Ж.Верди ОТЕЛЛО

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Ж.Верди ОТЕЛЛО

 

Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Верди
  • Цомнол: В.Шиксперийн эмгэнэлт зохиолоор А.Бойто
  • Удирдаач: Ч.Жамсранжав УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1887-2-05
  • Манай тайзнаа: 1989-4-16

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг
  • Дөрөвдүгээр бүлэг

 

ОТЕЛЛО цэргийн жанжин                     тенор

ЯГО-түүний шадар  туслах                    баритон

КАССИО-цэргийн жанжин                     тенор

РОДРИГО-Венецийн сурвалжит            тенор

ЛОДОВИКО-Венецээс ирсэн элч          бас-баритон

МОНТАНО -Киприйн хуучин захиргаа басс-баритон

ГЕРОЛЬД                                             бас

ДЕЗДЕМОНА-Отеллын гэргий              сопрано

ЭМИЛИЯ- Ягогийн гэргий                      меццо-сапрано

Цэргүүд, Киприйн оршин суугчид, хүүхдүүд

 

 

Далайн эргийн томоохон боомт. Далайн шуурга болж аянга цахилгаан нижигнэн, боомтод иргэд дүүрэн цугларчээ. Туркуудтай байлдаж ялалт байгуулсан Венецийн цэргийн жанжин Отеллын хөлөг онгоц далайн шуургатай тэмцэлдэн эрэгт ойртоно.

Отелло гайхамшигт ялалтын тухай ард олонд зарлан мэдэгдэхэд бүрээ бөмбөр, дуу ёслол төгөлдөр хангинаж, хотын иргэд Отеллын алдар цууг өргөн магтацгаана.

Отелло бараа бологсдын хамт ордонд орж ирэв.Венецийн сурвалжит Родриго Дездемонд бүтэлгүй дурлалаа зориулжээ. Отеллын шадар туслагч Яго, Родриго хоёр Отеллын эсрэг хуйвалдаан зохионо. Отелло цэргийн залуу жанжинд ахмад цол хүртээсэн явдал Ягогийн хуучин атаа хорслыг улам дэвэргэж Отеллын итгэмтгий сэтгэлийг нь ашиглан түүнээс өшөө хонзон авах бодлыг төрүүлнэ. Кипр арлынхан ялалтаа магтан дуулж Яго Отеллын төлөө  хундага   өргөж   Кассиог  архиар  шахна.

Монтано ирж Кассиод харуул манаандаа гаргахыг тушаах боловч, Кассиог согтсоныг мэдэв. Родриго Кассиог дооглоно. Тэр хоёрын хооронд хэрүүл зодоон үүснэ. Монтано тэд нарын маргааныг таслах гэж оролдовч согтож ухаан нь суларсан Кассио түүнийг шархдуулна. Дуу шуугианы чимээгээр гарч ирсэн Отеллод Яго бүх явдлыг урьдчилан тайлбарлаж  Кассиог  муучилна.

Отелло Кассиог албан үүргээ мартсан гэж зэмлээд ахмад цолыг хурааж авна. Хорт төлөвлөгөө биелж эхэлсэнд Ягогийн сэтгэл хангалуун байна.           

Отелло Дездемона хоёр удаан хагацлын дараа уулзан учирсан ариун хайр сэтгэлээ бие биедээ илчлэн үүрд үнэнч байх андгай тангаргаа өргөцгөөнө.

 

 

Ордон доторхи цэцэрлэг. Өнгөрсөн шөнийн хэрэг явдал Кассиогийн сэтгэлийг үнэхээр шаналгажээ. Ягогийн зөвлөснөөр Кассио Дездемонтай уулзаж, ахмад цолыг нь эргүүлж өгөх талаар нөхөртэйгээ ярилцаж өгөхийг гуйхаар шийднэ.Өрөвдөж хайрлах сэтгэлээс хөндий Яго эргэн тойрон хүрээлэн байгаа  хань  нөхдөө,  өөрийн  амьдралаа  үзэн  ядна.

Цэцэрлэгт Дездемона гарч ирэв. Кассио Дездемонад ойртон ярина. Кассио Дездемона хоёрыг харсан Яго хүрч ирсэн Отеллын анхаарлыг тэр хоёрын зүг хандуулж өрөвдөж, хайрласан дүр төрхийг хуурамчаар илэрхийлэн байж жанжны итгэмтгий сэтгэлд хардлагын үрийг аажмаар тарьж эхлэв.

Отеллын сэтгэл хямарна. Хүүхэд бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн Дездемона үнэхээр цэвэр ариун дээд тэнгэр мэт харагдахад Отеллын сэтгэл цэлмэж, хар буруу санаагаа хаяхыг оролдоно.

Дездемона Отеллотой уулзангуут Кассиод ахмад цолыг эргүүлэн өгөхийг хүсэхэд жанжны сэтгэлд хардлагын дөл дахин дүрэлзэв. Дездемона яаж ч гуйгаад Отелло эргэшгүй. Нөхрийнхөө сэтгэлийн түгшүүртэй болсон шалтгааныг ойлгоогүй Дездемона түүнийг тайвшруулахыг хичээж, магнайг нь алчуураараа боож өгөх гэтэл уурсаж бухимдсан Отелло алчуурыг нь авч чулуудав. Алчуурыг Эмилия авч байхыг харсан Яго эхнэрээ дуугүй байхыг тушаагаад алчуурыг авч өвөртөлнө. Хардах сэтгэлийн хүлээсэнд бухимдаж гомдсон Отелло   Ягогоос  нотлох баримт  шаардана.

Яго нэг удаа Кассио зүүдэн дундаа Дездемонатай янагийн холбоотой байснаа ярьсан тухай мөн Кассиод Дездемоны бэлэглэсэн алчуур байхыг харсан тухай зохиомол зүйлийг хорон үгээр шивнэн хэлэв.

Отелло Дездемонаас өшөө авах тангараг тавьж түүнийгээ хэрэгжүүлэхэд нь туслахад бэлэн байгаагаа  Яго илэрхийлнэ.

 

 

Ордны ёслолын танхим. Венецээс ирсэн элч төлөөлөгчдийг хүлээн авахад бүгд бэлэн болжээ. Энэ үеэр Дездемон надад үнэнч биш гэдэг бодолд Отелло  автав.

Отелло танхимд орж ирсэн Дездемоноос хуримын бэлгэнд өгсөн алчуураа үзүүлэхийг хүснэ. Дездемона Кассиог уучлан цэргийн албанд эргүүлж авахыг гуйна. Энэ нь Отеллын уур хилэнг бадрааж байна. Дездемона учрыг нь үл ойлгон уйлан явна. Отелло гэргийнхээ үнэнч биш гэдэгт итгэсэн хэвээр. Тэр амьдралын хүнд хатуу шалгалтыг даван туулах хүч чадалтай ч ариун хайр сэтгэл нь хувирсанд эвлэрч чадахгүй  байна.

Яго Отеллог далд үлдээгээд Кассиотой яриа өднө. Отеллод зөвхөн Дездемона гэдэг нэр дуулдаж Кассиогийн гэмгүй инээд сонсогдоно. Гэвч Кассиогийн гарт байгаа алчуур Отеллын эргэлзсэн сэтгэлийн өчүүхэн бага  найдварыг тасална.

Венецийн зочид ордонд ирсэн тухай мэдээ ирэхэд Дездемоныг өөрийн гараар алахаас өөр шийтгэл байхгүй гэдгийг Яго Отеллод итгүүлнэ.

Венецийн элч Лодовико, Венецийн дож ноён болон Сенатаас Отеллод хүндэтгэл үзүүлэн Венецэд дуудаж Кассиог түр орлуулахаар тушаасан зарлигийн бичиг гардуулав.

Кассиог өөрийн нь оронд томилсон явдал Отеллын уур хилэнг улам бадрааж, гэргийгээ доромжлоод зогссонгүй, ирсэн зочдыг ч тарж явцгаахыг шаардав.

Отелло сэтгэлийн хямралаас болж ухаан алдаж унахад Отеллыг атгандаа оруулж авсан Яго сэтгэл хангалуун баясна.

 

 

Дездемоны сэтгэл нэг л түгшүүртэй, шаналан зовж ёрын совинд итгэж ядна.

Унтлагын өрөө. Дездемона хайрт хүндээ хаягдсан нэгэн бүсгүйн тухай уйтгартай дууг дуулахад Эмилия эзэгтэйгээ тайтгаруулахыг оролдоно. Эмилияг явсны дараа бурханы өмнө сөхрөн сууж, Отеллын хайр сэтгэлийг эргүүлэн өгөхийг хичээнгүйлэн гуйж, мөргөлөө хийгээд  тайвширч  унтав.

Чимээгүй орж ирсэн Отелло зулын гэрэлд үзэсгэлэн төгөлдөр  харагдах энхрий дотно нүүр царайг гөлрөн байхдаа зүрх нь урьдын  хайраар гэрэлтэх мэт.

Дездемона сэрж нөхөртөө үнэнч байгаагаа тангараглахад Отелло түүний   амьдралын   эцсийн   гэрлийг  таслан   унтраана.

Эзэгтэйгээ амь алдсаныг мэдсэн Эмилия хүмүүсийг дуудаж Ягогийн бузар булайг илчилнэ.

Отелло өөрийн аймшигт алдааг ойлгон, өөрөө өөртөө ял тулган амиа хорлоно. Дездемона минь би үүрд чамтайгаа хамт гэсэн үг түүний  сүүлчийн  үг байв.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр