Б.Дамдинсүрэн АМАРСАНАА

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Б.Дамдинсүрэн АМАРСАНАА

Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Дамдинсүрэн
  • Цомнол: Д.Намдаг, С.Дашдооров
  • Удирдаач: М.Санжмятав
  • Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ
  • Ерөнхий зураач: Д.Сүхбаатар
  • Анх тайзнаа: 1970-5-09

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл

Амарсанаа       бас

Хоовон баатар     бас

Манжийн хаан   тенор

Гэрэлгуа /Амарсанаагийн хатан/  сопрано

Хасаг цэргийн даамал  тенор

Манжийн хааны тэргүүн түшмэл
Яа Пүү /туршуул/тенор

Ээ Фүү Манжийн цэргийн дэд даамал баритон
Хар сахалт цэрэгтенор

Өвгөн цэрэг      бас

Орос ноён        баритон

Манжийн хааны гүнж

 

Алтан луу ороосон баганат танхимд Манжийн хаан шадар хоёр түшмэлтэйгээ ярилцаж байна.

Зүүнгар улсын дотор дэгдсэн ард олны зэвсэгт тэмцэл Манж гүрний гадаад бодлогод таатай шалтаг болж Зүүнгар улсыг эзэлж авах хүсэл нь биелэх олз тохиожээ.

Даваачийн цэрэгт түрэгдэн тусламж гуйхаар ирсэн ойрад овгийн Амарсанаагийн гуйлтыг нь дагуулж Манжийн хаан:

...Аятай энэ цагийг ашиглан

Арван түмэн цэргээ оруулъя

Салшгүй ургийн холбоо тогтоож

Сарангуа гүнжээ ч дагуулъя" гэж алсын хар санаа, арга залийг сүвэгчилнэ. Гэтэл арга ухаант түшмэл нь "Алтан хундагаа дагуулъя" гэхэд хаан заяаны туршуул Яа Пүүгийнхээ ид шидэнд итгэж ирсэн гийчинтэй уулзаж бодлыг нь сонирхохоор шийднэ.

Ёслолын ая эгшиглэж эхлэхэд Амарсанаа жанжин дагуул нөхдийн хамт орж ирээд эзэнт төрийн тэргүүнд зорьж ирсэн хэргийн учрыг өгүүлнэ.

... Эв журмыг сахина гэсэн

Эзэн таны тунхаг бий

Эвдэрсэн олноо эвлэрүүлье гэж

Эрсэлж шийдсэн нь би билээ... хэмээхэд Манжийн хаан угтан авч холын бодлого, алсын хүслээ биелүүлэх бололцоо гарч байгааг мэдэрч:

...Атаат дайснаа дарахад чинь

Арван түмэн цэргээ өгье

Алд биеийн чинь түшиг болгож

Алдарт жанжин Ээ Фүүгээ өгье... гээд хошой чин вангийн зэргийг өргөмжлөн шар бүс,  ёст тамгыг Амарсанаад өргөн барилаа.

Ирсэн хэрэг нь бүтсэн ч эцэс нь юугаар төгсөхөд эргэлзсэн Амарсанаа бодолхийлэн хүлээхээр шийднэ.

 

Тулалдааны талбар. Үдшийн гэгээ аажмаар тасарч, анхны одод алсад жирвэлзэнэ. Амарсанаагийн удирдсан Манжийн цэрэгт дарагдсан Даваачийн цэргүүдийн үхдэл хүүрүүд  гуу жалгыг дүүргэн энд тэндгүй хөглөрнө.

Гунигт аялгуу дунд хошой чин ван Амарсанаа хоёр дагуулын хамт гарч ирэхэд хүндээр шархадсан Хоовон баатар өндийн:

... Хаан Даваач хэрцгий буруутай

Хар санаа нь могойн адил

Гэвч чи буруутай

Гэмшиж баршгүй нүгэлтэй!

Манжийн хаанд яах гэж очив

Манийгаа яах гэж хядуулав... гэж үнэнч цэргийн өөгүй үгийг Амарсанаад хэлэхэд буруудсанаа сая ойлгосон жанжин ихээр гэмшиж:

...Саруул сайхан нутгаа

Санаа муутад ашиглуулав уу ...

Цэцэгт ариун нутаг минь

Цэлмэг хөх тэнгэр минь

... Харгуй замаа олоогүй

Хар толгойгий минь өршөө! гэж алдаагаа ариутгана.

Энэ үед Манжийн цэргийн жанжин Ээ Фүүгийн тушаалаар Хоовон тэргүүтэй хэсэг хүмүүсийг цаазлахаар авч явахад Амарсанаа цэрэг, ардуудыг суллан Ээ Фүүг нутгаасаа хөөж явуулан өөрөө санаа нэгт ард олон, цэрэг эрсдээ очихоор яаран тэмүүлнэ. Хорсолдоо идэгдсэн Манжийн жанжнууд Амарсанааг хорлох элдэв ов мэхийг сүвэгчлэн "Амарсанаагийн амь насыг хөнөө!" гэсэн эзэн хааныхаа нууц зарлигийг ёсоор болгохоор шийдэж нөгөө муу хар санаат Яа Пүүгээ алсаас дагуулж явуулна.

 

Амарсанаагийн өргөө. Үелсэн олон шат бүхий өндөр тавцан дээр барьсан монгол гэрийн гадна цэрэг эрс, ард олон хуран цугларч эрх жаргалыг олгож өгсөн Амарсанаа хаандаа талархал илэрхийлнэ. Энэ үед айл хөрш халх хасаг орны элч нар ирж хаан Аблай цэрэг эрсээ илгээж хамтран зүтгэхээ айлтгасан тухай баярт мэдээ авчирч хуран цугларсан олны сэтгэлийг улам баярлуулна. Амарсанаа олонд хандаж:

... Манжийн эсрэг тэмцэлд босох

Манай үйлс дэгжин батажлаа" гээд ирсэн гийчид, бүх хүмүүсийг өргөөндөө морилон орохыг урихад тэд Амарсанаа хааны өргөөнд орцгооно. Энэ үест Манжийн хааны дуулгаварт туршуул Яа Пүү номын хувцас өмссөн түвд ламын дүрээр ирж өргөөнд орох гэвч Хоовон баатар түүнийг хориглоно.

Амарсанаагийн өргөөнд дөл нь бадамласан тулганы хажууд түүний хатан  ерөөлийн аялгууг дэвшүүлж, тойрон суусан хүмүүс цөм талархаж, хааныгаа хүндэтгэн бүжиглэж байтал холоос мэдээ авсан Хоовон баатар  ирж эзэндээ  айлтгах  нууц мэдээ байгааг хэлэхэд хүмүүс аажим тарж явах бөгөөд Хоовон баатар Амарсанаад ххандаж:

... Бэхтэй баатар урваж

Бидний эсрэг хөдөлж гэнэ

Манай талыг ухрааж

           Манжийн цэрэг айсуй хэмээн аюулт мэдээг хэлэхэд бүгд хүн цочин үймэхэд хасаг цэргийн даамал Амарсанааг тайтгаруулна. Амарсанаа:

... Уугуул нутгийнхаа төлөө

Урсах цусаа хайрлахгүй

Андгай тангарагтаа үнэнч явж

Амь биеэ дуусгана гэж ариун тангарагийг өргөж, ирэх дайсантай угтан тулалдах бэлтгэлээ хийнэ.

 

Амарсанаагийн хээрийн өргөөний хавьцаа, хадтай их уулын бэлд, хадны дунд шаасан асар майхнуудын хормой намрын сэрүүн салхинд дэрвэлзэнэ. Амарсанаагийн хатан хадан дээр уйтгарлан сууж дуулна.

Уулын алтан оргилыг

Үүл манан халхална

Уйдашгүй амраг түүнийгээ

Энэхэн холоос мөрөөднө.

Энэ үед үеийн хүүхнүүд хатанд ойртон Амарсанаагийн үйл хэрэг нь биелэх учиртайг давтан хэлэхэд далдаас хар сахалт бүдүүн цэрэг ирж Манжийн цэргийн сүр хүчийг магтан тэмцээд нэмэргүй болсон, харин эндээс хурдан зайлж явахыг хатанд  хэлэхэд хатан:

Алсын тэр орос гүрэн

Ачаа бидэнд хүртээх биз... гээд төрсөн нутгийнхаа шорооноос авч цэрэг эрстэйгээ салах ёс гүйцэтгэн алс холын орос орныг зорино. Үлдэгсэд сэтгэл үярангуй байдлаар ёслон:

... Алтан дэлхийд наслахдаа

Ардынхаа төлөө тэмцээрэй

Алс газар явахдаа

Зорьсноо гүйцээгээд ирээрэй гэж дуулж байхад довтлон ойртож  яваа Манжийн цэргийн чимээ алсад сонсогдоно.

Манжийн цэргүүд үлдсэн хүмүүсийг бүсэлж Амарсанаа хаашаа явсан болохыг асуухад нэг цэрэг эр олны дундаас гарч:

Уудам огторгуйд чөлөөтэй нисдэгээрээ

Уулын бүргэд үзсэн байж магадгүй

Уул хаданд дүүлж явдагаараа

Уурласан  ирвэс харсан байж магадгүй хэмээн хааны замыг булзааруулна. Тэд Манжийн эсрэг тулалдаанд дахин орно.

 

Оросын Тобольск хотын нэгэн дүнзэн байшинд Амарсанаа өвчтэй шаналж байна. Өвчин нь хүндэрч байгаа Амарсанааг хатан нь сувилж сууна. Бие хамгаалагч дагуулууд нь зэр зэвсгээ агссан авч уйтгар гунигтай нь аргагүй хаалганы хажууд манаа болон сууцгаана.

Хоовон баатар Оросын баатар цагаан хаанаас тусламж гуйж илгээх бичгийг Амарсанаагаар хэлүүлэн бичиж дуусгаад чангаар уншиж дуулгахад Амарсанаа уг бичгийг авч үзээд Хоовонг явуулна.

Ганцаараа үлдсэн Амарсанаа сэтгэл нь догдлонгуйгаар уйтгарлан дуу аялна. Гэрэлгуа хатан эр нөхрөө тайтгаруулан:

Усны тунгалаг цэлэлзсэн

Уудам нутагтаа очноо

Уулын өндөр сүндэрлэсэн

Униарт газраа харинаа гэхэд Амарсанаа:

"Саруул нутгаа гэхээс

Санаа сэтгэл догдлоостой

Андгай тангаргаа бодохоос

Алаг зүрх дэнслээстэй" гэж дуулна.

Хатан Гэрэлгуа эмч залж ирэхээр гэрийн эзэн орос эмэгтэйтэй хамт явна. Энэ үед Хоовон баатар ирж аймгийн захирагч орос ноён ирснийг дамжуулна. Амарсанаа тэсгэлгүй баясна.

            Орос ноёнд өөрийн ирсэн хэргийг нуулгүй ярьж, эзэн хаандаа дамжуулж өгөхийг хүсч дугтуйтай бичгээ гардуулна. Орос  ноён:

"Эзэн хаандаа үүнийг чинь

Элч довтолгон илгээе

Тэр болтол та эндээ

Тэнхээ тамираа сувилуулж бай" хэмээхэд Амарсанаа улам бүр урам орж:

"Наашаа ирэхэд тус болсон

Орос хүмүүс олон бий

Өлзий болсон тэр хүмүүст

Өөрийн минь мэндийг дамжуулна уу" гэнэ

Орос ноён хүссэнийг ёсоор болгохоо амлаад гарч одно. Байшин дотор анир чимээгүй, зөвхөн Амарсанаа л үлджээ. Манжийн эзэнт төрийн туршуул мөнөөх Яа Пүү лам маягаар хувцаслан зүс царайгаа хувиргаж, энэхэн мөчийг ашиглан орж ирээд "Ноён намайг явууллаа" гээд эм өгөх нэрийдлээр аюулт хорыг найруулан түүнд уулгахаар бэлтгэж байхад гаднаас Хоовон баатар, хатан, орос эмч нар ирж, аюулд тулгарсан Амарсанаагийн амийг аварсан ч аймшигт хүнд  өвчин нь улам хүндэрсээр байна.

Амарсанаа өндийж, амь насаа алдаж магадгүйд санаа сэтгэлээр уналгүй, харин ч тэвчээр зоригоо чангалан олон түмэнд хандаж:

Тэмцлийн их галыг

Түмэн олон минь  үргэлжлүүл!  гэж гэрээслэн нас барна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр