Б.Дамдинсүрэн, Б.Смирнов УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ

Үнэлэмж
(4 үнэлгээ)
Б.Дамдинсүрэн, Б.Смирнов УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ

 

 

Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Б.Дамдинсүрэн, Б.Смирнов
  • Цомнол: Д.Нацагдорж
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Манай тайзнаа: 1934-10-21

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл

 

Юндэн        /Жирийн ард/                    (баритон)            
Нансалмаа  /Юндэнгийн сүйт бүсгүй/    (сопрано)            
Хоролмаа   /Юндэнд сэтгэлтэй бүсгүй/ (сопрано)             
Балган       /Хошуу ноён/                     (бас)                   
Худалдаачин                                      (баритон)             
Дууч                                                   (тенор)               
Бүүвэйч                                              (меццо-сопрано) 
Ард өвгөн                                           (баритон)            
Замын тосуул                                                                
Согтуу ноён                                                                  
Балганы дагуулууд                                                       
Хатад                                                                          
Лам                                                                            
Юндэнгийн дагуулууд                                                  
Хуурч                                                                         

Харц ардууд, ноёд түшмэд, эхнэр, хатад, ноёны зарц, дагуулуудад найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

 

Хөдөө тал . Үдэш орой болж эх хүний бүүвэйн дуу уянгална. Сэтгэлт хос Юндэн Нансалмаа хоёр болзон уулзаж, бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлнэ. Юндэн Нансалмаа хоёр эхийн гар дээр бүүвэйлэгдэх бяцхан хүүг өхөөрдөж хэсэг зогсоод явав. Тэнгэрт одод түгж харанхуй болжээ. Хүн бүгд амгалан зүүд нойрондоо автжээ. Харин Юндэн Нансалмаа хоёр одод түгсэн шөнийн нам гүнд зугаацан

"Ижил хоёр шувуу шиг

Ижилдэн суух" тухайгаа ярилцаад Юндэн хот газар очиж хуримынхаа юмыг төхөөрөхөөр болно.

Үүр хаяарч нутгийн ардууд  анд мордох эрчүүд алсад одох Юндэнг гаргаж өгөхөөр цугларав.

Юндэнд дурласан нутгийн бүсгүй Хоролмаа ирж Нансалмааг хараад атаархах сэтгэлд автан ямар нэгэн хорон муу зүйлийг бодон зогсоно.Нансалмаа Юндэнгээ алсын замд үдэн тэвчээртэй хүлээхээ андгайлав.

Авд мордоод бүхэл өдөр буугаа дуугаргаж чадаагүй Балган ноён дагуулуудаа дагуулан их л ууртай явахад нь Хоролмаа хүүхэн дайралдаж, уур омгоо дарах нэгэн сайхан боломж байгааг хэлж сэтгэлээ сэргээхийг хүснэ. Өөрийн замаас Нансалмааг зайлуулахын тулд Балган ноёнд түүнийг зааж өгөв. Балган зарц нартаа тэр сайхан бүсгүйг олж ирэхийг зарлиг болгов. Хүчинд автагдан ирсэн Нансалмаа сүйт нөхөртэйгээ хэлж өршөөл гуйх боловч хүүхний үзэсгэлэн гоод сэтгэл алдарсан Балган Хоролмаагийн зааж өгсөнөөр хөөрхий бүсгүйг эрх ямбаараа сүр далайлган гэрийн зүг авч одно.

 

 

Балганы өргөө. Тэрээр нутагтаа зартай баяны агь ажээ. Хүний эрхэнд орсон хөөрхий Нансалмаа алтан торонд хоригдсон дэгдээхэй мэт эрх чөлөөгүй байгаадаа гутарна. Түүнийг Балган ноёны ордны эхнэр, хатад элдэв чимэг баялгаар хууран тайтгаруулахыг оролдоно. Энэ үед гэрийн гадаа танил дуу сонсогдоход Юндэнг ирлээ хэмээн баярласан Нансалмаа тэр хүнийг оруулахыг гуйна.

Гэтэл Юндэн биш, холын худалдааачин орж ирэв. Нансалмаа түүнээс амраг Юндэнгээ сураглаж хэл хүргэхийг хүснэ. Худалдаачин түүний хүслийг биелүүлэх хоосон ам өгч, хишиг хүртэн гарч одов.

Балган ноён ирж Нансалмааг эхнэрээ болохыг гуйхад бүсгүй хутгыг нь сэм сугалан өөрийгөө хөнөөхийг завдах боловч үл чадна.

 

 

Юндэнгийн нутгийн зах. Хоролмааг усанд явахыг сэм ажиж байгаад Юндэнг хорлох даалгавартай ирсэн Балганы хоёр дагуул гарч ирнэ. Тэд Юндэнг тосон уулзаж байгаад гэнэ алдууулан цохиж унагаад зугтаав. Энэ үед Хоролмаа хувинтай усаа барьсаар гарч ирээд муужран унасан Юндэнг хармагц уулзсандаа баярлана. Тэрээр Юндэнг сэргээн дурлалт бүсгүй нь сэтгэл хувирч ноёны хатан болсон хэмээн хэлж, харин өөрөө ханилан суух нууцхан хүслээ илчлэв. Юндэнг гэртээ аргалан оруулж "Минийх боллоо!" хэмээн баярлан дуу алдана.

 

 

Балган ноёны хашаа. Хуриманд уригдан ирсэн зочдыг гэрт орохыг Балган урина. Ноёд баядын эхнэрүүд Нансалмаад хуримын хувцас өмсгөх зуур хааны удамтай сууж алт мөнгөнд умбах жаргал хүлээж байгаа хэмээн ятган хуриманд орохоор авч одно.

Юндэн хайртай бүсгүйгээ эрсээр Балганыд ирэхэд Нансалмаа алсыг ширтэн ордны тагтан дээр зогсож байна. Хүчинд автан хурим хийх болсон Нансалмаа гунигийн дуу дуулна Үүнийг сонссон Юндэн

 “Үймэх хуримын завсар

Үеийн хэдэн нөхөдтэйгээ" ирж Нансалмааг оргуулахаар сэм тохирон явна. Хэрэг явдал бишдэхийг сэм сонсож мэдсэн Хоролмаа Балган ноёнд ховлож Юндэнг нөхдийн хамт бариулан шоронд хийлгэнэ. Тэгээд шоронгийн хуягийг отон уулзаж архиар шахан согтоогоод түлхүүрийг нь авч Юндэнг суллана.

"Нансалмааг авах чинь өнгөрсөн

Надтай суувал дээргүй юу" гэж Хоролмаа Юндэнг ятган авч явахыг оролдоно. Гэвч Юндэн сэтгэлт бүсгүйгээсээ урвахгүйгээ хэлж хайртай бүсгүйгээ аврахын төлөө эцсээ хүртэл эзэн ноёнтой тэмцэхээ илэрхийлнэ.

 

 

Хөдөө тал. Юндэн нутгийн ардуудыг удирдан харгис Балгантай тэмцэхээр хүлээн зогсоно. Гэтэл нэг өвген яаран ирж хөөрхий бүсгүйг Балганыхан хөөж явааг хэлнэ. Удалгүй Нансалмаа ирж харгис ноёны савраас аврахыг хүснэ. Түүний хойноос Балган ноён дагуулуудын хамт ирж оргодол бүсгүйг гаргаж өгөхийг шаардав. Зарлиг дагахгуй бол толгойгүй болно шүү гэж сүрдүүлнэ. Ноёны дарлалд зовсон ардууд түүнд бууж өгөхгүйгээ хэлж тэмцэлдэн ялан дийлэв.

Хоролмаа жаргах замд нь саад болсон Нансалмааг алахаар дайрахад Юндэн амжиж амраг хүүхнээ аварна. Хайрт Нансалмаагаа харгис ноёны гараас салгаж авсан Юндэн хотол олныг урин залж хурим найраа хийн их баяр өрнөн жаргалаа.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр