Б.Дамдинсүрэн МАРТАГДАШГҮЙ 42 ХОНОГ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Б.Дамдинсүрэн МАРТАГДАШГҮЙ 42 ХОНОГ

Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Дамдинсүрэн
  • Цомнол: Ч.Чимэд
  • Удирдаач: Ж.Чулуун АЖ, ТШ
  • Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ
  • Ерөнхий зураач: Л.Гаваа АЗ
  • Анх тайзнаа: 1974-6-28

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл

Сүхбаатар                    баритон

Хасбаатар                    бас

Байкалов                     баритон

Саруул гүн                   баритон

Равдан өвгөн                баритон

Норжмаа                      сопрано

Цэрэн тойн                   тенор

Цэмбэл /даамал/          тенор

Кайгордов                    тенор

Цагаан цэргийн офицер

Улаан цэргийн дарга

Улаан цэргийн эмч

 

 

Хиагтыг эзэлсний дараахан Алтанбулаг хотноо их жанжин Сүхбаатарын албан өрөөнд Хасбаатар, орос дарга нар байна. Их жанжин Сүхбаатар орос даргатай зөвлөөд баруун хязгаарыг тохинуулах тухай тушаал өгч:

... Баруун хязгаарыг илбэн тохинуулах

Ариун үүргийг танд би найдъя

Өссөн нутгаа бүрэн чөлөөлж

Хүссэн амьдралаа байгуулъя... гэхэд Хасбаатар бүрэн зөвшөөрч:

"... Бүгдийг мэдлээ жанжин минь

Бүхнийг ёсоор биелүүлье" гэж тушаалыг баяр, зоригтой хүлээж авна.

Баруун хязгаарыг зорьсон их цэрэг хөдөлж "Улаан туг" дууг сүртэйеэ дуулахад Сүхбаатар, Хасбаатар хоёр бахдалтайгаар харж байх бөгөөд их жанжин цэргүүдийн сүр жавхааг сэтгэл догдлон ажиж Хасбаатарт хандан:

Ган зоригтны энэ сайхан дууг

Хан Алтайд чи хүргэнэ

Нарны туяа тэнд цацран

Насны жаргалыг түмэн эдэлнэ " гэнэ

 

Саруул гүнгийн өргөөний гадаа цагаан цэргийн генерал Кайгордовыг хүлээж авах бэлтгэл хийж байна. Отго жинстэй малгай өмсөж, сэлэм зүүсэн Цэмбэл их сүртэй зогсож байх бөгөөд түүний хажуугаар үзэсгэлэнт бүсгүй Норжмаа идээ будааны зүйл барин өнгөрнө. Цэмбэл нь Саруул гүнгийн цэргийн даамал бөгөөд цагаантанд уусан урвасан этгээд юм. Тэр багаасаа Равдан өвгөний шударга охин Норжмаатай үерхэж түүнд хайр сэтгэлтэй болжээ.

Цэмбэл Норжмааг шохоорхон үг хаяна.

Норжмаа ч багын найз сэтгэлтэй хүнээ гэнэт отго жинстэй, цэргийн сүрхий эр болсныг гайхна. Хэргэм зэрэгтээ бардамнан сагсуурсан Цэмбэл Саруул гүнгийн цэргийг удирдан цагаантай хамтран улаантантай ба ардын намын цэргийг ялан дийлнэ гэдэгтээ итгэн:

Эзэн төрдөө ээлтэй явсных

Хаан төрдөө ханьтай явсных

Сөнгийн ихийг түшлээ би чинь

Гүнгийн зэргийг хүртлээ би чинь" гэхэд Норжмаа хайр сэтгэлтэй боловч шударга зан нь илэрч ёжилно.

Ингэж байтал Саруул гүн ноёд, лам нар ирж Кайгородовоор толгойлуулсан цагаантан хүрээнд ирэх гэж байгаа тухай хэлэлцэн Саруул гүн цагааныхан ба ардын намынхантай хэрхэн харьцахаа ялгахгүй хүнд байдалд орж, гансран:

Олон юмнаас мултарсансан

Одоо ямарч арга алга

Олсны үзүүр хүзүү ороож

Огцом татах л дутуу байна гэж бодлогошрон байтал Кайгородов ирж "Ардын намын их цэрэг Алтайд ирээд байна. Тэд та нарын эрлэг. Түүнээс та нарыг хамгаалах хүч бидэнд байна" хэмээн ятгахад Саруул гүн өргөөндөө орж ихэс дээдэстэйгээ ярилцан морь мал, хоол хүнс, хүн хүчээр туслахаар зөвлөлдөнө. Энэ үес цагаантны нэг офицер Цэмбэлтэй үлдэж "Хасбаатараас өмнө амжиж хамаг бүхнийг гартаа оруул! Бидний хагас тэднийг тосож, хагас маань тэдэнд туслахаар Хөшөө модонд хүрэлцэн ирээд байгаа улаан оросуудын өөдөөс сөрж цохино" гэхэд Цэмбэл бялдуучлан зөвшөөрнө. Равдан өвгөн сандран хүрч ирээд:

"Цагаан намынхны хар бодлыг

Цааш нь түргэн хэлэх юмсан

Чухам хэнд итгэж би

Чухал мэдээгээ дамжуулъя даа" гээд охин Норжмаагаараа ардын намынханд хүргүүлэх чухал мэдээг дамжуулахаар шийдэж түүнд хэлбэл охин нь зөвшөөрч:

"Хэрэгтэй бол бүхнийг давж

Эрэгтэй хүн шиг явж чадна" гэж шийдмэг хэлээд ардын намынхны байрлаж байгаа газар руу яаран явна.

 

Саруул гүнгийн өргөөний гадна Цэмбэл нэгэн хүний хамт байна. Цэмбэл түүнд "Кайгородовтой даруй холбоо барьж Хасбаатарын цэрэг удахгүй хүрээнд ирэх гэж байгааг мэдээл! Хасбаатарын тэнд байгаа монгол цэргээс ирүүл гэж жанжинд хэл хүргэ" хэмээн тушаана. Нөгөө цэрэг үүрэг бие лүүлэхээр явмагц Норжмаа гарч ирнэ Цэмбэл түүнд сээтэн хаяж:

"Норжмаа минь

Харагдаж үзэгдэхгүй хаачив аа?!

Хаанаас гэнэтхэн гараад ирэвээ чи" гэхэд Норжмоо "Ээжийн бие муудаад эргэж тойроод ирлээ" гэж аавын захиагаар явснаа булзааруулна. Цэрэн тойн улаан намынхнаас айн сүрдсэндээ бусдыг зугтахыг уриална. Цэмбэл хориглоно.

Хасбаатарын цэрэг ойртож Саруул гүнгийн хүрээнийхэн улам түгшинэ.

Саруул гүн:

"Цагаан оросын цаламнаас

Улаан намын урхинаас

Хар толгойгоо сугалж аваад

Хандсан зүг рүүгээ тонилъё доо" гэж бачимдан байхад нь "Хасбаатарын цэрэг айсуй" гэсэн мэдээ ирж бүх хэргийг Цэмбэл шийдэх болно. Саруул гүнгийн тусламж итгэлтэй биш тул Хасбаатар, Байкалов нар эргэлзэн хардаж башир ноёнд хашир хандахаар шийджээ.

Цэрэн тойн, Цэмбэл нар ярилцаад нуусан мал сүрэг, жасын хөрөнгөө авч лам хуврагууд хийдийг орхин явахад Саруул гүн ч мөн амь зулбахаар явна. Цэмбэл цагаантантай хуйвалдан бүхнийг хариуцан хүрээнд үлдэнэ.

 

Улаан цэргийн хуарагнасан газар Байкалов, орос эмэгтэй эмч нар байх ба зарим шархтайцэргүүдийг эмнэлгийн байранд оруулж байгаа нь нилээд хохирол үзсэн байдал илт үзэгдэнэ. Эмч бүсгүй:

"Алгын чинээ муурны мах ч үгүй хонолоо

Аяга аятай цай ч үгүй олон хонолоо

Зарим шархтан маань ч

Захиргаанд орохыг байлаа" гэж гомдоллоно.

Равдан өвгөн тушаал ёсоор дайсны нэг офицерыг барьж, чухал нууц баримт бичгийн хамт авчирна. Равдан өвгөний эрэлхэг явдалд цэргүүд зоригжив.

Цэмбэл хоёр нүүр гарган дайсагнасаар байна. Хасбаатар, Байкалов хоёр Норжмаагаар мэдээ хүргүүлэхээр шийднэ. Байкалов Норжмаад хандаж итгэл хүлээлгэн:

"Хүрээнээс сэмхэн гарч

Хөшөө модонд хүрч оч

Тэнд байгаа орос нөхдөд

Энэ бичгийг хүргэж өг" гэхэд Норжмаа зөвшөөрөн:

"Сайхан үйлсийн эхийг заасан

Сайн явдлын эхийг нээсэн

Ах таныхаа

Алтан сургаалаас гажихгүй" гэж чин шударга зангаараа бичгийг хүлээж аваад Хөшөө мод руу холбоо барихаар явж одно.

Цэмбэл Норжмааг улаан намын талд байна гэдгийг мэдэж, хорсон занана.

 

Эвдэрхий хэрмийн нэгэн хэсэгт шөнийн тулалдаан дуусаж өглөө болжээ. Цэмбэл нэг цэргийн хамт зогсох бөгөөд тэр цэрэгт Норжмааг буудахыг тушаасан байсан боловч цэрэг түүнийг буудаж чадаагүй байлаа. Хоёр нүүрт, хорон санаат Цэмбэл түүнд сайрхан:

"Эр цэргийн даамал нь ч би

Энэ хошууны эзэн нь ч би" гэж сүрдүүлэн нөгөө цэрэгтээ "Хамгийн аюулт дайсан бол Хасбаатар! Түүнийг барьж цагаантанд хүргэвэл бид амьд гарна" гээд Хасбаатарыг барих арга сийлэн түүнийг нэг хонхорт хэвтүүлнэ.

Цэмбэл муу санаандаа тэр цэргийг барихаар явах замд нь Хасбаатарыг барина гэж боджээ.

Цэмбэл Хасбаатарын нэгэн цэргийг буудаж ална. Хасбаатар бууны дуу сонсоод сэжиглэн, учрыг олохоор Цэмбэлийг дагуулан тийш явна.

Кайгородовын штаб. Хасбаатар хоригдож, харуул манаа чандлан зогсчээ. Хасбаатар уйтгар, зориг хослосон өнгөөр:

"Халуун амь бүлээн цусаа

Хайрлалгүй тэмцэж явлаа

Гэвч би Намын даалгаварыг тэрслээгүй

Замын дундаас урваагүй

Олны дайсан  урвасан хулгайн

Хар санаа хорон аргад гэнэдээд

Харь дайсанд олзлогдлоо" гэж харамсавч итгэл төгс зогсоно. Кайгородовынхон ирж элэглэн шаардлага тавина.

"Байкаловыг барь! гэж

Байгаа цэргээ бууж өг! гэж

Эрхэм тушаалаа та бич!

Эр цэргүүдийнхээ амийг авар!

Эс тэгвэл та амьгүй шүү" гэхэд Хасбаатар эсэргүүцэж "Би ардын нам, Сүхбаатарын ариун үйлст үнэнчээр эцэслэхэд бэлэн байна" хэмээгээд:

"Саар цагийн эцсийг үзлээ

Сайн цагийн эхийг харлаа

Мандсан хувьсгалтай би үлдэнэ

Хамтарсан түмэнтэй би амьдарна" гэж дуулна. Хасбаатарыг буудна. Соёмбот далбаа мандана.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр