С.Гончигсумлаа ҮНЭН

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
С.Гончигсумлаа ҮНЭН

 Оршил, хоёр бүлэг гурван үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: С.Гончигсумлаа
  • Цомнол: Д.Сэнгээ, Ч.Лодойдамба
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1957-7-01

 

  • Гол дүрүүд
  • Оршил
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл

Гонгор   /ядуу ард/бас-баритон

Ядмаа     /түүний охин/  сопрано

Дорж      /түүний бага хүү/тенор

Балбар   /түүний их хүү/ тенор

Отгон     /жирийн эмэгтэй/  меццо-сопрано
Хуурч өвгөнтенор

Балдан/түүний хүү/тенор

Цагаан цэргийн офицербас

Хошуу ноён баритон

Хиабаритон

Ард, партизан, улаан цэргүүдэд найрал дуучид, балетын жүжигчид тоглоно.

 

 

Өвлийн цасан шуургатай өдөр хийдийн хүрд тойрон нүглээ наминчилсан мөргөлчид цувна.

Хошуу ноёны албан татварын өрөнд баригдаж мал хөрөнгөө барж ядуурсан харц ард Гонгор өнчин гурван хүүхэдтэйгээ гарч ирээд:

"Өрөнд баригдаж юмаа барлаа

Өвчинд нэрвэгдэж ханиа алдлаа

Эхээ санаад уйлах юм, томоохон нь

Хөхөө эрээд бахирах юм, бага нь

Өршөөл ихтэй олон түмэн минь

Өнчин хүүгий минь өргөж аваач" гээдамиа тэжээх аргагүй болж аргаа барсан тэр нялх хонгор хүүгээ хүрдэнд тавина. Эгэл эмэгтэй Отгон эргэл мөргөл хийж яваад хүрдэнд тавьсан хүүхдийг олж энхрийлэн бүүвэйн дуу аялна.

Гонгорын сэтгэлд хүнд байвч хүүгий нь өсгөх танил хүн олдсонд баярлана. Гэтэл Гонгорыг эрж явсан хошуу ноёны хиа тааралдаж албан татварын барьцаанд үлдсэн хоёр хүүхдийг нь булаан авч одно.

Гонгорт тохиолдсон хүнд зовлонг ард олон хуваалцана.

 

Хошуу ноёны өргөө. Ядмаа хайрт эцгээсээ хагацаж ноёны зарц болсоор хорин жил өнгөрчээ.

Хуурч өвгөний хүү бичээч Балдан ирж тэд бие биендээ үүрдийн хайр сэтгэлээ илчилнэ.

Хошуу ноён Ядмаагийн ах Балбарыг хэрцгий дээрэлхүү зантай, харгис нэгэн болгож өсгөжээ. Балбар хошуу ноёнд үнэнчээр зүтгэж Балданг үзэн ядна.

Хошуу ноён цагаан цэргийн генералд дулдуйдан цэрэг нэмж дайчлаад захирагчаар нь Балбарыг томилно.

Гэтэл Гонгор ирж хоёр үрээ авахын тулд хорин жил амрахыг мартаж, алжаалгүй зүтгэж цуглуулсан хэдэн лан мөнгөө барина.Гэвч ноён Гонгорт хүүхдүүдээ зөвхөн алсаас харахыг л зөвшөөрнө. Балбарыг орж ирэхэд Гонгор "Миний хүү! Миний хүү!" гэж гар сунган дуудавч Балбар "Энэ миний эцэг биш!" гэнэ.

Харгис ноёнд Балбарын зан ааш таалагдав. Ноён Гонгороос тэнүүчлэн явах хугацаандаа юу үзэж харснаа ярихыг тушаав. Гонгор: "Сүхбаатар, Чойбалсан хоёр ардын нам гэгчийг байгуулсан, ард олныг жаргаах юм гэнэ" хэмээн хүмүүсээс дам сонссоноо ярив.

Цагаан цэргийн генерал, ноён хоёр Гонгор өвгөн өөрийн сонсож мэдсэн зүйлдээ бат итгэлтэй байгааг гадарлаж хар хэрэгтээ ашиглахаар шийднэ.

Гонгор ноёноос охиныгоо эргүүлэн өгөхийг гуйна. Ядмаа ирж эцгээ танингуут тэндээс хурдан авч явахыг гуйна.

Ноён Гонгорыг гурав хоногийн дотор партизан цэрэг, ардын намын тухай үнэтэй мэдээ олж ирвэл Ядмааг гэр, малыг нь буцааж өгөхөөр амална.

 

Монгол, Зөвлөлтийн партизан, цэргүүд байрласан модтой, өндөр хавцал харагдана. Хүрднээс Отгоны авсан хүү Дорж эрүүл чийрэг өсөж партизан цэргийн дарга болжээ.

Дорж ах дүүгийн барилдлагатай болсон орос цэргийн хамт ярилцаж байтал партизан цэргийн харуулууд өвгөн Гонгорыг барьж ирэв. Дорж гурав хоногийн дараа тавтай ярилцаж учрыг олох тухай хэлнэ.

Гонгор сандарч гурав хоногийн дараа охиныг нь дүүжилж орчлонд ганцаар хоцрох тухай, ер нь бүх үнэн амьдралаа ярина.

Отгон ирж Гонгорыг танин эцэг, үр хоёр баяртай уулзав.

Монгол, Зөвлөлтийн партизан, цэргүүд аян замдаа хөдлөхөд бэлтгэнэ.

 

Өндөр хүрд хуучин янзаараа эргэнэ. Генерал, хошуу ноён хоёр сандарч тэвджээ.

Тэд хуурч өвгөн, Балдан хоёрыг партизан цэргийн тагнуул гэж сэжиглэн тэднийг яаралтай баривчилж ирэх тушаалыг Балбарт өгнө.Балдан хэрэг биш болж байгааг мэдэж Ядмааг зэвсэг нуусан газар хүлээж байгаа партизан руу яаралтай явуулж зэвсгээ дамжуулж өгөхийг хүснэ.

Энэ бүхнийг харж амжсан Балбар Балданг барьж авах гэж оролдоно. Тэд тэмцэлдэж байтал ноён, генерал нар иржБалданг хүч түрэмгийлэн барина. Ядмаа ч баригджээ.Тэр хоёроос зэвсгээ хаана нуусныг хэлбэл амийг нь өршөөнө гэж амлах боловч хэн нь ч хариу хэлсэнгүй. Уурсан бачимдсан Балбар Балданг буудаад Ядмааг дүүжлэхээр авч явна. Гэвч партизан цэргүүд амжиж ирж Ядмааг аварна. Тэд сайн нөхөр Балдангаа алдсандаа харамсан гашуудна. Балбар эцгээсээ амиа гуйна. Гонгор "Өршөөлийг би мэдэхгүй, өргөн олон түмэн чинь мэднэ" гэнэ.

Өвгөн Гонгор бүх амьдралынхаа туршид эрж хайж явсан гэгээн үнэний зам дээр ардын намын дайчин нөхдийн хамт зогссондоо итгэл төгс байна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр