Wednesday, 22 January 2014 03:16

Ц.Арюна: Дуурь бол “Хайр”

Дуурь бүжгийн эрдмийн театрын чадварлаг дуучдын нэг Ц.Арюна. Тэрээр Буриадаас ирээд манай Дуурийн театрт хүчин зүтгэж яваа авьяаслаг дуучин билээ. Түүнтэй ярилцахад хөгжилтэй,  аливаа зүйлд их өөдрөг ханддаг нэгэн байлаа. Хэдийгээр бардам эмэгтэй “Кармен”-ы дүрийг бүтээсэн ч миний төсөөлснөөс огт өөр хүн байсан юм. Түүний ярьж байгаа нь ч  энгийн магадгүй манай өөрсдийгөө “Од” гэж нэрлэсэн хэн бүхнээс илүү даруу хүн байсан юм.  Түүнтэй ярилцаад сууж байхад яг л нэг найзтайгаа байгаа мэт сэтгэгдэл төрсөн шүү. “Дуурь бол хайр” хэмээн нэрлэж өөрөө ч хүн хайрлахын төлөө төрсөн гэдэгтээ бат итгэсэн өөртөө итгэлтэй, хөгжилтэй эмэгтэй байсан билээ. Ингээд олон зүйл нуршилгүй түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе.

-Дуурийн урлагийн юу нь гоё юм бэ?

-Би бараг л Дуурийн театрт төрсөн гэж хэлж болно. Манай аав  ээж хоёр маань хоёулаа дуурийн дуучид. Манай аав маань Буриад улсын ардын жүжигчин, баритон хоолойтой дуучин хүн. Одоо хүртэл гоцлол дуучнаар ажиллаж байгаа, Улаан-Үдийн дуурийн театрт. Ээж маань бас дуурийн дуучин, над шиг сопрано хоолойтой. Буриад улсын гавьяат жүжигчин. Манай эгч мөн Буриадын театрын гоцлол дуучин байсан. Хар багаасаа л ихэнх дууриудыг цээжилчихсэн. Багаасаа өөртөө шингээж, дурлаж авсандаа дуурийн урлагийг.  Бүх л урлагаас хамгийн хэцүү нь дуурийн урлаг. Маш өндөр хариуцлагыг дагуулж байдаг. Хэрвээ дуурийг сайн дуулж хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүргэж чадахгүй л бол дуулах хэрэггүй. 

Дуурь бол хайр гэж боддог. Энэ амьдралын эцсийн зорилго бол хайр юм шиг санагддаг. Ихэнх дуурийн сэдэв бол “Хайр” шүү дээ. Тиймээс миний хувьд хамгийн гоё нь хөгжим урлаг сэтгэлийн дотоод хөдөлгөөнөөс гардаг учраас тэр хайрыг үзэгчдэд хүргэх нь л хамгийн гоё нь юм даа.

 

-Танай аав, ээж хоёр чинь таныг Монголд  ажиллаж байгаад дургүйцдэггүй юу? 

-Манай нөхөр Монголын рок попын олон уран бүтээлчтэй хамтарч ажилладаг. Хөгжмийн найруулагч Н.Баярхүү гэхээр хүмүүс андахгүй. Анх оюутан байхдаа ханьтайгаа таарч,  анхны харцаар дурласан гэвэл бараг л буруудахгүй шүү. Ээж аав маань анх Монголд ажиллана гэж сонсоод  дургүй байсан. Ийм жаахан байж яаж танихгүй улсад очих юм гээд их л санаа нь зовж байсан байх. Одоо бол намайг их сайн хүнтэй суусан, хайрлаж яваарай гэдэг шүү. Урлагт зүтгэдэг урлагийн хүмүүс учраас намайг их дэмждэг.

-Та охиныхоо тухай яриач. Таны тоглосон дуурь болгоны нэрийг мэддэг гэсэн. Ээжтэйгээ адилхан дуурийн дуучин болох уу?

-Мишээл маань их ичимхий. Дуурийн дуучин олон хүний өмнө дуулдаг болохоор би ичээд байна аа л гэдэг. Одоо арай л жаахан байна хэрвээ том болоод ирвэл үзэл бодол нь өөрчлөгдөж магадгүй. Охин маань Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурдаг

 

-Дуурийн уран бүтээлчдийг үзэгчид тайзнаас л хардаг шүү дээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын ажилчдын дотоод уур амьсгал ямар байдаг вэ?

-Бид нар чинь адилхан л хүмүүс шүү дээ. Инээхдээ инээж, уйлахдаа уйлж л байдаг. Гэхдээ бид нар хамт байхдаа их хөгжилтэй. Хүмүүс бид нарыг хараад өөрсдөөс нь өөр хүмүүс юм шиг хүлээж авах тохиолдол бий. Гэхдээ би “Од” эсвэл бусдаас өөр гэдэг ойлголтод дургүй. Бас зарим хүмүүс уран бүтээлч гээд бусдаас илүү их зан гаргах нь байдаг. Тийм зүйлд л их дургүй дээ. Бид нар ялгаагүй л хүмүүс. Ажил мэргэжлийн хувьд  үйлчлэгч, дуучин, уран бүтээлч гэхлээр хоорондоо ялгаатай сонсогдох боловч бид нар яг л ялгаагүй төрийн албанд ажилладаг ажилчид шүү дээ. Хийж байгаа ажил нь өөр байлаа гээд хүн байхаа болино гэсэн үг биш шүү дээ.

 

-Хэрвээ нууц биш бол та өөрийн төлөвлөгөөг хуваалцахгүй юу? 

-Тун удахгүй Улаан-Үдэд тоглолт хийх гэж байгаа. Манай театрын уран бүтээлчдийг урьж тоглуулж байгаа. Лауреат дуучид гэж ярьдаг юм даа. Олон улсын наадам тэмцээнээс дандаа шагналт байр эзэлсэн уран бүтээлчид тоглоно. Хоёрдугаар сарын 3-нд очиж тоглохоор болсон. Мөн хоёрдугаар сарын 24-нд АНУ-ын Санфранциско хот руу явах гэж байгаа. Тэнд хоёрдугаар сарын 24-өөс гуравдугаар сарын 1-ийг хүртэл тоглолттой. Нууц хүн мэдэхгүй төлөвлөгөө гэвэл энэ хоёр л байна даа. / Инээв /

Э.ТЭКҮ

665 удаа уншсан
Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр