Мондооны НОРСОНЖАВ

Мондооны НОРСОНЖАВ

Хөгжмийн зохиолч, дуучин, Урлагийн гавъяат зүтгэлтэн

 

/1929-1989/. Завхан аймгийн Сантмаргад сум. Говь-Алтай аймгийн "Алтай" чуулгын найрал дууны багш байхдаа Урлагийн гавъяат зүтгэлтэн /1976-08-04. №178/.

1948-1951 онд цэргийн алба хааж, дараа нь мал маллаж байгаад 1953 онд УХДТ-т дуучнаар орж урлагийн замаа эхэлжээ. Ардын дуу, бүжгийн"Алтай" чуулга, Хилийн ба дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулгад дуучин, найрал дууны багш, уран сайхны удирдагчаар ажилласан байна. УХДТ-ын тайзнаа Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой"-н Балган, С.Гончигсумлаагийн "Үнэн"-ий Гонгор, кино дэлгэцнээ Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн" киноны гол баатар Долингорын дүрийг амжилттай бүтээсэн авъяаслаг дуучин, жүжигчин байжээ. "Эх орны өглөө", "Эхийн сэтгэлээр мялаая" зэрэг магтуу, дан найрал, "Дайчин нөхрийн дуу", "Гурван Тамирын уянга", "Харуул Алтай", "Хилчид", "Ийм нэгэн сэтгэл" зэрэг олон арван дуугаараа олны танил болсон хөгжмийн зохиолч. "Торгуудын магтаал", "Борооны бололтой үүл" зэрэг дууг дуулж олны хүртээл болгожээ. Зохиолынхоо эмхтгэл "Гурван Тамирын уянга" номыг хэвлүүлсэн. "Алтан гадас" одон, ойн хүндэт медалиудаар шагнагдсан.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр