Ж.Бизе КАРМЕН

Үнэлэмж
(1 Үнэлгээ)
Ж.Бизе КАРМЕН

 

 

 

Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

(Франц хэл дээр шинэчлэн бүтээв. 2013-12-14-ний өдөр)

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Бизе
  • Цомнол: Проспер Меримегийн зохиолоор А.Мельяк, Л.Галеви
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Балетмейстер: Х.Гэрэлчимэг /МУГЖ/
  • Найруулагч: Ж.Бүрэнбэх /УГЗ/
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар /СТА, ЕНШ/
  • Хувцас дизайнер: Г.Оюун
  • Анх тайзнаа: 1875-3-03
  • Манай тайзнаа: 1984-4-05

 

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл

 

 

КАРМЕН /Тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн/ (меццо-сопрано)  
ХОЗЕ     /түрүүч/ (тенор)

ЭСКАМИЛЬО /бухтай тулалдагч/  (баритон)                                           

 МИКАЭЛА  /Хозегийн сүйт бүсгүй/ (сопрано)                                          
 ЦУНИГА    /ахмад/ (бас)                                                                        
МОРАЛЕС /түрүүч/ (баритон)                                                                 
ДАНКАЙРА /хилийн хулгайч/ (баритон)                                                
ФРАСКИТА /Кармены найз/                                                                   
МЕРСЕДЕС /Кармены найз/                                                                   
РЕМЕНДАДО /хилийн хулгайч/ (тенор)                                                     
ЛИЛАС ПАСТЬЯ                                                                                   

Офицерууд, цэргүүд, цыганууд, залуучууд, тамхины үйлдвэрийн ажилчид, бухтай тулалдагчдад УДБЭТ-ын  найрал дуучид, балетын жүжигчид, СУИС-ийн оюутнууд, ХБК-ийн сурагчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө. 

 

 

 

Севиль хотын талбай. Түүний ойролцоо тамхины үйлдвэр байх бөгөөд хажууханд нь харуулын байр байна. Энэ талбай дээр Севиль хотын дордос, дээдэс, цэргийн дарга нар, гуйлгачин хүүхдүүд, тамхичин хүүхнүүд  янаг хайртнуудыг харж болох ажээ.

Харуулын байрны өмнө Хозегийн сүйт бүсгүй Микаэла ирнэ. Харуулчид, түүний захирал Цунига нар Микаэлаг шохоорхон шалиглаж зугаацан цэнгэхийг хүсэх боловч Микаэла татгалзаж, гагцхүү хайртай хүнтэйгээ уулзахаар ирснээ хэлээд явж одно. Харуулд гарахаар ирсэн Хозе сүйт бүсгүй Микаэла нь ирснийг мэдээд   баясан   хөөрч байна.

Тамхины үйлдвэрийн цайны цаг болжээ. Ажилчин хүүхнүүдийн дунд үзэсгэлэнт сайхан Кармен гарч ирнэ. Тэрээр ааль зан нь шазруун, үзэсгэлэн гоодоо эрдүү, зоримог, эрх зоргоороо учраас эрчүүлийн сэтгэлийг ихэд дэврээн дүрэлзүүлдэг ажээ. Түүнийгээ Кармен «Хабанера» гэдэг дуугаараа илэрхийлнэ. Энэ бол эрх чөлөөт  хайр   сэтгэл, тэмүүлэл   эрмэлзлэлийн   дуу   юм.

Кармен хүүхэн ноомой түрүүч Хозег олны өмнө тохуурхан дооглож нэгэн цэцэг шидэж өгсөн нь Хозед ид шид, илбийн юм шиг санагджээ. Энэ цэцгээс жүжгийн хамаг өрнөл зөрчил үүснэ.

Энэ цэцгийг авчихаад байх үед Хозегийн сүйт бүсгүй Микаэла буцан ирж түүний ээж, төрөлх сайхан нутгийн тухай хүүрнэхэд Хозегийн сэтгэл догдолж Микаэлатай хуримлах, эхдээ эргэж очих тухай бодолд автана.

Микаэла гэртээ буцаж Хозе харуулын албаа гүйцэтгэхээр үлдлээ. Гэтэл дахиад л түүний тайван албыг Кармен эвдлээ. Тамхины үйлдвэрийн хүүхнүүдийн дунд танхай явдал гарчээ. Түүнийг өнөөх Кармен үүсгэжээ. Ахмад Цунига уг явдлын учрыг олуулахаар түрүүч Хозег явуулна. Гэтэл цыган хүүхний шидэт цэцэг, илбэт үгэнд автсан Хозе Карменыг суллаж явуулав. Үүний өр төлөөсөнд өөрөө шоронд суух боллоо...

 

 

Лильяса Пастьигийн дэн буудлын газарт Кармен, Мерседес, Фраскита хэмээх найз хүүхнүүд, мөн офицер Цунига,  Моралес   нарын  хамт   байна.   Энэ   газар   бол хилийн хулгайч нарын үүр наймаачдын бүгээний газар ажээ. Энэ үед нэр цууд гарсан бухтай тулалдагч Эскамильо буудалд орж ирнэ. Тэр Кармены үзэсгэлэн сайханд бүрэн  автжээ.  Буудал  эзгүйрч хүнгүй боллоо.

Хилийн хулгайч Данкайро Ремендадо нар олз хайх ээлжит ажилдаа явахаар төхөөрнө. Тэдэнтэй Фраскита, Мерседес нар хуйвалдаан зохионо. Энэ хэрэгтээ Карменыг оролцуулахыг шаардана. Гэвч Кармен татгалзав. Тэрээр хайр сэтгэлт хүнээ хүлээж байгаа ажээ. Энэ нь түрүүч Хозе юм. Төдөлгүй Хозе ч ирэв. Гэвч  баярт  энэ   мөч удаан  үргэлжилсэнгүй.

Алсад бүрээн дуу сонсогдоно. Хозе цэргийн хуаран руугаа буцах ёстой байлаа. Кармен түүнийг үлдээч гэж гуйв. Хүүхэн Хозег шахан шаардаж тунирхан гуйж, сүрдүүлж хүртэл үзнэ. Хозе хуарандаа буцах уу, хайртай хүнтэйгээ үлдэх үү хэмээн эргэлзэнэ. Гэвч үүрэг хариуцлага нь дийлж хуарандаа буцахаар шийдэж явах гэтэл ахмад Цунига гэнэт орж ирэв. Энэ хүн Карменд буцаж ирнэ гэж түрүүнд хэлээд явсан юм. “Дайран дээр давс” гэгчээр Хозегийн сэтгэлд хардлагын гал дүрсхийв.  Даргатайгаа  сэлэм  зөрүүлэхэд ч  хүрэв.

Санаандгүй явдалд сандарсан Кармен хүмүүс дуудахад хилийн хулгайч нар ирж тулалдагч хоёрыг салгана. Даргатай нэгэнт өштэй болсон Хозед Карменыг дагаж хилийн хулгайч нартай нийлэхээс өөр зам үлдсэнгүй. Хозе Карменд хайртайн билэг тэмдэг, эрх чөлөөт замд гарсны билэг тэмдэг болгож түүнд бэлзэг өгнө... Цоо шинэ амьдрал, түгшүүрт зам ийнхүү эхэлнэ.

 

 

Шөнө. Уулан дахь бөглүү газар. Хилийн хулгайч нар энд түр үдлэхээр буужээ. Фраскита, Мерседес хоёр хувь заяагаа мэргэлнэ. Кармен ч бас төдөлгүй тэдэнтэй нийлж хөзөр татна. Татсан хөзөр бүхэн нь удахгүй үхэл ирнэ гэсэн совин дуудна. Үхлийн тухай энэ зөн совин Карменыг зовооно...

Хүнээр газарчлуулж явсаар знэ бөглүү аймшигт ууланд хүрч ирсэн Микаэла энд Хозетэй уулзаж хүүгээ үхлүүт хүлээж байгаа эхтэй нь уулзуулах  найдлага тавив.

Хулгайчдынхаа үүр рүү гэтэж яваа хүнийг Хозе хэрхэн буудаж байгааг хүүхэн хараад айж, түргэн нуугдана.  Тэгтэл харин Хозе  ийшээ  ирж явсан Эскамильо руу буудаж арай л алж орхисонгүй. Эрчүүд танилцав. Цууд гарсан тореадортай уулзах нь Хозед бахтай байлаа. Эскамильо нэгэн сайхан хүүхнийг ярьсан нь Кармены тухай байв. Түүнийг хайртай янаг Карменых нь хойноос ирснийг мэдмэгц Хозе өрсөлдөгчөө алахад ч бэлэн болов. Цагаа олж ирсэн Кармен болон хилийн наймаачид тэр хоёрын тулалдааныг хориглон зогсооно.

Эскамильо удахгүй Севильд болох бухын тулалдаан үзэхийг бүгдэд хүснэ. Тэр Карменд хандан «Аюулд учрах цагтаа нэрийг чинь амандаа шивнэж явъя би» гэж хэлээд явж одов. Наймаачид нуугдсан Микаэлаг олжээ. Хүүхэн Хозег гэртээ харихыг ятган гуйна. Кармен ч тэр хоёрыг дооглон тохуурхаж явахыг шаардана. Карменыг өөрөөсөө хөндийрөхийг хүсч байна гэхээс Хозе уур нь шатаж, тэгэх тусмаа явахгүйг бодно. Гэвч үхлүүт хэвтэж байгаа эхдээ очих сэтгэл дийлж Микаэлагийн хамт явахдаа «Дахиад чи бид уулзах вий» гэж Карменд   хэлээд   салцгаав.

 

 

Нарлаг сайхан өдөр Севиль хотын талбайд хүмүүс пиг дүүрэн, бухын тулалдааныг тэсч ядан хүлээнэ. Тэдний дунд Кармен ч байна. Тэр хүүхэн Эскамильод хайр сэтгэлээ эргэлтгүй өгсөн болохоор бухын тулалдаандаа ялаад ирэхийг хүлээж байгаа. Энэ мөчид Фраскита Мерседес хоёр Карменыг Хозе мөшгөн харуулдаж явааг хэлж түргэн явахыг ятгав.

Харин Кармен өөртөө аюул тулгарч байгааг мэдэж байгаа хирнээ «Бид хоёрын бүх юм дууссан, би өөр хүнд хайртай болсон» гэдгээ хэлэх гэж Хозег эрэлхэг зоригтой хүлээж зогсоно. Хозе Кармен хоёр уулзлаа. Цаад талд нь Эскамильо бухтай тулалдан ялж байгаа чимээ сонсогдон узэгчид түүнд баяр талархлаа илэрхийлж байна. Харин цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд Хозе Кармен хоёрын хоoронд бас нэг тулалдаан болж байна. Хозе урьд өмнийн бүх нүглийг нь өршөөж хайр сэтгэлээ сэргээхийг Карменаас гуйна. Гзвч Кармен хэзээ ч эргэхгүй болсноо, Эскамильод хайртай болсноо   хэлнэ.

«Эрх чөлөөтэй төрсөн би эрх чөлөөтэйгээ үхнэ би» хэмээн Кармен Хозед хэлж бэлэглэсэн бөгжийг нь түүн рүү чулуудав. Гуйж сөгдөөд ч, занаж сүрдүүлээд ч нэмэргүй болсноо ойлгосон Хозе уур хилэндээ шатаж Карменыг хутгална.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр