Ц.Нацагдорж ҮҮЛЭН ЗАЯА

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Ц.Нацагдорж ҮҮЛЭН ЗАЯА

 

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ц.Нацагдорж ТШ
  • Цомнол: Ш.Шажинбат
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Манай тайзнаа: 1988-4-29

 

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

Хоролдой /Тэргүүн ноён/           (бас)                   

Төмөртөр  /Наранзэлийн нөхөр/ (тенор)                 

Наранзэл  /Хоролдойн охин/     (сопрано)              

Тэнүүн     /Хоролдойн хүү/       (баритон)             

Цурхай     /Шивэгчин/               (меццо-сопрано)   

Хоовондой /Цурхайн нөхөр/      (бас-баритон)       

I, II Ард                                                             

Найдан оточ                                                        

чөтгөрүүд, нутгийн ардууд- Найрал дуучид оролцон тоглоно.

 

Нэгдүгээр үзэгдэл

Нутагт нь ган гачиг болж өөр газар нүүдэллэсэн ард олон нутагтаа буцаж ирж явна. Хоовондой түшмэл эзэн ноёныхоо бие муудсан тухай мэдээг олонд дуулгаснаар тэд аян нүүдлээ түр зогсооно.

Хоролдой ноён туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсан бодохын зэрэгцээ нэгэнт бие муудсан учир ард олныг тэргүүлэх хүнийг тохоон томилохоор шийдэж байна. Хоролдой ноён төрсөн хүү Тэнүүндээ "Олныг захирах алба хэргэмд балчирдаж байна" хэмээн учирлан, түмний ноён байх хүндтэй эрхийг хүргэн хүү Төмөртөрд хүлээлгэн өгч зарлиг буулгана. Энэ үед шивэгчин Цурхай "Түмний заяа уланд орлоо" гэж олны сэтгэлийг үймүүлж явна. Хоролдой ноён насан эцэслэнэ. Ардууд уй гашууд автав.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Наранзэл хатан алс газар явсан эр нөхөр Төмөртөрийгөө хүлээн сууна. Гэтэл Цурхай Наранзэлийн сэтгэлд сэв оруулан нөхрөө хардах сэтгэл төрүүлснээр гай зовлонгийн эхийг тавина. Энэ үед холын аянаас Төмөртөр  ирж  эхнэрийнхээ  сэтгэл  хувирсныг  гайхан  учир  явдлыг мэдэхээр Цурхайтай уулзсан нь Төмөртөрийн сэтгэлийн хямралыг улам дэврээв.

Цурхай эзэн ноёныхоо сэтгэлийн хямралыг далимдуулан түүнд хор өгөх гэсэн боловч бүтсэнгүй.

Архины халуунд аагархсан Тэнүүн Төмөртөрөөс өшөө авахаар ирэв. Тэр Цурхайн үлдээсэн хортой архинаас балгаж байгаа нь хөөрхийлөлтэй. Эхнэр Цурхайнхаа ятгалганд эргэлгүй орсон Хоовондой Төмөртөр ноёны тушаал, эд хөрөнгөнд нь шунаж Төмөртөрийн амийг хорооно.

 

 

Гуравдугаар үзэгдэл

Учрыг тунгаан ярилцалгүйгээс харанхуй хардалтын хар гайгаар хайрт нөхрөөсөө хагацсан Наранзэл Төмөртөрийн булшин дээр гашуудан сууна.

Хортой архинд дутуу хордсон Тэнүүн солиорчээ. Цурхай олныг тэргүүлэн үймүүлж  Наранзэлийг хөнөөхөөр эрж хайн явааг мэдсэн оточ  Найдан Наранзэлд хэл хүргэн түүнийг авч явна.

Цурхай Хоовондой хоёр Наранзэлийг олж авчрахыг шаардана. Ухаан нь орон гаран болсон Тэнүүн Цурхайн хорлолыг олонд ойлгуулахыг хичээнэ. Сандарч тэвдсэн Цурхай Тэнүүнийг ухаан самуурмагц "Амьдрал гэдэг чинь адтай чөтгөрийн тоглоом шүү дээ" хэмээн бахдана.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл

Цурхай "өргөөндөө" хатны суудалд сууна гэсэн эцсийн санаандаа удахгүй хүрнэ гэж бодохоос сэтгэл нь догдолно.

Солиот Тэнүүн хааяа ирж түүнийг айлгана. Энэ үеэр Цурхайн ятгалганд орсон бүтэлгүй хүмүүс Наранзэлийг олж авчрав. Тэнүүн хэдэн жилээр гэр орноосоо хулжиж алга болсон эгч Наранзэлтэйгээ уулзаж эгчийгээ хүүтэй болсныг мэдэв. Цурхайн хор найруулан тавьсан аягыг Наранзэлийн хүү санамсаргүй сольж тавьсныг хэн ч мэдсэнгүй. Цурхай хуурамчаар өршөөл эрэвч Наранзэл итгэхгүй. Цурхай "Нүгэл нүдээ олно" гэгчээр өөрөө хороо ууж үхнэ.

Зуурдын юмыг үүрдийн мэтээр төсөөлөгч хүмүүсийн хөөрхийлөлтэй явдлыг өгүүлсэнд энэ дуурийн нэрийн утга агуулга оршино.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр