Д.Лувсаншарав НҮЦГЭН НОЁН

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Д.Лувсаншарав НҮЦГЭН НОЁН

Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Д.Лувсаншарав
  • Цомнол: Д.Пүрэвдорж АУЗ
  • Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1985-12-19

 

 

  • Гол дүрүүд
  • Оршил
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл

Хөх өвгөн                   баритон

Хөзрийн ноёд:

Гилбэрсэн                  бас

Цэцэглүн                   тенор

Дөрөвчин                    баритон

Бундган                      баритон

Хатад:

Гилбэрмаа                  меццо-сопрано

Цэцэгмаа                   сопрано

Дөрвөлжмаа              сопрано

Бундмаа                     сопрано

Боолууд:

Гилбэрдэй                  бас

Цэцгэлдэй                  тенор

Дөрвөлдэй                 тенор

Бундалдай                 баритон

Хиа дадрууд:

Гилхай                       баритон

Цэлхай                       тенор

Дөлхай                       тенор

Булхай                       бас

Сүлд тахилга   меццо-сопрано

Эгэл хөзрүүд буюу албат ардууд

 

"Нүцгэн ноён" буюу хөзрийн үлгэрийг ардын аман зохиолд тулгуурлан бичсэн бөгөөд ардын ёс заншил, цэцэн билгийг өргөн ашиглажээ. Ард түмний дунд дэлгэрсэн хөзрийн тоглоомд ноён, хатан, боол гэж байдаг нь ангит нийгмийн тусгал даруй мөн. Дуурийн гол баатар Хөх өвгөн ардын цэцэн ухааны цогц дүр юм.

Дуурьт омог бардам дөрвөлжингийн ноён, шалиг самуун бундангийн ноён, балар мунхаг цэцгийн ноён, башир санаат гилбэрийн ноён, тэдний хиа-дадрууд, тоонхөзрүүд гарч байна.

Ихэмсэг дээрэнгүй дөрвөн ноён эрх дархаараа түрэмгийлэн эгэл дөрвөн боолын сүйт бүсгүйг богтлон авах гэтэл Хөх өвгөн, дөрвөн боол, дөрвөн хүүхэнд хэрхэн чадагдсан тухай хөгтэй нэгэн явдлыг элэглэн үзүүлнэ.

 

Дөрвөн охин (хатан) хайртай сайхан эрчүүд (боол) нь тэднийг авахаар иртэл хар санаатанд хорлогдов гэж хар даран зүүдлээд сандран гарч ирэхэд үеийн охид нь үүдийг сайнаар тайлж:

"Азтай, азгүй зүүдээ тайлж

Амраг хайраа ариусгаж

Ачтай эцгийн ухааныг дагаж

Аргын урнаар башрыг давъя" гэж дуулж байтал Хөх өвгөн, залуу эрчүүд (боол) хүрэлцэн ирнэ. Эрчүүд Хөх өвгөнөөс:

"Алд цагаан хадаг тогтоож

Алаг сайхан үрсээ хайрла

Айл гэрийн заяа тэтгэж

Алтан сайхан сургаал хайрла" гэж ёс төртэй гуйхад Хөх өвгөн алтан, мөнгөн царан дээр дөрвөн шагайт чөмөг авчруулж хүргэдийн хүчийг сорино. Хүргэд чөмгүүдийг эрхий хуруугаараа нугалан өвгөний сорилтыг давж шагайг морь болгон билэгдэн авцгаана. Баяр хөөр, бүжиг наадам өрнөж байтал гэнэт дөрвөн хиа (дадар), дөрвөн ноён ирэв. Ноёд дөрвөн сайхан охиныг богтлон авахаар шийдэж:

"Сүмбэр уул шиг идээ будаалж

Сүн далай шиг дарс сөгнөнө.

Эмс, хүүхдийн шагай байтугай

Эрийн гурван наадам хийнэ" гэж бардамнана.

Хөх өвгөн нэг ухаан сүвэгчлэн "хурим хийтэл дэр нийлүүлэхгүй" гэсэн ам өчгийг ноёдоос авав.

Хөх өвгөн дөрвөн боолд сүйн бүтээлэг нөмөргөж дөрвөн охины оронд явуулна.

 

"... Саран, наран атаархмаар

Сайхан хатдыг авчирлаа..." гэж

үзэсгэлэнт хатдыг таалан жаргахыг тэсэн ядан хүлээсэн ноёд өргөөндөө хөлхөлдөнө. Гилбэрсэн ноён хар санаалж сэрэмжлэн байснаа "сүлд"-ээ тахихаар шийдэж зар тараан албатуудаа цуглуулав. Сархад ууж хөлчүүрхсэн ноёд бүжигч эмсийг шохоорхон сээтгэнэхэд Хөх өвгөн үзэсгэлэнт хатдыг оруулж ирнэ. Хөлчүү ноёд:

"Эрдэнийн тансаг өргөө чимж

Эрх танхил хатан болно..." хэмээн дөрвөн боолыг эрхлүүлэн шалиглахад дөрвөн боол харуй бүрий цагаар өргөөний хажуугийн цэцэрлэгт уулзах санал тавьж ноёдыг мунхруулж отгот малгай, сэлтийг нь орхиулна.

Дөрвөн ноёдыг чадсан боолууд тэднийг шоолж байтал Хөх өвгөн ирж:

"Эцсэн бухыг

Эвэрдэж авна

Эс тэгвэл

Эргэж мөргөнө" гэж сургамжлан чандлаад болзсон газартаа очихыг тэдэнд зөвлөнө.

 

Ноёдын хар өргөө. Хиа (дадрууд) нар харуулд гарчээ. Ноёдын отгот малгай, хүрэм өмссөн боолууд хиа нарт хандаж:

"Орох дөрвөн үүднийхээ

Очирт дөрвөн түлхүүрийг

Одоо бидэнд өгөөд

Орон гэртээ харьцгаа" гэхэд дадрууд баярлалдан гэр гэрийнхээ зүг явцгаав.

Ноёд болзсон газраа ирэхэд дөрвөн охин угтан очиж нялуурах дүр үзүүлэн:

"Хайрт чинийхээ үгийг дагаж

Хаалт богтоо авья л даа

Хатад биднийхээ үгийг дагаж

Хамбан баринтагаа тайл даа" гэхэд хүсэл тачаалдаа хөтлөгдсөн ноёд ямбаны хувцсаа сандран тайлаад гарч ирэх нь үнэхээр инээдэмтэй.

Ноёдын хувцас өмссөн боолууд, нүцгэрсэн ноёдыг Хөх өвгөн гайхсан дүр үзүүлэн харж::

"Энэ чинь та минь юу вэ?

Эвэртэй туулай гэгч үү?

Эрхэм ноёд энд...

Эрхэм ноёд тэнд..." гэснээ нүцгэрсэн ноёдыг "эзэн дээдсийгээ мэхлэв" хэмээн ял тулгаж хар өргөөнд хорихоор шийдвэрлэнэ.

 

Хөх өвгөн ноёдыг хар өргөөнд оруулан орхив. Хөх өвгөн, охид, боолуудад чадагдсан ноёдууд бухимдан уурсавч яах ч аргагүй болсондоо давчдан:

"Агсрах амны бардаа яах вэ

Атганд хэрвээ орох юм бол

Зургаан хасаг түлээн дээр

Зумлаж жаахан зөөлрүүлээд

Зуун гүүний сүүлнээс уявал

Зугаатай болоод таатайсан" гэж сэтгэлээ тайтгаруулан байна.

Ноёдын хилс түлхээсээр хар өргөөнд хоригдсон ардууд (тоо хөзрүүд) тэднийг таньж:

"Эрүү шүүлт тулгаж        

Эрэмдэг зэрэмдэг болгож

Эхнэр, хүүхдээс салгасан

Эрлэгийн эзэн хэн билээ

Та нар

Та нар" гэхэд айж сандарсан ноёд амь өршөөхийг гуйна. Хөх өвгөн эрчүүдийн (боолууд) хамт ирж зарлиг уншиж хоригдлуудыгсуллана.Хамаг булайгаа дэлгэсэн ноёд хэргийн бурууг бие бие рүүгээ түлхэн, мунхаг тэнэгээ гайхалцан байтал зусарч хиа (дадар) ирж тэднийг суллаж явуулна.

 

Ноёны хуучин өргөөнд дөрвөн боол, дөрвөн охины хурим эхлэх болжээ.

Эрчүүд Хөх өвгөнд хандаж:

"Алтан, мөнгөн баганаа авчраад

Айлчин ирэхээр асууж ёсолъё

Арга ухаанаар цэц булааж

Ахай хатныг оруулж ёсолъё" гэхэд алтан, мөнгөн багана барьсан дадрууд Хөх өвгөнтэй цэц булаалдан мохоод тэднийг өргөөнд урина. Энэ үед "Нүцгэн ноён" ирж "Өргөөндөө заларна" гэж сүрдүүлэхэд Хөх өвгөн:

"Ойчсон, шатсан ноёдын

Отгон жаргал чиллээ

Ордноосоо огшиж хайрла

Олбогноосоо гулсаж хайрла" гэнэ.

Ард олон:

"Ядсанаа мэдэхгүй

Ямбаар яах гээв

Ядарснаа мэдэхгүй

Янагаар яах гээв, яв яв

Шалиг балаг явбал

Шалдан нүцгэн хоцорно" гээд ноёдыг хөөж явуулаад:

"Омогт ноёд мориллоо

Олиггүй бүхэн ариллаа

Одоо бүгдээрээ амгалан

Олноороо жаргах болжээ"хэмээндуулна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр