Ш.Гуно ФАУСТ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
Ш.Гуно ФАУСТ

 

ФАУСТ

Таван бүлэг, долоон үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ш.Гуно
  • Цомнол: И.В.Гетёгийн эх зохиолоор сэдэвлэн М.Каррэ, Ж.Барбаье нар бичжээ.
  • Удирдаач: Ж.Чулуун АЖ, ТШ
  • Найруулагч: Д.Лхасүрэн УГЗ
  • Ерөнхий зураач: Л.Намхайцэрэн АЗ
  • Анх тайзнаа: 1859-3-19
  • Манай тайзнаа: 1969-3-01

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Дөрөвдүгээр бүлэг
  • Дөрөвдүгээр бүлэг
  • Тавдугаар бүлэг
  • Тавдугаар бүлэг

 

Фауст (Эрдэмтэн өвгөн сүүлдээ залуу болдог)  тенор

Маргарита (залуу сайхан бүсгүй) сопрано

Мефистофель  бас баритон

Валентин (Маргаритын ах) баритон

Зибель (Маргаритад сэтгэлтэй залуу хархүү)    альт

Вагнер  бас

Марта (хотын нэг авгай) альт

Цэрэг, оюутнууд, хотынхонд  найрал дуучид, бүжигчид оролцоно. Үйл явдал Дундад зууны үеийн Германд болно.

 

 

Нэгдүгээр үзэгдэл

Дундад зууны үеийн доктор Фаустын өрөө. Шөнө өвгөн доктор Фауст ертөнцийн цогцлоогч хүчийг хайж ном эрдмийг хичнээн бясалгасан ч орчлонгийн нарийн оньсыг тайлж чадахгүйдээ бухимдан хор ууж амиа хорлох гэхэд түүний дуудлагаар ид шидийг агуулсан Мефистофель ирж эрдэнэ алт, эрх сүр, нэр алдрын алиныг хүссэн болохыг асуухад доктор Фауст хариуд нь залуу болох хүсч байгаагаа хэлнэ.

-Хүний жаргал цэнгэлийг

Хүйтэн хараал идээсэй!

Хүй хорвоог уяад байгаа

Хүлэг гинж тасраасай!

Одтой баяр хөөр

Охидын амраг хайрыг өг!

Оргилуун хүслэнг нь

Онцгой халамжтай нь

Ухаан билэг, ундрах хүч

Бахдам хөгжих хөөр сэтгэл

Баяр жаргалыг нь надад өгнө үү? гэхэдарга   ухаан,   аргацаах  заль, ид   шидийг өөртөө хуримтлуулсан Мефистофель:

-Тэгье болно

Энд би албат чинь болъё

Ээдээ тэнд (хойд насандаа)

Чи минийх болно гэж ам өчгөө өгч гарын үсгээ зур! Энэ гэрээнд эргэлзэхгүй бол хүслийг чинь би гүйцээе гэж цэл   залуу Маргаритагийн  дүрийг илбэдэн харуулаад гайхах юм ердөө ч алга, хүсэл бүхэн чинь биелнэ. Ганцхан энэ хундагыг чи тогтоочих гээд шидэт ундааг өвгөнд өгөхөд Фауст түүнийг уунгуут цэл залуу идэр эр болон хувираад нүдэнд нь харагдсан Маргарита хүүхэнтэй учрахаар яаран гарч явна.

Ингэснээр Мефистофель өөрөө ертөнцийн амьдрал, үнэнч хайр, янаглалын алинд ч итгэдэггүй учраас Фаустыг залуу болгож орчлонг хуурамч, муу талаас нь үзүүлэн, үнэн амьдрал гэж байдаггүй юм гэдгийг ойлгуулаад Фаустын эрдмийг өөрийн муу санаа, бузар явдалд ашиглах зорилгоо биелүүлэх оролдлогоо эхэлнэ.

 

 

Хоёрдугаар

Германы жижиг хотын төв талбай. Дайнд явахаас өмнө энд цугларсан цэргүүд, оюутнууд, хотынхон нийлж найрлан байгаа цаг. Алсын дайнд явах гэж байгаа Валентины шадар нөхөд Вагнер, Зибель нар харагдана. Валентин дүү Маргаритатай хамт гарч ирэн:

-Хараач намайгаа, бурхан минь
Хандах миний үгийг сонсооч!
Хайртай дүүг минь тэтгээрэй!
Халуун ивээлдээ болгоогоорой
Гай ослоос хэлтрүүлж

Гамшиг зовлонгоос авраарай! гэж дуулахад дүү Маргарита болчимгүй залуухан учраас ахын хэлсэн үгийг нэг их юманд ч бодсонгүй, үеийн хүүхнүүдтэй тоглож наадахаар явчихна.

Гэвч Валентин төрсөн ганц дүүгээ орхиод явах гэж байгаадаа эргэлзэн хэн үүнийг минь харж асарч байх вэ? гэж үеийн дотно нөхөддөө зовлонгоо ярихад Зибель:

-Бид харж хандана гэнэ.

Найрлаж байгаа олны дунд Мефистофель орж ирээд:

-Эрхэм олон та нарт би
Олон чамин дуу

Онцолж дуулахыг болгооно уу?

Тэрсүүд алтны эрхшээлээр

Тэнгэрийн жамыг хүмүүс зөрчиж

Уудам их дэлхий даяар

Улс хоорондоо дайтаж

Уулга дээрэм хийж байна.

Аймшигт цуст дайн нөмрөөд ирнэ

Тэгэхэд нь шулмууд баясна гэх зэргээр үнэн юм шиг атлаа хүн төрөлхтнийг үзэн ядаж, доромжлон харааж дуулна.

Дараа нь хүмүүсийн хувь заяаг мэргэлж хэлэхдээ Вагнерын гарын алганы зураасуудыг хармагц: -Анхны тулалдаанд алагдах юм байна гэнэ Залуу хархүү Зибель Мефистофельд хандан: -Та үзмэрч хүн үү гэхэд

-Тэр танд хамаагүй!
Учрах зовлонг чинь би
Урьдаас тодхон харж байна.
Гарт чинь орсон цэцгүүд
Гандаж унана дорхноо!

Сэтгэлээ Маргаритад өгөхийн хэрэггүй, Хэзээ ч чи тэрнийг жаргааж чадахгүй. гэж Мефистофель хариулна. Маргаритагийн ах Валентин дүүгийнхээ нэрийг сонсмогц уурлаж

-Миний дүүг чи яаж мэдэх болоо вэ? гэнэ.
Мефистофель: -Дүүгээсээ болж чи үхнэ

Би түүнийг андахгүй гэхэд нь

Валентин Мефистофелийг айлган хөөх гэж илдээ сугалтал ган илд нь хуга үсэрч газар унав.

Хүмүүс айж сандрах, гайхах зэрэгцэн аажмаар зүг бүрт тарж явахад сайхан хүүхэн Маргаритатай уулзаж учрах хүслээр жигүүрлэсэн бодолдоо хөтлөгдсөн Фауст ирж, эргэх бүжиг, эгшиглэх дуунд татагдсангүй, харин эрж яваа Маргаритаг энд анх хараад:

-           Тоож надтай жаахан
Тойрч бүжихийг хүсэхэд

Маргарита:       -Үлэмжийн гоолигоороо гайхуулах

                        Үйлсгүй төрсөн болохоор

                        Үнэхээр тантай бүжиглэх аз

                        Надад даанч алга ....гээд явж өнгөрөхөд хүмүүс гайхна. Бүгдээр Маргаритаг харцгаана.

Сэтгэл нь улам догдолсон Фауст араас нь дагаж явахад Фаустыг арга мэхэндээ оруулж авсан Мефистофель бүхнээс тасран далд оров.

Дайнд явах цаг боллоо. Хөл хөгжөөн дахин эхэлж, хөгжөөнт дуу талбайг бүрхэж алалцах тулалдаанд явах нөхөддөө аз хийморь, ялалт ерөөж үдэн үлдэнэ.

 

 

Гуравдугаар үзэгдэл

Маргаритагийн суудаг байшингийн хавьд өнгөт цэцэг зүйл бүрийн ургамлаар дүүрэн аж. Залуу хархүү Зибель Маргаритад хязгааргүй хайртай учир түүндээ зориулж цэцэг түүнэ. Гэвч гарт орсон цэцгүүд хатаж ойчоод түүнийг зовооно. Гараа рашаанаар угааж ариутгаад дахин цэцэг түүв. Тэгэхэд цэцэг хатаж унахгүй болсонд нь баярлав. Зибель маргааш Маргаритатай уулзаж сэтгэлээ илчлэхээр шийдээд гадаах сандал дээр цэцгээ орхиж явав. Үүнийг харсан Мифестофель тэр цэцгээс илүү үнэт эрдэнийн чимгүүд олж авчирч Маргаритагийн сэтгэлийг Фаустад татахаар явж одов.

Удалгүй Мефистофель эрдэнээр бялхсан хайрцаг авчрав. Маргарита оройн мөргөлөөс буцаж ирээд талбай дээр тааралдсан Фаустыг бодож санааширна. Дараа нь эрдэнэсийг үзэж гайхна. Маргарита янз бүрийн хийцтэй сувд, алтан зүүлт чимэг, ээмэг, бугуйвчаар гоёж наадна. Гэвч зүрх сэтгэлд нь уулзсан залуу, дайнд явсан ах нь ээлжлэн бодогдоно.Яг энэ үеэр хөрш хүүхэн Марта ирж уймарсан сэтгэлийг нь тайвшруулна. Энэ бүгдийг далдаас ажиглан харсан Мефистофель, Фауст хоёр ирж авчирсан бэлэг таалагдсан тухай ярилцана.Мефистофель Фаустаар Маргаритагийн сэтгэлийг бүрэн эзэмдүүлээд дараа нь хаяулж, ах Валентиныг үхүүлж "Дүүгээсээ болж чи үхнэ" гэсэн үгээ үнэн болгох, мөн Фаустад энэ ертөнцийг хуурмаг, муухай гэж ойлгуулаад өөрийн эрхшээлд бүрэн оруулж эрдмийг нь ашиглан булай явдлын оньсыг бэхжүүлэх санаатай юм.Ийм учраас Фаустыг Маргаритатай заавал уулзуулах гэж арга хэрэглэсэн Мефистофель илүү зантай Мартаг холдуулах гэхдээ "Таны хань нас барлаа" гэж хэлэхэд ховдог сэтгэлт Марта ханиа нэгэнт нас барсан юм яахав гэж бодон хорвоод хоёр дахь удаагаа гэрлэхээс ч татгалзахгүй байгаа нь харагдана.

Фауст, Маргарита хоёр үлдэж хайрын үгээ ярилцахад бүх юм ёсоор болж байгаад баярласан Мефистофель орчныг хордуулж онгон сэтгэлт эд нарыг эзэмдэн булай муухайд хүргэхээ тангараглана. Маргарита ёс журмаа алдаж зөвхөн тачаах сэтгэлдээ хөтлөгдөн Фаустыг гэртээ оруулна.

 

 

Дөрөвдүгээр үзэгдэл.

Алдар нэрээ хорлож, ариун биеэ бузарлуулаад хэвлийдээ хүүхэд олсон Маргарита сүмд ирж нүглээ наманчилна. Гэвч мөргөл нь түүнд тус болохгүй.Ухаан нь балартсан хөөрхий бүсгүй яахаа ч мэдэхгүй сүнсээ тэнгэр бурханд даатган залбирахад "Өршөөл аврал байхгүй. Тамдаа очооч" гэх Мефистофелийн үг сонсогдоход Маргарита бурхан надад хилэгнэж байна хэмээн ойлгосон Маргарита ухаан нь балартан муужран унав. Нүгэлт энэ эмийг харсан бүхэн сэжиглэж, ойртсон бүхэн холдоно.

 

 

Тавдугаар үзэгдэл.

Дайсантай тулалдан ялж гавъяа байгуулаад буцаж ирэгсдийг хотынхон баяр хөөрөөр угтацгаана. Тэдний дунд төрсөн дүүгээ олж харах гэсэн Валентины горьдлого тасрав. Хүмүүс тарж гэр гэрийн зүг яарна. Валентин дүүгээ яасхийж олъё гэж байтал дүү Маргарита нь хүнд бузарлагдан зовж байгааг мэдэж гайхан балмагдаж далд орно.

Фауст, Мефистофель хоёр гарч ирэв. Фауст гэнэн сэтгэлт бүсгүйг хорлосондоо зүрх нь гунигаар дүүрч, сэтгэл нь түгшинэ.  Фауст Маргаритад хайртай, түүнтэй уулзах хүслээр дүүрэн явна. Мефистофель бүхнийг баллан үгүйсгэж далд утгатай ёгт дуугаар сэтгэлт хоёрыг уулзуулахаар дуудахад дүүг нь зовлонд унагасан хар муу санаатнаас өшөө авахаар Валентин гарч ирнэ.

Валентин алдагдсан ёс журам, гутаагдсан нэр төрөө хамгаалахаар Фаусттай тэмцэлдсэн ч Мефистофелийн муу санаа, хорт арганд өртөн хүнд шархдаж нас барахдаа ариун ёсыг сахиж чадалгүй биеэ бузарлуулж хуримаа хийгээгүй атлаа хүүхэдтэй болсон дүүгээ:

-Зальтайхан аргаар чи

 Замбуулинг элээнэ гэв үү?

Алт мөнгийг эрхэмлээд

Алдар нэр, сүрээ ч

Алдаж гүйцсэн байх юм.

Маргарита чамд хараал хүрэг! гэж зүхнэ. Валентин үхэж, Маргарита ухаан балартаж гүйн далд орно.

 

 

Зургаадугаар үзэгдэл.

Шоронгийн харанхуй хонгил. Зовлонд дарагдсан Маргарита ухаан балартах үедээ төрсөн үрээ хөнөөсөн хэрэгт ял заагдаад одоо ч хагас ухаантай гяндангийн чулуун шалан дээр хэвтэнэ.

Хүний муу муухай, зовлон гамшгаар сэтгэлээ тэжээж явдаг Мефистофель Маргаритаг ийм байдалд оруулчихаад одоо болоход үнэн юм ертөнцөд байдаггүй гэдгийг нотлон үзүүлэхийн тулд Фаустыг дагуулж ирнэ. Фауст Маргаритаг аварч туслахыг гуйв. Фауст түүнийг оргуулах гэнэ.Маргарита хэсэг хугацааны дараа ухаан орж Фаусттай анх танилцаж байсан сайхан цагаа дурсан дуулна. Гэтэл Мефистофель ирж үүр цайх гэж байгаа тул бушуу зайлахыг сануулахад түүнд зэвүүцсэн Маргарита дахин ухаан алдаж ойчих бөгөөд хэзээ ч сэршгүйгээр үүрд нойрссон болох нь мэдэгдэнэ. Муу санаанд оосорлогдсон Фаустыг хүчээр хөтлөн авчирна. Хүний үнэргүй Мефистофелийн элдэв хорт арга дуусаж ухаан нь балартан амьдралынхаа эцсийн босгыг алхаж тамын оронг зорино.

 

Долдугаар үзэгдэл.

Тамынхан өөрсдийн баяр болох Вальпургийн шөнийг өнгөрүүлэхээр бүжиглэж байна. Энд дарс ханхалж, ариун охидын ухаан санаа, бие махбодь цөм хорлогдож тачаалын галд умбан живжээ. Тэднийг далдын муу санааны хорлол эзэмдэж, амьдрал тэмүүллийг мартуулжээ. Мефистофель эцсийн аргыг хэрэглэн Фаустын зүрх сэтгэлийг эндэхийн хүүхнүүдээр хуурах гэсэн боловч үнэн хайр, хүнлэг ёс Фаустыг тэтгэж муу санааны хорлолын гинж хүлээсийг тас татан шулмуудын хүслийг авсалж эх дэлхийдээ эргэж ирэхээрМефистофелийг сөнөөж, ариун ёс, үнэн хайр сэтгэл хэзээ ч ивээнэ гэж бат итгэж зогсох нь харагдана.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр