Ц.Нацагдорж ГЭСЭР

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Ц.Нацагдорж ГЭСЭР

Эхлэл төгсгөл бүхий гурван бүлэгт дуурь

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ц.Нацагдорж
  • Цомнол: Д.Төрбат
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Г.Эрдэнэбаатар СТА
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1995-10-14

 

 

  • Гол дүрүүд
  • Оршил
  • Эхлэл
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Төгсгөл

 

Гэсэр                                     тенор

Рогумогуа /хатан/                     сопрано

Арлангуа /гүнж/                     меццо-сопрано

Цотон  /хорон санаатан/        баритон

Хан хурмаст                            бас баритон

Амаржил эх                             меццо-сопрано

Манзангүрэм эх                      сопрано

Эрлэг номун хаан                   бас

Хар гэрт хаан                        тенор

Шар гэрт хаан                        баритон

Цагаан гэрт хаан                    бас

Цас чихэр                               тенор

Атай улаан                             баритон

Шарай голын элч                    баритон

 

 

“Гэсэр" хэмээх тэнгэрлэг сайхан бүтээл нь Төв Азийн ард түмний дунд өргөн дэлгэрсэн бөгөөд ардын билэг авьяастнууд олон зуун жилийн турш баяжуулан хөгжүүлж, аялгуулан хэлсээр иржээ.

Гэсэрийн туульс нь Азийн орнуудад олон хувилбар болон дэлгэрсний дээр зөвхөн монгол туульс дотроо олон хувилбар байдаг.

Олон боть бичмэл Гэсэрийн туульс байхаас гадна Монгол Гэсэрийн туульс анх 1716 онд модон бараар хэвлэгджээ.

Энэ бол монголын ард түмний соёлын гайхамшигт өв бөгөөд алдарт "Монголын нууц товчооны" уран сайхны зарим хэв шинжүүдийг өөртөө шингээсэн байдгаараа бусад Гэсэр ба Жангарын туульсуудаас ялгарах онцлогийг агуулдаг.

Газар дэлхийд самуун үүсэхэд бурхны зарлигаар хурмаст тэнгэр Гэсэр хүүгээ хүний ертөнц рүү илгээж хорвоог амаржуулж байгаа тухай уг туульсад өгүүлдэг.

Гэсэрийн туульс нь утга төгөлдөр өгүүлэмж, яруу тансаг хэллэг, уран тод дүрслэлийнхээ хувьд Грекийн бурхад, тэнгэрийн домгуудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд оршдгоороо дэлхийн сонгодог бүтээл болон мөнхөрсөн юм.

 

Тэнгэрийн оронд хэмээх эхлэл

 

...Хан Хурмастын өргөөнд тэнгэрүүдийн найр болж, бурхад дагинас бүжин ахуйд газар дэлхийгээс түгшүүрт хэл ирэв.

Гурван далай,  таван тивийг захиран суугч их хаан таалал болж, цэгээн чулуу хагарч, цээлийн ус цалгив гэнэ. Харуусан халаглах Хан Хурмаст өөрийн хүү үйл бүтээгч Гэсэрийг хорвоог тохинуулах элчээр илгээлээ.  Энэ мэдээг Атай-Улаан тэнгэр сонсоод муу санаат Цотон ноёнг гамшигт нэрвэгдсэн газар дэлхий рүү илгээв. Ийн дэлхийд бурхан, буг хоёр зэрэг бууж ирлээ.

 

Арван хорын үндсийг таслагч, Ачит мэргэн Гэсэр хаан Рогмогуаг авсан наадмын бүлэг

... Сайн санаат хааны өнчин гүнж Рогмогуаг хатнаа болгож авахаар Цотон авга, Цасчихэр хоёр эрийн гурван наадам хийх гэж байна.

Хүмүүний заяаг хар санаа, цагаан сэтгэл хоёр булаацалдав. Энэ торгон агшинд ядуу төрсөн Амаржил ижий жаал хүүгээ хөтлөн ирнэ.

Жур хөвүүн гэнэт үзэсгэлэнт Рогмогуаг булаалдах гэж наадамчин олны элэг доог болов. Эх Амаржил нь хүртэл газар доогуур ортол ичлээ.

Гэвч Журын хамуутай бор даага нь тод магнай болж, хавчаахай сум нь цэц магнай болж, эр биеийн хүчээр гарьд магнай болон Рогмогуаг авсан нь Гэсэр мэргэн хаан газар амилсан ажээ.

Ийн их найр үүсгэн завдтал нурам болсон тивээс гашуун мэдээ ирэв. Бусдын төлөөх ариун дайнд Гэсэр хаан мордох хойгуур хорлонч Цотон залуу хатны сэтгэлд атаа хорслын үр суулгаж, баатар гүнж Арлангуатай харгалдуулав.

Их гамшиг нөмрөх ёр нүүрлэв.

 

Гэгээн их Гэсэр хаан Шарай голын төрийг авсан бүлэг

 

...Цотон ноён нэр төр, эд хөрөнгө, эрх ямбаар Рогмогуаг авчирч төрийн хатнаа худалдав. Шарай голын хаад хэн нь авах тухайд санал зөрөлдөв.

Улс орныг түгшүүр нөмөрч, гашуудлын хар сүүдэр дайрсан үед Цасчихэр тэргүүт түмэн хүлэг баатраа дагуулсан Гэсэр хаан морилж өөр зуураа өс хонзон зангидсан Шарай голын төрийг авна. Их тулалдаанд Цасчихэр амь үрэгдэв. Рогмогуа нүглээ наминчлан ялт Цотон ноёнг гэрчилнэ. Баатар гүнж Арлангуа цаазлан завдтал Гэсэр “амьд явах нь түүнд хамгийн хүнд ял болно” хэмээн айлдах ажгуу.

Ийн амаржих ахуйд ёр нүүрлэсэн ертөнцөд дахин муу хэл дуулдав.

Арван хорын үндсийг таслагч ачит мэргэн Гэсэр хааныг газарт төрүүлсэн ганц ижий нь тамд унажээ.

 

Амаржил ижээ тамаас аварч, Амар сайхандаа жаргасан бүлэг

 

... Халуун хийгээд хүйтэн тамд ирсэн нүгэлтнийг Эрлэг номун хаан байцаан шүүх ажээ.  Энэ үеэс Гэсэр хаан өөрийн биеэр морилон Амаржил ижээ амаржуулах гэж ирснээ айлтгав.

Амаржил ижийн тамд унасан ял нь ачит мэргэн Гэсэр хааныг багад нь албин чөтгөр гэж хараасан явдал байв аа.

Номун хаан “...Ижийнхээ ялыг чи үүрч чадах юм бол, амьгүй цогцсыг нь аваад буцагтун!” хэмээжээ. Гэсэр ээжийн болон Цасчихэрийн үүрвэл зохих ял, нүглийг амьдаараа үүрч тэдний шарилыг аваад газар дэлхий рүүгээ буцаж байна.

 

 

Газрын оронд хэмээх төгсгөл

 

... Гунигт автсан баатар гүнж Арлангуа тамд одсон Гэсэрээ үгүйлэхажээ.  Өнгө засаж асан дэлхийгдахиад л гашуу нөмөрсөн байлаа. Рогмогуа хатан, сэтгэлт хаанаа үгүйлэн явж хоёул уулзан урьдын ерөөлгүй явдлаа огоорч гагцхүү Гэсэр мэргэн хааныг төрүүлж хайрла хэмээн Хан Хурмастад залбирав. Ийн байтал тамаас Гэсэр хаан ирж баярлалдан уулзав.Энэ үес бурхадын орноос Хан Хурмаст, Шигэмүни бурхан залран ирж Амаржил ижий, Цасчихэр баатарыг ариун хур шившин амьдруулснаар амар сайхандаа жаргаваа

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр