Г.Дарамзагд НҮҮДЛИЙН ЗАМД

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Г.Дарамзагд НҮҮДЛИЙН ЗАМД

НҮҮДЛИЙН ЗАМД

Гурван бүлэг, долоон үзэгдэлт дуурь

 Л.Түдэвийн Нүүдэл суудал романы сэдвээр бичжээ.

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Г.Дарамзагд
  • Цомнол: П.Бадарч АУЗ
  • Удирдаач: Ж.Чулуун АЖ, ТШ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1984-11-07

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

Дамбий     /Чинээлэг ард/бас баритон

Цэвэл        /Дамбийн охин/сопрано

Магнай     /эвлэлийн дарга залуу/тенор

Доохүү       /нэгдлийн дарга/бас

Сүрэн        /намын дарга/баритон

Пил               /өвгөн/     тенор

Гармаа        /эмгэн/      меццо-сопрано

Баасан          /өвгөн/     бас

Сонгоо  баритон

Амбаа          /өвгөн/      баритон

Загд     тенор

Ванчиг  тенор

Гончиг  тенор

Нэгдлийн гишүүд, малчдад найрал дуучид тоглоно.

 

Нэгдүгээр үзэгдэл

 

Саяхан нүүсэн хот айлын буурь эзгүйрнэ.

Малчин ард Дамбий гэрийнхээ буурин дээр бодол болон зогсож, нийт олны нэгдэлжих хөдөлгөөнийг ойлгож ядан амин хувийн үзэл, ард олноо дагах сэтгэл хоёр нь зөрчилдөж байснаа ачаа хөсгийнхөө хойноос явав.

МХЗЭ-ийн үүрийн дарга Магнай Дамбийн хот айлд ухуулга хийхээр ирсэн боловч нэгэнт хожимдсоноомэдэж:

"Унаа малын нуруу чилээсэн

Урт энэ нүүдлийн эцсийг үзэх өдөр бий" гэнэ.

Магнайг алсаас харсан сэтгэлт бүсгүй Цэвэл нь гэнэт ирэхэд цочин самгардавч дотроо баярлаж эцэг дээдэс идээшин дассан эрдэнийн сайхан эх нутгаа хоёр залуу бахархан дуулна.

Унааныхаа цуцаагүй дээр нүүдлийн араас явахаар завдах Магнайг үдэж өвөлжин урласан хавтгаа бэлэглэх гэсэн хэдий ч ичиж зовох сэтгэлийн улмаас өгч чадалгүй үлдэж

"Хайрын нандин үгийг

Хангай дэлхий минь дамжуулаач...." гэж дуулан Дамбийн охин Цэвэл нүүдлийн араас явна.

 

Хоёрдугаар үзэгдэл

 

Дамбийнхны буусан шинэ нутагт Магнай тэргүүтэй хэсэг хүмүүс хүрч иржээ. Ухуулагч Магнай Цэвэлтэй уулзаж аймгийн сонинд Сайн усны хот айлд "Ухуулагч Магнай сар гаруй ирсэнгүй гэж чи бичжээ" гэхэд Цэвэл учрыг ойлгож "Баасан гуай түүнийг бичээд харин миний нэрийг ард нь тавьчихжээ" хэмээн учирлана.

Хот айлхнаараа нэгдэх гэж хойш сууж, доош малтсан Баасан хэрэг бишдсэнийг мэдээд хий л бардамнаж:

"... Бид эндээ нэгдэх болсон

Би зохион байгуулсан..." гэж сайрхана.

Ухуулагч Магнай хот айлынхныг цуглуулж нэгдлийн тухай ярьж, хурсан олон нэгдэлд орохоор саналаа өгөхөд Дамбий, Пил нар татгалзаж, харин эигэн Гармаа өвгөнтэйгөө зөрж зүтгэсээр байж нэгдлийн гишүүнд элсэхээр хамгийн түрүүнд нэрээ бичүүлнэ.

 

 

Гуравдугаар үзэгдэл

 

Саяхан байгуулагдсан нэгдлийн сахиул өвгөн Пил ганцаараа гайхшран өнгөрсөн үеэ эргэн дурсаж, энэ нэгдлийн ирээдүйд итгэж ядан сууна.

Намын уриалгаар шинэ нэгдлийг удирдахаар ирсэн дарга Доохүү, намын үүрийн дарга Сүрэн нар ирж нэгдлийн ирээдүйн тухай ярихад:

Гэрийн сахиул өвгөнд Гэнэн юм ярилаа" хэмээн Пил өвгөн итгэж ядна.

Энэ үед эрхэлсэн ажилгүй панзчин Ванчиг ирж Доохүүг аймгаас ирснийг дуулаад хонины наймаа хонжоотойхон шиг хийхээр хэлэлцэхэд Доохүү түүний башир залийг уудалж улам цаашлуулна.

 

Дөрөвдүгээр үзэгдэл

 

Нэгдэлжсэн олон түмэн нэгдлийн төвөө хаана байгуулах, ямар нэр өгөх тухай хэлэлцэж байна. Дамбий хэдийгээр нэгдэлд элсэхээр болсон ч мөн л амин хувийн арчаагүй бодолдоо хүлэгдэн малынхаа адгаас нэгдэлд өгнө гэж бодовч:

"... Ардын буянд адгийн шаараа асгаад

Амьтны нүүр яаж харах вэ?" хэмээн мөн л өөртэйгөө зөрчилдсөөр...

"Нийгэм журамд дэвших их нүүдлийн

Эх нэгдлээ бид байгууллаа

Одоо өндөр настан, журамт цэрэг

Амбаа гуай нэр өгнө үү?" гэж хурал удирдаж байгаа нөхөд хүсэхэд өвгөн Амбаа:

"Эв саналаа нэгтгэж

Энэ нэгдлийг байгуулсан болохоор

"Эв хамтын төлөө" гэж нэрлэе" гэхэд нэгдэлч олон:

"Сайхан нэр

Санаа нийлсэн олны нэр..." хэмээн дэмжиж дуулцгаана. Хурлын төгсгөлд нэгдлийн дарга Дамбийтай уулзаж нийгэмчилсэн малаа Загдынд өгөөд тариаланч хашир хүн тул өөрөө бригадад очих болно гэдгийг хэлнэ.

Дамбий цухалдан:

"... Очиж, очиж ногоон Загдынд шүү

Олгой нь ногоорсон амьтан

Сүүлтэй хэдийг минь нядалж

Сүүгээр нь хар ус нэрнэ дээ.„" гэж халаглана.

 

 

Тавдугаар үзэгдэл

 

Хаврын цасан шамраган дундуур хэсэг мал тууж яваа хэн нэг хүн замд тааралдах хөлдүүсийг харж, халаглан харамсана.

Энэ хүн бол Дамбий ажээ. Нэгдлийн тариа бригадад ажиллаж байсан Дамбий Загдынд очтол нийгэмчилсэн малыг нь шуурганд уруудуулж, чононд уруулсны улмаас малаа буцаан аваад явж байх замд нь нэгдлийн дарга тааралдана. Дарга Доохүү бухимдан харамссан Дамбийн амнаас нэгдлээс гарахаар шийдсэн хүний нэлээд хатуухан үгийг сонсоно.

Ажилсаг, малч Дамбий нэг хүний үл бүтэх явдлыг нэгдлийн үйл хэмээн ойлгож, нэгдлийн төв барьж байгуулахаар ажиллаж байгаа олны дундаас охин Цэвэлийгээ хөтлөн нэгдлээс гарлаа.

Цэвэл үл зөвшөөрөх авч арга буюу аавынхаа үгийг дагаж эргэж ирэхээ хэлээд явна.

Олон түмэн дургүйцэж:

"Өөдөө хаясан чулуу

Өөрийн толгойд шүү" гэдгийг Дамбийд сануулна.

 

Зургадугаар үзэгдэл

Ганц ганц гэрээр жалгын нэг амьдрахын уршиг, гал манаж байж түймэр алдан гэр нь шатсан өвгөн Пил эмгэнийхээ хамт орох оронгүй, оочих аягагүй боллоо хэмээн уйтгарлаж суутал чоно борооноор гэгчээр энэ золгүй явдлыг далимдуулахаар Ванчиг, Гончиг хоёр давхиж ирэв.

Ашиг хонжоо гарч л байвал хүний сэтгэлийг хүртэл наймаалахаас буцдаггүй энэ панзчид хоёр хөгшнийг элдэвлэж байж хэдэн хонийг нь хямдхан үнээр салгачихаад өөрсдийн арга залийг ид бах болгон инээлдэнэ.

 

 

Долоодугаар үзэгдэл

 

Нэгдлийн дарга дуудсаныг сонссон өвгөн Пил нэгдлийн төв орохоор "...дарга ер нь юу хийлгэх гээ юм бол..." хэмээн уймран явтал Доохүүтэй замд тааралдав.

"... Золгүй явдал болсныг дуулсан

"Эв хамтын төлөө" нэгдэл гэдэг чинь

Нэгэн их айл гэвэл өвгөн Пил та

Энэ их айлын нэгэн эзэн нь шүү дээ", ингэж таныг гэр оронгүй байлгахгүй, бид танд шинэ гэр явуулсан, одоо очиж"... өргөө цагаан гэрийг чинь өргөн олноороо мялаая" гээд Доохүү Пил өвгөний хамт явсаар гэрт нь ирэхэд өвгөн Пил үнэмшиж ядан баярлаж гялайснаа илэрхийлэн дуулна. Энэ баярт үйл явдалд Дамбий ч иржээ.

Нэгдлээс гараад ганцаардаж зүдэрсэн, олныхоо энэ хөгжил дэвшлийг харж ойлгосон Дамбий:

"... Ажил мэдэхгүй юмнууд

Аашийг минь эвдсэн юм

Алив хүүхдүүд минь

Алтан шаргал нутаг минь намайг өршөө

Нүүдлийн замд будилсан ч

Нүдээ би нээлээ

Өргөн олны замд эргэж би орлоо..." гэхэд нэгдэлч түмэн, охин Цэвэл нь болон Магнай нар талархан баярлана.

Намынхаа мэргэн жолоодлогоор шинэ дэвшлийн төлөө тэмүүлэж нэгдэлжсэн олны итгэл бахархлын дуулал цуурайтна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр