П.И.Чайковский ЕВГЕНИЙ ОНЕГИН

Үнэлэмж
(2 үнэлгээ)
П.И.Чайковский ЕВГЕНИЙ ОНЕГИН

Гурван бүлэг, долоон үзэгдэлт дуурь

 

Ерөнхий мэдээлэл

  • Хөгжим: П.И.Чайковский
  • Цомнол: П.И.Чайковский, К.Шилов нар А.С.Пушкины найраглал
  • Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
  • Найруулагч: Р.И.Тихомиров
  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: И.В.Себастьянов
  • Анх тайзнаа: 1879-3-29
  • Манай тайзнаа: 1963-5-15

 

  • Гол дүрүүд
  • Нэгдүгээр үзэгдэл
  • Хоёрдугаар үзэгдэл
  • Гуравдугаар үзэгдэл
  • Дөрөвдүгээр үзэгдэл
  • Тавдугаар үзэгдэл
  • Зургадугаар үзэгдэл
  • Долоодугаар үзэгдэл

 

 Ларина /газрын эзэн авхай/ (меццо-сопрано) - А.Долгор АЖ
Татъяна /түүний охин/ (сопрано) - Б.Энхнаран 
Ольга /түүний охин/ (меццо-сопрано) - М.Дариймаа СТА 
Онегин (баритон) - Э.Анхбаяр СТА 
Ленский (тенор) - Г.Шижирболд СТА 
Асрагч эх (меццо-сопрано) - Р.Доржхорол СТА 
Гремин /ван/ (бас) - Ж.Бямбажав 
Трике /франц/ (тенор) -Г.Энхболд 
Сумангийн дарга (бас) -Э.Бумхүү СТА 
Зарецкий (бас) -С.Бат-Эрдэнэ 
Гельо -Э.Амарсайн 
Найрал дууны гоцлооч -Д.Эрдэнэ-Очир 
Испани элчин -Б.Мөнхтөр

 

 

Үдэш.  Ларина авхайн эдлэн газар.

Ларина, асрагч Филиппьевнагийн  хамт гэр зуурын ажил эмхлүүлж сууна. Тэдний охид болох Татъяна, Ольга нар мөрөөдлийн романс дуулан зогсоцгооно. Хоёр охины хоршин дуулахыг сонссон Ларина, асрагч эх нар залуу цагаа дурсана. Тариан талбайгаас ургацаа хураасан тариачдын дуулах нь сонсогдох ба тэд уламжлалт наадамдаа бэлдэцгээнэ. Тариачдыг ирэхэд Ларина дуулж бүжиглэхийг хүссэнээр бүгд хөгжилдөн цэнгэнэ.

Тариачид явсны дараа тэдний хөрш зэргэлдээ амьдардаг залуу найрагч Ленский хотоос ирсэн найз Онегины хамт зочлон ирэв. Ленский нь Ольгагийн сүйт залуу бөгөөд Петербургээс тосгонд ирж, багагүй уйдан байгаагаа хөдөөний бүсгүйчүүлд танилцуулна. “Нөгөө Татъяна чинь аль нь вэ?”  хэмээн Онегин Ленскийгээс асуух зуур ичимхий даруу зантай Татъянаг шохоорхон анхаарал хандуулна. Онегины ирсэн явдал Татьянагийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөх бөгөөд тэр хоёр ойр зуурыг ярилцан цэцэрлэгээр зугаална. Ленский ч мөн Ольгад сэтгэлийн үгээ илэрхийлж энэ үдшийг ихэд таатай өнгөрөөхүй асрагч эх бүгдийг оройн зоогонд  урина.

 

 

Татъянагийн өрөө. Шөнө дөл болжээ. Татъянагийн сэтгэлд үргэлж  Онегин бодогдох ба асрагч эхийгээ явуулсны дараа Онегин руу тэмүүлэх хүчтэй мэдрэмж нь түүнийг захидал бичихэд хүргэнэ. Энэ нь Татъянагийн хөдөөний цэвэр, орос охины хиргүй тунгалаг сэтгэлийн  илэрхийлэл байсан бөгөөд өглөө асрагч эхийгээ ирэхэд захидлаа Онегинд дамжуулахыг гуйна.

 

 

Ларинагийн эдлэнгийн ойролцоох цэцэрлэгийн хусан төгөл. Жимс түүж буй бүсгүйчүүдийн хөгжилтэй дуулах нь сонсогдоно. Сэтгэл хөдөлсөн Татъяна, Онегин нарын  уулзалт. Үнэн сэтгэлээ илэрхийлсэн Татъяна, хайр дурлалд туршлагатай Онегины илэн далангүй яриа энэ төгөлд болно. Тэдний хайр сэтгэлийн холбоо аз жаргал авчрахгүй  хэмээн Онегиныг номлоход бүх найдвар нь талаар болсон Татъяна нулимсаа барьж ядан гүйн одно.

 

 

Ларинагийи гэрт Татъянад зориулсан найр болж байна. Найранд хавь ойрын баячууд, залуучууд бүгд цугларсан байх ба хөдөөх амьдралын уйтгараас ангижран цэнгэцгээж байна. Ленский Онегиныг мөн энд дагуулж ирсэн харагдана. Зочид ууж, идэн, хөзөр тоглон дуулж бүжиглэн наргих зуур Онегин Татъянаг урин  бүжиглэнэ. Хүмүүс түүний  тухай элдэв  янзын явган яриа дэлгэхэд Онегин шар нь  хөдөлж дагуулан ирсэн Ленскийг чадахаар шийдэж Ольгагийн хойноос хөөцөлдөж Ленскийгээс холдуулан бүжиглэнэ. Энэ тоглоом нь хөнгөн болчимгүй Ленскийн хувьд шоглоом болон хувирч тэр хоёрын хооронд хэрүүл дэгдэн Ленский Онегиныг үхлийн буудалцаанд  дуудсанаар төгсөнө.

 

 

Цас бударсан ойн цоорхойд болзооны газар. Ленский  Онегиныг  хүлээх зуураа хоромхон зуурын амьдрал, өршөөлгүй хувь заяа, мөн Ольгагийн тухай бодлогоширон дуулна. Онегин ирж буудалцаан эхлэх болсныг мэдэгдэнэ. Тэд найз нөхдийн ёсоор эхлээд тэврэлдэн уулзаад дараа нь буудалцаж, Ленскийн үхлээр төгсөнө.

 

 

Петербургийн нэгэн том ордонд дээдсийн найр болж байна. Удаан хугацаагаар хэрэн тэнэсээр ирсэн Онегин мөн энд ирсэн байна. Цугларагсад ихэд хүндэтгэлтэйгээр нэр цуутай генерал эрхэмсэг ван Гремин болон түүний залуу гэргий хатагтай Татъъяна нарыг угтан авна. Дээдсийн хувцас, гоёл бүхий үзэсгэлэнт Татъянаг таньсан Онегин өөрийн алдааг мэдэрнэ. Татьяна ч түүнийг таних ба санаандгүй учирлаас сэтгэл нь үймрэн бие алжаасан нэрээр найрыг орхихыг нөхрөөсөө хүснэ. Цочирдсон Онегин мөн найрыг орхин явна.

 

 

Греминий гэрт охин насныхаа цайлган дурлалыг санагалзан буй Татъянаг өрөөндөө ганцаараа байх үед гэнэт Онегин орж ирнэ. Онегин урьдын алдаандаа  харамсаж, урьдын сайхан мэдрэмжээ эргүүлэн өгөхийг үнэн сэтгэлээсээ Татъянагаас хүснэ. Эдүгээ хүртэл түүнд хайр сэтгэлээ  өгсөн хэвээр байгаагаа Татъяна мэдэгдэхгүйг хичээн "Би одоо өөр хүнийх болсон, миний хувь заяа шийдэгдсэн, би түүнд үүрд үнэнч" гэсэн товчхон үгээр Онегинд хариу өгөөд орхин гарна. Ганцаар үлдсэн Онегин үнэнч  дурлалын өмнө яаж шившиг болсноо  ойлгон  амаа барин хоцорно.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр