Г.Пүрэвдорж ДЭЛХИЙ ЭЭЖИЙН ТӨРСӨН ӨДӨР

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Г.Пүрэвдорж ДЭЛХИЙ ЭЭЖИЙН ТӨРСӨН ӨДӨР

 

ДЭЛХИЙ ЭЭЖИЙН ТӨРСӨН ӨДӨР

Эхлэл төгсгөл бүхий хоёр бүлэг, гурван үзэгдэлт хүүхдийн дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Г.Пүрэвдорж
  • Цомнол: Ж.Дашдондог
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Г.Эрдэнэбаатар СТА
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
  • Манай тайзнаа: 2002-3-30

 

 

  • Гол дүрүүд
  • Эхлэл
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Төгсгөл

 

 

Дэлхий ээж                  сопрано

Наран ах                       тенор

Үүр хархүү                    тенор

Хавар хадагтай             сопрано

 Зун бүсгүй                   сопрано

Намар авхай                 меццо-сопрано

Мэргэн овгөн                баритон

Ерөөлч                         тенор

Өвол эгч                      сопрано

Дайн генерал                бас

Ихбуу                            бас

Харанхуй, Бүрхэг, Цасан болон Мөсөн охид, Дэлхий ээжийн дагуул, Саран дагина, Усан дагина, Үүлэнсолонго, Жавар жанжин, Шуурга баатар, Тагтаа, хүмүүст найрал дуучид оролцоно.

 

 

 

Үүрийн туяа, Цасан цагаан өмсгөлт Өвөл нэгэн их баярт хөл алдан бэлтгэнэ. Тэр бол Дэлхий ээжийн дөрвөн сайхан охины эгчмид нь бөлгөө. Тэгээд түмэн ачлалт, буман өршөөлт Дэлхий ээжийнхээ төрсөн өдрийн баярт үүр цүүрээр бэлтгэн буй нь тэр ажээ.

Дэлхий ээж баярын сэнтийд заларна. Хүрэлцэн ирсэн бүхэн түүнд баяр хүргэнэ. Тэгтэл Наран ах алга. Хавар, Зун, Намар хэмээх хайртай гурван охин нь алга. Жам ёсоор халааг нь авах Наран ахаа Үүр хүлээнэ. Хавар дүүгээ Өвөл эгч нь хүлээнэ. Сураг алга. Гэрэлт нарны оронд харанхуй нөмрөн ирэхэд баярын зочид орь дуу тавин сандарна.

 

Дайн генералын аймшигт ордон. Тэнд хар хүчин ноёрхжээ. Харанхуй, Бүрхэг хоёрын цэргүүд ирж Нар болон жаргалын гурван цагийг олзолж ирснээ ид бах болгон дуулна. Дайн генерал орж ирнэ. Араатан туслагчид нь эзэндээ үнэнчээ илэрхийлж бэлэг барина.  Дээд тэнгэрийн нар, дэлхийн гоо охидыг дэргэдээ үүрд зарцлах тухай эзнийхээ зарлигийг Их буу сонсгоно. Хар цэргүүд нь дэмжин хангир чингэр бүжиглэнэ. Наранг сөгдүүлж өөртөө үнэнч зүтгэхийг тушаана.  Нар татгалзсан тул түүнийг шоронд хорино. Хавар, Зун, Намар хэмээх гоо гурван хадагтайг үзэсгэлэнт дагуулуудтай нь дуудаж мөн л тушаадагаа тушаана. Тэд үл сөгдөх бөгөөд өгөөж баялагаа Дэлхий ээжийн үй түмэн үнэнч шудрага үрст зориулахаа амлана. Дайн генерал ихэд хилэгнэн бүгдийг шоронд хийнэ. Тэгтэл Могой, Тагтааг баривчлан ирнэ. Тагтаа Дэлхий ээжийн илгээлтийг Дайн генералд барина. Дэлхий ээжийг хамаг амьтадтай нь эрхэндээ оруулахыг хүссэн Дайн генерал илгээлтийг урж хаяад, Тагтааг хөөн явуулна. Тэгээд ”Дэлхийг туйлдуулж бай, араас чинь бид очно” гээд Ган гачиг, Зуд зурхан хоёрыг илгээнэ.

 

Ургах ногоогүй, урсах усгүй хатсан цөлд Дэлхий ээж шаналан сууна. Ган гачиг, Зуд зурхан хоёр гай зовлонд унагажээ. Тагтаа ирж болсон явдлыг өгүүлэхэд бүгд нэгэн дуугаар Дэлхий ээжээ хамгаалах ариун тэмцэлд босно. Дайныг хүний ухаан л ялж чадна гэж Дэлхий ээж дуулна. Эвдрэлцлийн хар дайныг эгшиглэнт яруу дуугаар хорьж чаддаг шидэт бүрээ эртний сударт гардаг тухай Мэргэн өвгөн айлдана. Ухаант хүмүүс түүнийг урлан бүтээнэ. Дэлхий ээж шидэт бүрээг Үүр хархүү, Жавар жанжин, Шуурга баатар гуравт өгч дайны орон руу илгээнэ.

 

 

Дайн генералын ордон. Үдэш үзэсгэлэн төгс Үүлэнсолонготй хуримлах Дайн генералын найр эхэлнэ. Алтан нар, Хавар хадагтай, Зун бүсгүй, Намар авхай нарыг зэр зэвсгийн ирэн дор бүгдийг эрхшээлдээ оруулжээ. Дайн генералыг магтан дуулахыг цэргүүд нь тэднээс шаардана. Гэвч тэд Дайн генералын сүйрлийг зөгнөн дуулна. Дайн генерал багтартлаа уурлаж тэднийг цаазаар авахыг шаардтал Үүр хархүү туяа татуулсаар орж ирнэ. Нөхдөө аврахаар ирснээ хэлэхэд Дайн генерал цэргүүддээ Үүр хархүүг устгах тушаал өгнө. Үүр хархүү шидэт бүрээгээ таттал дайсны бүх зэвсэг ямарч ажиллагаагүй болно. Дайн генерал араатнуудаа дуудаж турхиртал Шуурга баатар нуур нүдгүй шуурч, Жавар жанжин бүгдийг байр байранд нь хөлдөөнө. Тэд ийнхүү нөхдөө чөлөөлж баяр хөөр болон уулзана.

 

 

Дэлхий ээж мөнхийн сэнтийдээ залрана. Эх болсон дэлхийн хамаг амьтад ялсан баатруудаа угтан баяр хүргэж байна. Бороо орж, цэцэг дэлгэрч, нар мандаж, солонго татаж Дэлхий ээжийн царайд баярын од гэрэлтэнэ. Наран Саран халаагаа солилцож, хүн амьтангүй бүгдээр Дэлхий ээжийн бүүвэйн дуунд уяран, тавтай нойрсоно. Одон мичид түгэж, Сарандагина шөнийн албандаа орно.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр