэргийн төлөө үнэнчээр тэмцэж яваа зарим хүмүүсийг баривчилж элдвээр зовоож байна. Пэл:

"Амьдын жаргал гэдэг чинь

Архи дарсанд байдаг юм

Амраг сэтгэл гэдэг чинь
Алдар дээдэст байдаг юм

Гадаа гарч сэрүүцье

Ганга, жалгаар сэлгүүцье

Хүний жаргалын амтыг

Хээрийн салхинд үзье л дээ" гэж хувилгааныг саатуулахад хашир хүн ухаанаараа аргалж

"Тогтож жаахан хайрлана уу

Тоглох цаг болоогүй байна.

Азнаж жаахан хүлээнэ үү

Амрах цаг бишгүй ирнэ" гээд өгсөн архийг нь мөрөн дээгүүрээ цацаж, өчгөө өгөөгүй нэг шударга залууг дахин авчирч тамлана.

Тэр залуу эдний хэнд нь ч хариу үг хэлэхгүй зогсоно. Хувилгаан, феодал, Пэл нар ээлжлэн түүнийг тамласан ч залуу дуугүй тэвчинэ.

Энэ үед эвлэлийн үүрийн дарга Жаргал хэсэг нөхдийн хамт ирж тэдэнтэй тэмцээд давуу хүчинд дийлдэж тэдний гарт баригдана.

Санасандаа хүрч үүрийн дарга эмэгтэйг элдвээр тамлаж, эрүүдсэн ч эрэлхэг тэр эмэгтэй нэг ч үг хэлсэнгүй.

Өс хонзон, хорон санаандаа идэгдсэн эсэргүү нар эрэлхэг эмэгтэйг сүрдүүлэн талын дунд дүнхийн харагдах Тугийн цохио тийш авч явна. Жаргал зориг барин нэг ч үг хэлэхгүй байна.

Тавдугаар үзэгдэл

Талын дундах хадан цохио харанхуйд харлан сүртэй харагдана. Эсэргүү нар Жаргалыг чирч , гулдчин цохион дээр гаргаад:

"Хурга, ишиг хариулж явахдаа чи

Хувьсгалын элч болж явахдаа чи

Дуугаа хашгирч дургиж байсан

Дуртай хад чинь энэ мөн үү" гэж тавлан асуухад Жаргал:

Эрэвгэр сэрэвгэр энэ цохио

Эхийн сэтгэл шиг зөөлөн юм

Эхийн сэтгэл, эцгийн өвөр

Энэ биеийг минь өвлөх өлгий

Энэ Жаргал үхсэн ч

Эрх жаргал үхэхгүй

Түмэн үр жаргал төрж

Түвшин ёс жаргал ирж

Намаа нар шиг дагаж

Насаа амь шиг холбож

Чам дээр бид төрсөн

Чам дээр бид өссөн

Чам дээр бид нэршинэ.

Чам дээр бид оршино... гээд эрэлхэг зоригт эмэгтэй шонхорын дэвэлтээр эгц байц хаднаас үсэрнэ. Дуурийн төгсгөлд:

"Эхийн цагаан сүүний

Эцгийн цайлган санааны

Андын сайхан сэтгэлийн

Ардын чин зоригтны

Дээж болж дэлгэрсэн

Дэвэлт болж жигүүрлэсэн

Цогтой хувьсгалч Жаргалын

Цолмон туяат жавхаа мандана

Эх сайхан орны минь

Энх нэгэн өдөр

Нараа дагуулан мандаж

Насаа нэмэн жаргаж байна" гэсэн найрал дуу эгшиглэнэ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр