В.А.Моцарт УВИДАСТ ЛИМБЭ

Үнэлэмж
(0 үнэлгээ)
В.А.Моцарт УВИДАСТ ЛИМБЭ

 

Хоёр бүлэг, арван нэгэн үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: А.Моцарт
  • Цомнол: Э.Шикандер
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ, ЕНШ
  • Найруулагч: Г.Эрдэнэбаатар СТА, ЕНШ
  • Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА, ЕНШ
  • Хувцас дизайнер: Г.Оюун
  • Анх тайзнаа: 1791-9-30
  • Манай тайзнаа: 1993-1-16

 

 

  • Гол дүрүүд
  • Дуурийн агуулга

 

Харанхуйн   хатан                          ( сопрано)

Тамино   /ханхүү/                           (тенор)

Памина   /харанхүйн  хатны охин/  ( сопрано)

Зарастро                                       (бас)

Шадар   мэргэн                             (баритон)

Папагено   /шувууны   гөрөөчин/   (баритон)

Папагена  /түүний сүйт бүсгүй/      ( сопрано)

Моностатос                                    (тенор)

Гурван хатагтай

 Хоёр  сахиул

Гурван хүүхэд

 

 

Өгүүлэх нь:

Ан хийж яваад төөрсөн хан хүү Таминог аварга гүрвэл мөшгөн хөөнө. Айсан Тамино муужран унана. Гэнэт гарч ирсэн гурван бүсгүй гүрвэлийг сөнөөв. Тэд үзэсгэлэнт залууд сэтгэл татагдан хэсэг саатаад, энэ тухай хатан хаанд мэдэгдэхээр явцгаалаа. Таминог ухаан сэргэх үед шувууны гөрөөчин Папагено ирэв. Папагено айсандаа худал ярих боловч болсон явдлыг сайн мэдэх гурван бүсгүй  шийтгэл болгон түүний хошууг цоожлов. Дараа нь тэд Таминод хатан хааны хулгайлагдсан охины зургийг   үзүүлэхэд хайрын халуун гал ханхүүгийн зүрхийг эзэмдэнэ.

Өгүүлэх нь:

Аянга цахилгаан нижигнэж, хад асга хагарахад Харанхуйн хатан Таминогийн өмнө морилон ирнэ. Тэрээр ганц охиныхоо хувь заяаг залуу ханхүүд   даатган,    авран   хамгаалахыг  хүснэ.

Өгүүлэх нь:

Гурван бүсгүй Таминод нэгэн гоёмсог лимбийг бэлэглэн, түүнтэй хамт явахыг Папагенод даалгана. Хүүхнүүдийн ярьснаар, тэр хоёрын замд гурван  цэцэн    хүүхэд дайралдах бөгөөд тэд хүрэх газрыг  замчлах  ажээ.

Өгүүлэх нь:

Зарастрогийн ордон, Башир санаат Моностатос Паминад хайр дурлалаа хүчээр илэрхийлэхийг оролдоно. Санаандгүй орж ирсэн Папагеногоос айсан Моностатос зугтана. Папагено ирсэн учраа Паминад ярьж, хамтдаа    оргохоор  шийдэв.

Өгүүлэх нь:

Гурван цэцэн хүү Таминог Зарастрогийн ордны үүдэнд дагуулж ирэв. Ордны хаалган дээр Шадар мэргэн гарч ирэн Паминаг эрж олох аргыг зөвлөнө. Папагеногийн дэвүүрийн дуу сонсогдоход Тамино түүнийг эрж олохоор явав. Энэ үед зугтаж явсан Папагено Памино хоёр Моностатостой тулгарч, шидэт хонхнуудын ачаар эсэн мэнд гарах боловч Зарастротой учирч үнэнээ өчин өршөөл гуйв. Зарастро уучлахыг амлаж, ариун сүмийн ёс журмын дагуу Папагено, Тамино хоёрыг туршиж үзэхээр шийднэ.

Өгүүлэх нь:

Цэцэрлэг. Нойрсож буй Паминаг харсан Моностатос хайр сэтгэлээ илчлэхээр аргаа баран байтал Харанхуйн хатан ирж Зарастрог хөнөөн түүний зүрхэнд хадгалагдаж буй ариун сэтгэлийн дэнлүүг авчирч өгөөгүй цагт эх үрийн холбоогоо тасална хэмээн охиноо сүрдүүлнэ. Үүнийг сонссон Моностатос Паминаг өөртөө дурлахыг шаардаж хариуд нь Зарастрог устгахыг амлана. Зарастро гарч ирэн Моностатосыг хөөж, Паминаг тайтгаруулна.

Өгүүлэх   нь:

Тамино, Папагено хоёрын дараачийн сорилт эхлэв. Идэх, уух, гэрлэх гурваас өөр юуг ч хүсдэггүй Папагено энэ  удаа сорилтыг эс давав.

Өгүүлэх   нь:

Сорилтыг амжилттай давж байгаа Таминод Зарастрогийн нөхөд баяр хүргэж, эцсийн сорилтонд орохын өмнө Паминатай салах ёс гүйцэтгэхийг зөвлөнө. Энэ үеэр гэргийтэй болохыг мөрөөдөн суугаа Папагенотой Зарастрогийн явуулсан эмгэн уулзав. Эмгэн өөрийгөө гэргий болох бүсгүй чинь хэмээн хэлэхэд аргаа барсан Папагено үнэнч нөхөр нь болохоо андгайлна. Гэнэт эмгэн залуу бүсгүй Папагена болон хувирна.

Өгүүлэх   нь:

Эхдээ хараалган, хайртай залуүдаа хаягдсан Памина өөрийгөө хороохоор шийдэн байтал гурван цэцэн дайралдаж Тамино эргэж ирнэ гэдэгт итгүүлэв.

Өгүүлэх   нь:

Хуяг дуулга бүхий хоёр сахиул гал усны аюулыг гэтлэхээр ирсэн Таминог зоригжуулна. Яг энэ мөчид Памина түүнийг эрсээр ирэв. Тэр хоёр хамтдаа увидаст лимбийн тусламжтайгаар эцсийн сорилтыг давахаар шийднэ.

Өгүүлэх нь:

Хүнд хэцүү сорилтуудыг амжилттай давсан Тамино, Памина нарт ариун сүмийнхэн баяр хүргэж, үнэнч хайр сэтгэлийг магтана.

Өгүүлэх нь:

Бүтэлгүй хувь заяандаа гутарсан Папагено амиа хөнөөхөөр шийднэ. Гурван цэцэн түүнд шидэт хонхнуудаараа тоглохыг зөвлөнө. Хонхны гайхамшигт дуу залуу хосыг учруулав.

Өгүүлэх нь:

Моностатос Харанхуйн хатныхныг дагуулан Ариун сүмийг хөнөөхөөр ирэх боловч ариун санааны эсрэг   хүчин мөхөсдөж сүйрнэ.

Өгүүлэх нь:

Гэрэл гэгээ, нинжин сэтгэлийн их удирдагч Зарастро наран суудалдаа заларч, ҮНЭН хэмээх ариун үйлс хэзээд ялах тавилантай болохыг зарлан тунхаглахад  хүндэтгэлийн дуулал  эгшиглэн, дуурь төгсөнө.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр