О.Николай ВИНДЗОРЫН ОВЖИН АВХАЙ НАР

Үнэлэмж
(0 үнэлгээ)
О.Николай ВИНДЗОРЫН ОВЖИН АВХАЙ НАР

 

Гурван бүлэгт хошин,уран сэтгэмжит  дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Отто Николаи
  • Цомнол: В.Шекспирийн зохиолоос сэдэвлэн Х.С.Мозентал
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ
  • Ерөнхий зураач: С.Ариунболд
  • Манай тайзнаа: 2002-10-05

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Гуравдугаар бүлэг

 

Сэр Жон Фальстаф бас           

Ноён Форд баритон

Ноён Пейж бас

Фентон тенор

Слендер тенор

Доктор Каюс баритон

Хадагтай Форд сопрано

Анна сопрано

Салбадай тенор

Фордын зарц, Виндзор хотын борчуул, эмэгтэйчүүд, хүүхдүүд, онгод, савдаг, хэдгэнэ, шумуул зэрэг дүрүүдэд найрал дуучид, хүүхдүүд оролцоно.

 

 

Увайгүй зангаасаа болж гэсгээгдээд, дахин аз таарахыг сэм горьдож буй Сэр Жон Фальстаф гэгчээс ижил утгатай хайрын захиа нэгэн зэрэг авсан хатагтай Форд, Пейж хоёр нэн эгдүүцэх ажээ. Тэд сайхь эрийг аятай боломж гарган хэрхэн чадах элдэв ов сэдэн ярьж байтал гудамжинд маргаан дэгдэж, Анна Пейжийг шүтэн бишрэгч гурван эр бүсгүйн хайрыг татахыг горилон муудалцаж эхэлнэ.

Үүнд Аннагийн эцэгт таалагддаг баян хэдүй ч цэцэн цэлмэг ухаанаар дутмаг эксвайр /хохь тайж/ Слендер, хатагтай Пейж талархалтай ханддаг эм барьж, дом хийдэг франц эр Каюс, мөн Аннагийн зүрхийг хэдийн эзэмдсэн ч ядуугийн хар гайгаар ирээдүйн хадмууддаа шоовдорлогдсон ухаалаг залуу Фентон гурав ажээ.

Энэ үеэр хатагтай Форд, Сэр Жоны болзоонд очихоор завдах бөгөөд гэхдээ Сэр Жоныг дөнгөхийн тулд хэтэрхий хартай нөхөртөө мэдэгдэж бичсэн нэргүй захидлаа түүнд хүрсэн гэдэгт итгэлтэй байна.

Фальстаф болзсон цагтаа ирж санасандаа хүрлээ гэж горьдож байтал хатагтай Пейж гэнэт ирж, “ноён Форд эхнэр нь нууц амрагтайгаа уулзаж буйг мэдчихээд хөршүүдээ дагуулан  ирж яваа” хэмээн  айдас төрөм жүжиглэнэ. Айсандаа салганасан Фальстаф, өөрийгөө торхонд нуухыг зөвшөөрнө.

Уурандаа багтарсан Форд, хөршүүдтэйгээ хамжин гэр орноо сандаан нэгжиж, бүдүүн баатрын нуусан торхны учрыг эс мэдэн юутай хуутай нь Темз гол руу чулуудчихав.

Ноён Форд эрлээ мухардсаныг ойлгоод уучлалт гуйлгахын тул эхнэрийг нь хэн ийнхүү гүнзгий гомдоосныг асуухаас өөр аргагүйд тулав. Овжин авхай нар Фальстафыг энэ удаа сайн чадлаа гэж бах нь ханаад бас дахин даапаалахаар “урилга” илгээнэ.

 

 

Фальтаф  хөлслөн суудаг өрөөндөө өмнөх өдөр тохиолдсон тааламжгүй явдлаа санан, чичирч салганах боловч хатагтай Фордоос шинэ захиа авсан бас жаахан архи ууж зүрхээ чангалсан учир айдас нь дарагдаж тайвшрав.

Ноён Форд хар нь хөдөлсөн хэвээр бөгөөд нэр нь захианд дурьдагдсан эхнэрийнхээ нууц амраг гэгчийг олж харахсан гэсэн хүсэлдээ шатан авай. Ноён Форд өөрийгөө Фальстафт “мастер Бах” гэж танилцуулаад, оргилуун дарсаар дайлж, “ам алдуулах” ажилдаа шуурхайлна. Сэжиг аваагүй Сэр Жон, хатагтай Фордтой “хайрын холбоотой” хэмээн онгирч, өмнөх өдөр болсон явдлыг ярьж, одоо ч хатагтай Фордоос урилга авсан гэж сайрхана.

Пейжийн цэцэрлэгт Слендер, доктор Хаюс хоёр уван цуван ирж, Аннатай уулзахыг санаархавч Фентоныг үзэгдмэгц хоёул  санд мэнд нуугдана. Анна тэр зуур Фентонтойгоо  учирч ганцхан түүнд л зүрхээ тушааж буйгаа илтгэн горилогч хоёрын сэтгэлийг гонсойлгон, уур шарыг нь хөдөлгөнө. Ноён Форд гэр орноосоо эхнэрийнхээ нууц амрагийг олохоор мэрийн нэгжсэн нь талаар болов.

Ноён Форд гэнэдүүлэн орж ирэхэд овжин авхай нар арга зохион Фальстафыг хөгшин эмгэн болгож хувцасласныг ноёнтон эс анзааран ад үзэж “гэрэл бүү халхал” хэмээн гэрээсээ бүдүүлгээр түлхэн гаргана.

 

 

 Хатагтай Форд, Пейж хоёр нөхрийнхөө хамт тоглоомонд оролцох цаг нь  боллоо хэмээн итгэнэ. Үл ялих юмнаас болж хардаж сэрдсэндээ ноён Форд гэмшин эхнэрээсээ уучлал өчнө. Тэд ойрхон буй ойд багт наадам хийж, тэр үеэрээ Сэр Жоныг олны өмнө доог тохуу болгох саналд нэгдэнэ.

Пейжийн гэр бүлийнхэн хүн бүрийг болсон явдлын өмнө сөгдүүлэх ганц боломж бол өөрсдийн сонгосон шүтэн бишрэгчтэй Аннаг уулан дахь сүмд богтлох явдал гэж шийднэ. Хатагтай Пейж Аннаг улаан хувцастай эльф болгоод доктор Каюсыг дагуулан үй олны дотор оруулах арга сэдэв. Ноён Пейж бол Аннаг ногоон эльф болгож хувцаслаад Слендертэй цуг оргуулахыг бодов.  Харин Анна эцэг эхээсээ тэс эрс бодолтой байсан бөгөөд улаан хувцсыг Слендерт, ногооныг доктор Хаюст илгээн будлиулдаг. Сэр Жон Фальстаф яг болзоондоо шөнө дунд ууланд ирэхдээ нүгэлт хар анчин Херний дүрээр хувцасласан байдаг.

Түүний бүтэлгүй оролдлогыг яаж ийгээд няцаахаар хатагтай Форд, пейж нар ч ирнэ.

Гэтэл гоблин зэрэг сүнс, савдаг тайзнаа үзэгдэхээр тэр хоёр бүдүүн баатраа орхин зугтана. Титани болон хувцасласан Анна Оберон мэт хувцасласан Фентонтай учирч, даруй уулын сүм рүү зүглэнэ. Фальстаф ч шившигтэйеэ илчлэгдэн доог шуугиантай хөөгдөн нэг хэсэгтээ амьтны элэг доог болсноо мэднэ.

Слендер доктор Хаюс хоёрч өөрсдийн алдаа эндүүрэлд Аннаг буруутган сэтгэл дундуур байна.

Ноён Пейж тэвдэн, охиноо сураглах үес, саяхан сүй тавьсан амраг хос Анна, Фентон хоёр хүрэлцэн ирж, эцсийн үнэн дийлэн эх, эцгийн адислал хүртэнэ.

Будлианы эзэн Фальстаф ч өрөвч сэтгэлт авхай нарын заллагаар хуримын баяр ёслолд уригдан нийтээрээ хөгжин баясна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр