Thursday, 27 November 2014 07:06

Ч.Мөнхзул: Манай дуучдын ур чадвар дэлхийн төвшинд хүрчээ

Munhzull

 

 

 

Дуурийн театрын уран бүтээлчид Оросын алдарт Их театрт тоглолтоо хийсэн. Энэ нь манай сонгодог урлагийн түүхэнд бүрэлдэхүүнээрээ очиж тоглосон анхны тохиолдол юм.Тус тоглолтын тухай дуурийн театрын захирал Ч.Мөнхзултай холбогдож хариулm авлаа.

 

 

-Их театрт тоглолтоо амжилттай тавьсан танай хамт олонд баяр хүргэе. Тоглолт ямар болж өндөрлөв?

 

- “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо амжилттай тавилаа. Биднийг очихоос өмнө тоглолтын тасалбар дууссан байсан.Тоглолтын өдөр тайзнаас харахад нэг ч сул суудалгүй, үзэгчид дүүрэн байсан нь манай тоглолт хэр амжилттай болсныг харуулах баталгаа гэж бодож байна.

 

-Уран бүтээлчдийн сэтгэгдэл хэр байна?

 

-Уран бүтээлчид маань өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Их театрын тайз гэдэг дуучин хүний дуулахыг хүсдэг, мэргэжлийн ур чадварыг нь илтгэж , нэр хүндийн илэрхийлэл болдог учраас тэр байх.

 

-Оросын театрынхан болон үзэгчид манай уран бүтээлчдийг хэрхэн хүлээж авсан бэ?

 

- Их театрын хувьд хоёр орны хамтын ажиллагаа гэдэг утгаар найрсаг хүлээж авсан. Оросын талаас зохион байгуулагчид , Их театрын удирдлага, менежер , тайзны найруулагч , хөтлөгч бидэнтэй харьцаж тусалж дэмжиж байлаа. Мөн үзэгчид сайхан хүлээж авсан. Бүгдээрээ бос ч зогсоод баяр хүргэсэн. Тоглолтын дараа зохион байгуулагчид нь “Яагаад” ийм концерт хийснийг ойлголоо. Ийм дуучдыг ингэж харуулалгүй яахав, гайхалтай байлаа гэж манай уран бүтээлчдэд баяр хүргэсэн.

 

- Их театраас суралцах зүйл нь юу байв?

 

- Их театр бол дэлхийн хэмжээнийх, бидний цаг зав хүрэлцээгүй учир театрыг бүрэн үзэж амжаагүй. Гэхдээ нэг журамтай, хариуцлагатай, театраа хүндэтгэх сэтгэл нь гайхалтай санагдсан. Мэдээж цэвэрхэн , соёлтой , харилцан хүндэтгэлтэй байдал гээд суралцах зүйл байсан.

 

-Дэлхийн хэмжээний том театртай харьцуулахад манай театрын хөгжил ямар байна гэж та дүгнэсэн бэ?

 

-Уран бүтээлчдийн ур чадварын хувьд бид дэлхийн төвшинд байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин театрын тайз, гэрэлтүүлэг, хувцас , дуу , техникийн асуудал үнэндээ харьцуулах аргагүй. Бид “Манай театр” ийм болчихвол сайхан. Долоо биш юмаа гэхэд гурван давхар болчих юмсан, тайзаа томруулж шинэ техникээр тоноглох юмсан, гэж мөрөөдөж ярилцсаар ирлээ.

 

-Их театрын уран бүтээлчдийг буцаагаад урих бодол, төлөвлөгөө байгаа юу?

 

-Манайд Их театрын гоцлол бүжигчид ирж тоглож байсан. Одоо дуучид нь ирж , хамтран ажиллах боломжтой болсон гэж бодож байна.Манай концертод Елена Манистина, Анна Аглатова гэсэн Их театрын хоёр гоцлол дуучин оролцсон юм. ОХУ-н гавьяат жүжигчин Елена Манистина “Намайг уривал би дуртайяа очиж тоглолтонд оролцоно шүү “ гэж хэлсэн.

 

Зууны мэдээ сонин

 

 

935 удаа уншсан
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр