Ж.Пуччини ЧИО ЧИО САН

Үнэлэмж
(2 үнэлгээ)
Ж.Пуччини ЧИО ЧИО САН

 

Хоёр бүлэг, гурван үзэгдэлт дуурь

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: Ж.Пуччини
  • Цомнол: Л.Иллика, Ж. Жазока
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Х.Уртнасан АЖ, ТШ
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Анх тайзнаа: 1904-2-17
  • Манай тайзнаа: 1967-4-17

 

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр бүлэг
  • Хоёрдугаар бүлэг
  • Хоёрдугаар бүлэг

 

Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/                    (сопрано)             

Сузуки         /зарц эмэгтэй/                            (меццо-сопрано)   

Пинкертон   /Америкийн цэргийн дэслэгч/       (тенор)            

Кет          /Пинкертоны эхнэр/                        (сопрано)           

Шарплес     /Нагасакид суудаг АНУ-ын элчин/ (баритон)         

Горо           /зууч/                                          (тенор)                      

Бонза         /Чио-Чио-Саны ах лам/                (бас)              

Ямадори тайж                                               (тенор, баритон) 

Комиссар                                                      (баритон)              

Чио Чио Саны эх                                                                   

Зарц , Дамнуурчин                                                                   

  Найрал дуучид оролцон , симфони найрал хөгжим хөгжимдөнө.

 

 

Нэг дүгээр үзэгдэл

Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч  Пинкертон, Япон бүсгүй  Чио Чио Сантай  гэрэлснийхээ дараа сууж амьдрахаар  хөлслөн авах байшингаа үзэх гэж иржээ.

Зууч Горо байшингаа өндөрт  хөөргөн магтаж далимд нь дэслэгчид , Чио Чио Саны зарц  бүсгүй  Сузукийг танилцуулна.

Энэ хотод суугаа Америкийн консул Шарплесыг ирэхэд Пинкертон байраа үзүүлэх ялдамд япон бүсгүйтэй гэрлэх болсон тухайгаа хэлнэ.

Хашир  Шарплес нөхрийгөө хэтэрхий  хөнгөдөж, өөрийнхөө толгойд гай хураах юм биш биз гэж сануулахад Пинкертон, Япон  бүсгүйн хашийн царай, эрвээхэй  хоёр нүдэнд  сэтгэл алдан хөтлөгдөж, эхнэрээ болгохоор эргэлтгүй шийдсэнээ ярина.

 Энэ үед Чио Чио Сан найз хүүхнүүдээрээ хүрээлүүлэн гарч ирэв. Консул бүсгүйг хүндэтгэн яриа өдөхөд Чио Чио Сан өөрийнхөө гунигт бага  насны тухай  сэтгэлээ нээн ярьж , бас Пинкертонтой гэр  бүл болсноо баяр хөөр  болгон өгүүлж байтал бүсгүйн хамаатан  болох лам Бонза ирнэ.

Өвөг дээдсийн шашин шүтлэгийг үхтэл  баримтлагч Бонза, Чио Чио Саныг шашин бурхнаас  урван тэрсэлсэн, шившигт эм хэмээн хараан загнаж баярт уригдаж ирсэн олныг хөөн тараав.

Балмагдсан  бүсгүй уйлан хайлж, Пинкертон аргадан тайвшруулна. Тиймээ бүгд хаяад явсан ч зүрхний  хайртай амраг  нь хажууд  нь байхаас илүү жаргал хаа  байх билээ.

Дулаан орны  одот тэнгэр дээр мэлтийж, дурлалт бүсгүйн шивнэх дуу  дэслэгчийн  сэтгэлийг  хөдөлгөн, үүрдийн  ханиа гэж дуудан үнэнч байхаа андгайлан бүсгүйг дагуулан байшиндаа  орно.

 

 

Хоёрдугаар үзэгдэл

Пинкертоны Японд байх хугацаа дуусч нутагтаа буцсанаас хойш гурван жил өнгөрчээ. Чио Чио Сан хайртай нөхрөө эргэн ирнэ гэж тэвчээртэй  хүлээн элдэв доромжлолыг тэсвэрлэж байлаа.

Сузуки ч хүртэл Пинкертоныг эргэж  ирнэ гэдэгт эргэлзэж,  “Хэрэв эзэн ирэхгүй бол  мөнгө маань дуусч, бид  өлбөрч  үхэх  болно” гэж  үглэнэ.

            Чио Чио Сан  янаг  хүү  нь явахдаа  эргэж заавал ирэхээ амласныг дурсан  санаж, яаж ирэхийг  нь хүртэл  Сузукидаа дүрслэн ярина.

Анхилуун  цэцэг  шиг янаг минь

Ариуны бяцхан  бүсгүй  минь гээд 

Энэрэн хайрлаж дууддагсан

Ядрах цаг  эцэс болж

Яасан  ч тэр  минь ирнэ

Байшингийн  ойролцоох  цэцэрлэгт Горо,  Шарплес гарч ирнэ.  Консул Пинкертоноос эргэж ирэхгүйгээ бичсэн  захиа  хүлээн авчээ. Консул  бүсгүйд энэ тухай  яаж хэлэхээ мэдэхгүй  тэвдэж байтал  баян Ямадори хүрч ирнэ. Ямадори Чио Чио Саныг эхнэрээ болгохоор  эртний хүсч байсан боловч, бүсгүйн  эцсийн шийдвэр  “Би тантай яасан  ч суухгүй ” гэсэн үг байлаа.

Шарплес Чио Чио Саныг  тайжтай  суухыг зөвлөхөд бүсгүйд гомдох гэнэхэн сэтгэл төрсөн боловч  Консулын байдал нэг л сэжигтэй санагджээ. Хайрт нь түүнийг орхилоо гэж үү ?

Түүний  хүү нь  байхад уу?  Пинкертон  хүүтэй болсноо мэдээгүй , мэдвэл дороо баярлан хөөрч хурдан  эргэж ирэх ёстой.

Зовж  шаналсан  Шарплес хүүгийн тухай  Пинкертонд бичихээ  амлаад  яаран гарч явна. Энэ үед их буу  буудах  чимээ  гарч  боомтод хөлөг  онгоц  орж  ирснийг  мэдэгдэнэ.

Хөөрхий Чио Чио Сан  догдлон  хөөрч,  Сузукийг  хамгийн  сайхан  цэцэг  түүлгэхээр явуулж, хувцсаа сольж, үсээ янзалж  хүүгээ дэргэдээ суулгаад, Хүлээлээ

Цонхны  цаана   харанхуй  болж , хүү нь,  Сузуки  ч унтлаа. Чио Чио Сан л байрнаасаа үл хөдлөн зогссон хэвээр…

 

 

Гуравдугаар үзэгдэл

Үүр цайж  нар мандлаа. Чио Чио Сан  шөнө  өнгөрч шинэ өдөр  эхэлснийг  ч мэдсэнгүй.  Пинкертоноо хүлээсээр...

Гагцхүү  хүүгийн нь тухай бодол түүнийг сэргээж  хүүгээ чанга тэвэрсээр унтлагын өрөөндөө орлоо.

Шарплес Пинкертон хоёрыг ирэхэд Сузуки баярлан  угтаж , эзэгтэй нь нөхрөө хэрхэн хүлээж, гэр орноо хүртэл амьд цэцгээр чимснийг сэтгэл хөдлөн ярьж  байтал цэцэрлэгт зугаалах  нэгэн гоё хатагтайг  гэнэт харж дуугүй болов.

Консул энэ хатагтай  Пинкертоны  гэргий болох  тухай Сузукид мэдэгдээд “Энэ бүсгүй хүнлэг сайхан  сэтгэл  гарган Чио Чио Саны хүүхдийг  авч өсгөхөөр шийдсэн” гэв.

Чио Чио  Сан гарч  ирэв. Хайрт нь ирсэн гэдгийг зөнгөөрөө тааварласан бүсгүй, түүнийг  нүдээрээ эрнэ. Шарплес харцаа буруулж, Сузуки уйлсан байлаа. Гэнэт бүх юм тодорхой болох шиг болов.

 Тэд хүүхдийг нь авахаар иржээ. Шарплес эцэгт нь хүүхдийг нь өгвөл өндөр боловсролтой хүн болж өсөхийг Чио Чио Санд хичээнгүйлэн тайлбарлана. Хөөрхий эхийн сэтгэл хямравч өөр зам байхгүйг  бас мэдэж байлаа.

Чио Чио Сан тэднийг нэг цагийн дараа ирж хүүхдээ авахыг хүсээд бүх цонх  хаалга хаахыг Сузукид тушаагаад, суугаа  бурхныхаа өмнө  сөхрөн  сууж  гэмээ наминчлаад хананд  өлгөөтэй хутгыг   авах мөчид үнэнч Сузуки  хүүг нь түлхэн   оруулна.

Эх хутгаа алдан хүүгээ тэврэн энхрийлнэ. Гэвч түүний шийдвэрт юу ч саад хийж чадахгүй болжээ.

…..Дөлгөөн харцаараа хүү минь

     Ээжийгээ сайн хараарай

     Ахиад хэзээ ч уулзахгүй

     Ээжийгээ битгий мартаарай

Сүүлийн удаа  хүүгээ тэврэн  үнсэж өрөө рүү нь оруулаад

           “Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн

           Ариун нэртэй үхнэ “ гэсэн  үг бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорлоно.    

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр