Wednesday, 30 April 2014 07:30

Г.ШИЖИРБОЛД: Ж.ПУЧЧИНИЙН ДУУРЬТ МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ДҮРД ДУУЛАХЫГ МӨРӨӨДДӨГ

ДБЭТ-ын гоцлооч Г.Шижирболдтой ярилцсанаа хүргэе.

-Хэзээ анх дуурь үзэж байсан бэ?

-Өвөрхангайнх болохоор дунд сургуульдаа дуурь үзэж байгаагүй. Гэхдээ дуурийн тухай ойлголттой байлаа. Намайг Соёл урлагийн их сургуулийн хоёрдугаар дамжаанд байхад “Кармен” дуурийг тоглож, манай багш Банди нэгдүгээр үзэгдэлд дуулах болсон юм. Би ДБЭТ руу орж чадахгүй, арын хаалган дээр таньдаг ах, эгч нараа царайчилна. ДБЭТ-ын найрал дууны ангид байсан “Нюанс” хамтлагийн Өнөрөө ах “Хүнд юм хүргээд өгвөл ирэхээр нь оруулж өгье” гэсэн. Явсаар байтал гуравдугаар үзэгдэл нь дуусч, багшийнхаа дуулахыг сонсож чадаагүй. Тэр үед хүүхэд байсан болоод ч тэр үү, юу ч ойлголгүй ангайж байгаад л гарч ирсэн дээ.

-Танай нутгаас дуурийн дуучин төрсөн үү?

-Гоцлооч, меццо-сопрано Доржхорлоо эгч манай нутгийнх. Түүнээс өөр дуурьт гоцолж байсан хүн дуулдаагүй.

-Танай аав Өвөрхангайн Хөгжимт драмын театрын удирдаач, морин хуурч, ээж тань хуучирч гэсэн. Танд хөгжмийн авьяас бий юү?

-Урлагийн гэр бүлд хүмүүжсэн болохоор дуурьт дурласан гэж боддог. Хөгжимдөө маруухан. Манай ах СУИС-д морин хуурчаар сурч байгаад Өвөрхангайн театрт жүжигчин болсон. Гэрийнхэн намайг урлагийн хүн болгох дургүй, “Эдийн засагч ч юм уу, өндөр цалин авдаг мэргэжилтэй болооч” гэж их гуйдаг байсан. Урлагт дэндүү хайртай болохоор яалт ч үгүй дуучин болсон доо.

-Таныг хамтлагт дуулдаг байсан гэж сонссон.

-Дунд сургуульд байхдаа “SIM” нэртэй попера хамтлагтай байсан. Шижирээ, Идэрээ, Мандуул гэсэн нэрийн эхний үсгүүд. Манай үеийнхэн биднийг мэддэг. Одоо ч гэсэн “Сурагчдын хавар” дууг маань төгсөгчид дуулдаг юм билээ.

-Та аль дүрдээ илүү хайртай вэ?

 

-Оюутан байхдаа анх ДБЭТ-т орж ирээд, дипломын ажлаараа Ж.Пуччинийн “Чио Чио сан” дуурийн Америкийн цэргийн дэслэгч Пинкертонд дуулсан. Анхных гэдэг утгаараа тэр дүрдээ дуртай. “Евгений Онегин”-ий Ленскийн дүр надтай адилхан, сэтгэлийн хөдөлгөөнтэй санагддаг.

-Тэгвэл ямар дүрд дуулмаар байна?

-Бүх л тенорын дүрд дуулахыг хүсдэг. Ж.Пуччинийн “Турандот” дуурьт Хятадын гүнж эрэгтэйчүүдээр гурван таавар таалгаж, чадахгүйг нь устгадаг тухай гардаг. Монголын ханхүү Калаф (Хотол цагаан) оньсогыг тааж, монгол эрийн зориг, ухаан, авьяас билгийг гайхуулдаг. Дэлхийн алдартай театрт монгол баатрынхаа дүрд тоглохыг мөрөөддөг.

-Та мөрөөдөлдөө хөтлүүлж амьдардаг уу, эсвэл зорилгынхоо төлөө зүтгэдэг үү?

-Мэдээж мөрөөдлөөрөө жигүүрлэдэг. Зорилго мөрөөдлөөс л улбаатай. Өөрөө хүсэхгүйгээр “Заавал тэгэх ёстой” гэж зорино гэдэг утгагүй.

-Баритон, бас хоолойтой байсан ч болоосой гэж бодож байв уу?

-Би багаасаа л тенор хоолойндоо дуртай байсан.

-Дуулж байхдаа үзэгчидтэй харц тулгарч байсан уу?

-Дүрдээ орчихвол түүндээ л анхаарлаа төвлөрүүлэх учир барагтай бол харц тулгарахгүй. Ари, романс ч гэсэн өгүүлэмжтэй болохоор анхаарал сарних ёсгүй.

-Та олон улсын ямар ямар уралдаанд оролцож байсан бэ?

М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд оролцоод амжилт үзүүлээгүй. ОХУ-ын ардын жүжигчин Л.Л.Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд “Хамгийн сайхан хоолой” шагнал авч байсан. Нас залуу байгаа дээрээ өчнөөн уралдаанд оролцъё гэж боддог. П.И.Чайковский, М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд бэлтгээд эхэлсэн.

-Танай ангийн Амартүвшин гавьяат жүжигчин болоход юу бодогдсон бэ. Цагаахан атаархал төрсөн үү?

-Хөдөлмөрлөөд түүнийхээ үр шимийг хүртсэнд нь баяртай байсан. Мэдээж, адилхан уран бүтээлч учир би ч гэсэн хичээгээд шагнал авахсан гэж бодолгүй яах вэ.

-ДБЭТ-т дуулахаас гадна өөр орлогын эх үүсвэр бий юү?

-Намайг СУИС-д суралцаж байхад дуурийн дуучин болох хүсэлтэй 80 гаруй хүүхэд байсан. Бүгд л ари, романс дуулдаг. Гэтэл ДБЭТ-т Амартүвшин, Алтанхуяг бид гурав л тэнцсэн. Тухайн үед тэнцээгүй хүүхдүүдээс одоо нийтийн дуу дуулаад олны танил болж, амьдрал нь тэс өөр болсон хүн олон. Тэгтэл бид төсвийн цалингаар арай ядаж амьдарч байна. Дуурийн дуучдад хит болсон дуу гэж байх биш, энгийн ард түмэн танихгүй учир найр хуримаар дуулуулах хүн байхгүй. Балетынхан багаасаа л бүжгээр хичээллэж, 10 гаруй жил ажиллаад тэтгэвэрт гардаг. 420 мянган төгрөгийн цалин аваад 10 жил ажиллахад байр худалдаж авч хүрэлцэхгүй биз дээ. Аль ч улсын жишгээс харахад сонгодог урлагаа төрөөс дэмждэг.

-Цалин багатайг нь мэдсээр байж яагаад дуурийн дуучин болсон юм бэ. Эхнэр тань ойлгодог уу?

-Гоё мэргэжил гэж дурлаж л сонгосон. Гэр бүлийн хүн надаар бахархдаг. Гэхдээ бахархлаа, дуртай байлаа гээд яах вэ дээ. Төрөөс урлагийнхныг дэмжээсэй гэж хүсч байна.

-Эхнэртэйгээ хэзээ танилцсан бэ. Балетчдыг шохоорхож байв уу?

-Тийм зүйл ёстой байхгүй. (Инээв) Манай эхнэр СУИС-д дүрслэх урлагийн ангид сурдаг байсан юм. Зураачид ч бас тогтсон орлогогүй, амьдрахад хэцүү учир эхнэр барилгын интерьер дизайнер болсон.

-Зарим хүн одоогийн залуучууд хэтэрхий задгай, хүмүүжилгүй болсон гэж байхад нэг хэсэг нь харин ч соёлтой, боловсролтой гэдэг. Та үеийн залуучуудынхаа тухай бодлоос хуваалцахгүй юу?

-Баярлаж ч чаддаг, ажлаа ч хийдэг, аль алиныг нь амжуулдаг болж.

-Алтан үеийнхний тоглож байсан дуурийн бичлэгийг үздэг байх. Энэ үеийн дуучид тэднээс чадварлаг болсон уу, эсвэл гүйцэхгүй байна уу?

-Тэр үед дуучдыг гаднын сургуульд бэлтгэж, төр засгаас анхаарч, уран бүтээл ч чанартай байсан. 1990-ээд онд сонгодог урлаг уналтад орсон ч одоо цаг үетэйгээ хөл нийлүүлж байна. Залуучууд олон улсын уралдаанд амжилттай оролцож байна. Гэхдээ тэр үеийнхэн шиг авьяастай хүн тоотой хэд. Бид уран бүтээлч талаасаа тэр үеийнхнийг гүйцэхгүй.

-Таны бодлоор сонгодог урлаг бүх хүнд зориулагдсан уу эсвэл мэдрэмжтэй цөөн тооны элитийнх үү?

-Сонгодог урлаг бүх хүнд л нээлттэй. Гэхдээ түүнийг яаж хүлээж авч мэдрэх нь хувь хүний асуудал. Сонгодог урлагийг ойлгохыг хүссэн хэн ч гэсэн судлаад, хичээвэл сонирхлыг нь татна.

-Тэгвэл сонгодог урлагийг ойшоож, сонирхдоггүй хүмүүсийг хараад юу боддог вэ?

-Эзэмшсэн мэргэжлийг минь энэ нийгэмд, бидний үед ойлгохгүй байж болно. Гэхдээ ирээдүйд хөгжинө гэж итгэж байна.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Жүжиг, балет, амьд хөгжмийн тоглолтын алийг нь сонирхдог вэ?

-Уран бүтээлч болохоор энд, тэнд тоглолт үзэхээс илүү өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг. Хааяа жүжиг үздэг.

 

Б.Дөлгөөн/Өнөөдөр/

853 удаа уншсан
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр